Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/27-НД НИЙТЛЭГДСЭН

Бүргэдүүдийн нүүдэл Оросын судлаачдыг өрөнд оруулжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Оросын хэсэг судлаачид Сибирийн бүргэд шувууны нүүдлийн замыг судлахаар байршил тогтоогч төхөөрөмж ашиглажээ.

Бүргэдүүдийн биед суулгасан төхөөрөмж газарзүйн байршлын мэдээллийг тодорхой давтамжтайгаар үүрэн холбооны SMS үйлчилгээг ашиглан судлаачдад илгээх ёстой байв.

Гэтэл бүргэдүүд төсөөлж байснаас хол зам туулж, улсуудын хил дамнан аялснаас роуминг үйлчилгээний тарифаар олон тооны SMS илгээжээ.

Казахстаны нутгаас хэтрэхгүй гэж тооцоолж байсан бүргэд цааш ниссээр Ираны нутгийг дайрсан байна.

Казахстанаас SMS илгээхэд нэг бүр нь 30 цент байсан бол Иранаас илгээхэд 77 цент болж эрс нэмэгджээ.

Ингэснээр шувуу судлаачид үүрэн холбооны төлбөрөө төлж дийлэхгүйд хүрсэн байна.

Өрөнд орсон тэд онлайн сүлжээнд хандивын аян эхлүүлснээр сайн санаатнуудаас 100,000 гаруй рубль ($1,563) цуглуулж чадсан гэнэ. Энэ нь мессэжний төлбөрийг төлөөд бүргэдийн аялалын зардлыг он дуустал хаах хэмжээний мөнгө болжээ.

Үүнээс гадна Оросын MegaFon үүрэн холбооны оператор бүргэдүүдийн Иранд гаргасан зардлыг дааж, цаашдаа тусгай хямд тарифаар үйлчлэх амлалт өгсөн байна.

Бүргэдүүдийн нүүдлийн замыг Оросын Махчин Шувуудыг Хамгаалах, Судлах Сүлжээний вэбсайтаас графикаар харах боломжтой ажээ.

 

Эх сурвалж: The Verge