Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын томоохон сайт энтертайнмент мэдээнийхээ сэтгэгдлийг хаахаар болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Өмнөд Солонгосын хоёр дахь том портал сайт болох Daum-ийн энтертайнмент мэдээнүүдэд уншигч сэтгэгдэл бичих боломжгүй болж байгааг тус сайтыг эзэмшигч Kakao компанийн удирдлага өнөөдөр зарлажээ.

Аравдугаар сарын 14-ний өдөр K-pop од Сулли (Sulli) хүмүүсийн бичсэн сөрөг сэтгэгдлүүдээс болж амиа хорлосон нь ийм шийдвэр гаргахад хүргэсэн байна.

Дуучин бүсгүй онлайн орчинд хүмүүсийн бичсэн доромжлол, хараал зүхэл, дайралт довтолгооны улмаас сэтгэл санааны гүн дарамтад ороод байсан гэдэг.

Kakao компанийн co-CEO буюу хамтарсан гүйцэтгэх захирлууд болох Ёо Мин Со, Жо Су Ён нар өнөөдөр компанийнхаа оффис дээр хийсэн хэвлэлийн хурлын үеэр шийдвэрээ танилцуулжээ.

Үүнээс гадна тус компани урлагийн оддын нэрээр хайлт хийхэд тэдний талаарх сөрөг мэдээллүүдийг санал болгохоо зогсоохоор болсон байна.

Хуучирсан ч гэсэн “архи ууж согтуурхсан”, “замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн” гэх мэт сөрөг мэдээнүүд нь зарим хүмүүст тэднийг үзэн ядах сэдлийг өдөөж өгдөг гэнэ.

“Сэтгэгдэл бичих хэсэг бол олон нийтийн дунд эрүүл хэлэлцүүлэг өрнүүлэх анхны зорилготой бүтээгдсэн эд. Гэвч өнөөдөр ямар нөлөөтэй болсныг бүгд мэдэж байгаа” гэж Ёо Мин Со захирал ярьжээ.

Компани дотроо удаан хэлэлцсэний эцэст ийм шийдвэр гаргаж байгаагаа тэд бас хэлсэн байна.

Kakao компанийн шийдвэрийн дараа хүмүүсийн анхаарал Өмнөд Солонгосын хамгийн том портал сайт Naver-т чиглэж байна.

Дөрөвдүгээр сараас эхлэн Naver нь сөрөг агуулгатай сэтгэгдлийг таньж, харуулахгүй байх хиймэл оюуны технологид суурилсан систем гаргасан юм.

Гэхдээ “Cleanbot” нэртэй энэ систем нь одоохондоо тус сайтын мэдээний хэсэгт нэвтрээгүй байгаа бөгөөд зөвхөн Naver Sports, Naver Webtoon үйлчилгээнүүдэд нэвтрээд байгаа ажээ.

 

Эх сурвалж: Korea Times