Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Японы засгийн газрын сайд тойргийн сонгогчдоо бэлэг өгсөн нь илчлэгдэж огцорлоо

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Сар гаруй хугацааны өмнө Японы засгийн газрын худалдааны сайдаар томилогдсон Ишшү Сугавара сонгуулийн хууль зөрчсөн дуулианы улмаас өнөөдөр албан тушаалаасаа огцорчээ.

Ерөнхий сайд Абэ Шинзо сайдынхаа огцрох хүсэлтийг хүлээж авснаа сэтгүүлчдэд мэдэгдээд “түүнийг томилсон хариуцлагаа хүлээнэ” гэж хэлсэн байна. Абэг ерөнхий сайдын албыг хашсан 2012 оноос хойш хугацаанд ес дэх сайд нь ийнхүү огцорч байгаа юм.

“Маш их ажилтай байх үед огцрох болсондоо уучлал гуйж байна” гэж мэдэгдсэн Сугавара өөрийнх нь үйлдэл сонгуулийн хууль зөрчсөн эсэхэд эргэлзэж байгаагаа мөн хэлжээ.

Өчигдөр нийтлэгдсэн Шукан Буншун долоо хоног тутмын сэтгүүлд Сугавара тойргийнхоо сонгогчдод бэлэг өгч байсан баримтыг дэлгэсэн байна.

Тухайлбал тэр нэг дэмжигч нь нас барахад ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, 20,000 иен ($185) дугтуйнд хийж илгээжээ. Нас барсан хүний ар гэрийнхэнд мөнгө өгдөг уламжлал Японд байдаг.

Мөн өөр хэд хэдэн дэмжигчээ нас барахад нь Сугавара эмгэнэлийн цэцэг ар гэрт нь илгээж байсныг дээрх сэтгүүл мэдээлжээ.

Үүнээс гадна сайд тойргийнхоо зарим сонгогчдод амтат гуа, жүрж, загасны түрс зэрэг хүнсний зүйл бэлэглэж байсныг баримтаар харуулсан байна.

57 настай Сугавара хэдийгээр өөрийгөө хууль зөрчсөн эсэхэд эргэлзэж байгаа ч засгийн газрын үйл хэрэгт хэвлэлд гарсан дуулиан саад учруулахгүй байлгах үүднээс огцорч байгаагаа мэдэгджээ.

Тэрээр Япон улс АНУ-тай худалдааны хэлэлцээ хийж байгаа, Өмнөд Солонгостой маргаан зөрчилтэй байгаа энэ үед Абэгийн засгийн газрын чухал түшиг болсон хүмүүсийн нэг байв.

 

Эх сурвалж: Kyodo News