Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн ариун ууланд сүүлчийн удаа авирахаар жуулчид урт дараалал үүсгэжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Австралийн цөлд оршдог Улуру ууланд хүн авирахыг маргаашаас  буюу Бямба гарагаас эхлэн бүрэн хориглох юм.

Ууланд авирах сүүлчийн боломжоо ашиглахаар олон тооны жуулчид сүүлийн өдрүүдэд урт цуваа үүсгэн дугаарлах болжээ. Нутгийн уугуул Анангу хүмүүс Улуру уулыг ид шидтэй, ариун газарт тооцдог тул олон жилийн өмнөөс жуулчдад хаалттай болгохыг шаардан тэмцэж байв.

2017 онд орон нутгийн  захиргаа тэдний шаардлагыг хүлээн авч, хориглохоор шийдсэн юм. Шашин шүтлэгээс гадна байгаль орчин, хүмүүсийн аюулгүй байдлын асуудал үүнд нөлөөлжээ.

Ууланд авирах хориг өнөөдрийн 16:00 цагаас мөрдөгдөж эхэлнэ.

Цөл дундаас ургасан мэт онцгой содон Улуру уулыг нутгийн уугуул хүмүүс ариун шүтээнээ гэж үздэг.

1950-аад оноос хойш Улуруд авирсан арав гаруй хүн амиа алдсан байна. Хамгийн сүүлд 2018 онд уулын хамгийн эгц хэсэгт авирсан Японы жуулчин осолдож амиа алдсан юм. Улуру нь 348 метр өндөртэй боловч аль ч талаасаа авирахад хэцүү эгц босоо бүтэцтэйгээс гадна хөрс нь нурамтгай. Үүнээс гадна агаарын температур зундаа Цельсийн 47 хэм хүрч халдаг тул авирсан хүмүүс харангадаж, наранд цохиулж амиа алдах тохиолдол байдаг ажээ.

Жуулчдыг авирахад нь туслах зориулалттай гинжэн татлага бэхэлсэн байдаг. Өнөөдөр хориг эхлэхэд уг татлагыг даруй буулгахаар болжээ.

Эх сурвалж: BBC