Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра “Улаанбаатар Элит”-ийн сурагчидтай уулзлаа

ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Тапан Мишра, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Мэдээлэл харилцааны аналист Б.Булганчимэг нар “Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулиар зочилж, ахлах ангийн сурагчидтай уулзалт хийлээ.

НҮБ-ын төрсөн өдрийн угтан зохион байгуулсан энэхүү уулзалтын үеэр Монголд томилогдон ажиллах болоод удаагүй байгаа ноён Тапан Мишра дэлхий ертөнцөд тулгамдаад буй хамгийн чухал асуудал болох уур амьсгалын өөрчлөлт, хүний эрх ба НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтуудын талаар илтгэл тавьж, сурагчидтай сонирхолтой яриа өрнүүлсэн юм.

Сүүлийн 100 жилийн хугацаанд дэлхийн агаарын дундаж температур 0.86 градусаар нэмэгдээд буй. Харин үүний гол шалтгаан нь хүний буруутай үйл ажиллагаа болохыг хэдийнэ тогтоосон. Хэрэв дэлхийн агаарын дундаж температур 2 градусаар дулаарвал манай гараг дээрх хорхой шавжны 18%, ургамал, зүлэгний 16%, сээр нуруутан амьтдын найман хувь устаж үгүй болох эрсдэлтэй гэх тооцооллыг эрдэмтэд гаргаад буй.

Уг нь хүний үндсэн хэрэгцээ бол цэнгэг ус, цэвэр агаар, эрүүл аюулгүй хүнс.

Энэ бүгдийг байгаль дэлхий хүн төрөлхтөнд харамгүй заяасан. Харамсалтай нь хүн төрөлхтөн хөгжих хэрээр байгаль дэлхийгээ сүйтгэж, ариг гамгүй хандсанаас нөөц шавхагдаж, дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт бий болж байна.

Үүнээс үүдэн амьдралын чанарын ялгаа буюу тэгш бус байдал газар авчээ. Зарим хүн хэтэрхий их эд баялагтай байхад зарим нь амьжиргаагаа ч залгуулж чадахгүй ядуу буурай амьдарч байна. Сургуульд сурч, эрдэм боловсрол олж авч чадахгүй сая сая хүүхэд дэлхий дээр байгаа нь үнэхээр шударга бус.

Харин энэ бүх асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг 2015 оны арваннэгдүгээр сард Парис хотноо болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцын 21-р бага хурлаар дэлхийн 195 орны төрийн тэргүүнүүд хэлэлцэн Парисын гэрээ буюу уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг улс орнууд хамтран ажиллах түүхэн гэрээг байгуулж, Тогтвортой хөгжлийн зорилгуудыг баталсан байдаг.

Товчхондоо дэлхийн агаарын дундаж температурын өсөлтийг 2 хэмд хүргэхгүй тул гаргасан Тогтвортой хөгжлийн 17 зорилгыг 2030 он гэхэд хэрэгжүүлэхийн төлөөр улс орон бүр хүчин чармайлт гаргах үүрэгтэй бөгөөд энэ бол дэлхий ертөнцийг аюулгүй, хүн бүрт тэгш хүртээмжтэй болгох төлөвлөгөө юм.

Тиймээс энэ зорилгуудыг улс орон, хүн нэг бүрт таниулах нь юу юунаас илүү чухал байгааг Тапан Мишра онцолсон. Өсвөр насны хүүхдүүд энэ зорилгуудын биелэлтэд өөрийн хувь нэмрээ хэрхэн оруулж болох талаар сурагчидтай санал солилцон ярилцлаа.

Нэгдсэн Үндэстний Байгууллага бол аливаа маргаантай асуудлыг цэрэг зэвсгийн хүчээр бус яриа хэлэлцээгээр шийдвэрлэдэг орнуудыг нэгтгэсэн дэлхийн хэмжээний томоохон байгууллага. Дахин дайн дэгдээхгүй байх үүднээс, улс орнууд асуудлаа хамтран шийдвэрлэдэг байх зорилгоор Дэлхийн хоёрдугаар дайны ялагч тал болох Холбоотнуудын 1945 оны 10-р сарын 24-нд байгуулсан НҮБ 51 гишүүн оронтойгоор үндэс сууриа тавьж байсан бол өдгөө дэлхийн 193 улсыг эгнээндээ нэгтгэжээ.

Иймд жил бүрийн аравдугаар сарын 24-ийг НҮБ-ын өдөр хэмээн улс орнууд тэмдэглэдэг уламжлалтай.

“Улаанбаатар Элит” олон улсын дунд сургуулийн хувьд НҮБ-ын үйл ажиллагааг сурагчдадаа таниулж, олон улсын мэдлэгийг нь өргөжүүлэх ажлыг тогтмол хийдэг бөгөөд 2017 оноос эхлэн Elite International MUN буюу НҮБ-ын загвар хурлыг жил бүр зохион байгуулдаг билээ. 

Энэ жилийн Elite International MUN 11-р сарын 8-10-нд "Climate Reality" сэдвийн хүрээнд англи, монгол, орос, хятад буюу анх удаа дөрвөн хэлээр зохион байгуулагдахаар болоод байгаа. Нийт 500 орчим хүүхэд бүртгүүлснээс 180 хүүхэд шалгаран оролцох эрхээ авсан байна.

Мөн энэ удаагийн EIMUN-нд оролцохоор ОХУ-аас сурагчид ирж байгаа нь EIMUN бүс нутгийг хамарсан арга хэмжээ болон өргөжиж байгаагийн илрэл гэдгийг зохион байгуулагч сурагчид НҮБ-ын Суурин зохицуулагчтай хийсэн уулзалтын үеэр онцлон хэллээ.

ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН 17 ЗОРИЛТ

  1. Ядуурлыг устгах
  2. Өлсгөлөнг зогсоох
  3. Эрүүл мэндийг дэмжих
  4. Чанартай боловсролыг дэмжих
  5. Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах
  6. Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах
  7. Сэргээгдэх эрчим хүчийг нэвтрүүлэх
  8. Эдийн засгийн өсөлт, баталгаат ажлын байрыг бий болгох
  9. Инноваци  болон дэд бүтцийн нэмэгдүүлэх
  10. Тэгш бус байдлыг бууруулах
  11. Ээлтэй хот, иргэдийн оролцоог дэмжих
  12. Хариуцлагатай хэрэглээг дэмжих
  13. Уур амьсгалын өөрчлөлтийн үр  нөлөөг багасгах
  14. Далай, тэнгисийн нөөцийг хамгаалах
  15. Хуурай газрын эко системийг хамгаалах
  16. Энх тайван, шударга ёсыг цогцлоох
  17. Хөгжлийн төлөөх түншлэлийг бэхжүүлэх
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.