Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Хархнууд машин жолоодож сурчээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын Виржиниагийн Ричмондын их сургуулийн судлаачид анх удаа хархнуудаар автомашин жолоодуулж сургажээ.

Тэд дөрвөн дугуйтай, батарейгаар ажилладаг машиныг харханд зориулж зохион бүтээсэн байна.

Машин дотрох гурван зэс бариул нь урагш явах, баруун, зүүн эргэх үйлдэл гүйцэтгэдэг ажээ. Ийм машинд суусан хархнууд хоол хүнс байгаа цэгт машинаа удирдаж хүрэх ёстой байв.

Гэтэл туршилтад оролцсон зургаан эмэгчин, 11 эрэгчин харх бүгд жолоодох ур чадварт амжилттай суралцаж чадсан байна.

Туршилтыг удирдсан психологийн профессор Кэлли Ламберт энэ талаар “New Scientist” сэтгүүлд мэдээлжээ.

Машин жолоодож сурсныхаа дараа хархнууд илүү сэтгэл ханамжтай, тайван болж байгааг судлаачид тэдний кортикостерон дааврын түвшнийг хэмжиж тогтоосон байна. Гэхдээ алсын удирдлагаар явах бус, зөвхөн өөрсдөө жолоодож явах үедээ хархнууд илүү сэтгэл ханамжтай байжээ.

Энэ даавар нь амьтныг стресстэй, айдас түгшүүртэй нөхцөлд байхад ялгардаг юм байна. Хүмүүс шинэ зүйл суралцаж, өөртөө итгэлтэй болох үед бас ийм үзэгдэл ажиглагдаж, сэтгэлийн таашаал нь нэмэгддэг гэнэ.

Туршилтын үр дүнг хүний тархины үйл ажиллагааг судлах, Паркинсоны өвчнийг эмчлэх шинэ аргыг нээх зэрэгт ашиглах юм байна.

Эх сурвалж: Engadget