Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч өөрийг нь од болгосон найруулагчийн хүүг өндөр албан тушаалд томилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский телевизийн хошин цувралд гол дүр бүтээж олонд танигдсан нь улс төрд амжилт гаргах нөхцөл болсон гэгддэг.

Тэгвэл тэр саяхан “Ард түмний зарц” нэртэй энэхүү бүтээлийн найруулагчийн хүүг эдийн засгийн ахлах зөвлөхийн албан тушаалд томилсныг албаны эх сурвалж баталжээ.

Кэмбрижийн их сургуулийг төгссөн 34 настай эдийн засагч Александр Роднянский анхнаасаа Зеленскийн сонгуулийн ажилд оролцож явсан бөгөөд саяхан түүнийг өндөр албан тушаалд чимээгүйхэн томилсон байна.

Энэхүү чухал албан тушаалын томилгоог Украины ерөнхийлөгчийн алба олон нийтэд зарлаагүй нь сонирхол татаж байгаа юм.

Өөрийгөө улс төрөөс ангид хүн тул Украины нийгэмд шударга ёс, дэг журам тогтоож чадна гэж ярьдаг Зеленский шинэ засгийн газрынхаа хэд хэдэн албан тушаалд найз нөхөд, бизнесийн түншүүдээ томилоод байна.

Гэхдээ тэр шийдвэрээ танил тал харсан хэрэг биш гэж хамгаалдаг.

Роднянскийн аав “том” Александр Роднянский нь Зеленскийг Украин даяар алдартай болгосон цувралын найруулагч бөгөөд цувралыг нийтэд цацсан 1+1 телевизийн сувгийн үүсгэн байгуулагч юм.

1+1 сувгийг сүүлд Зеленскийн ивээн тэтгэгч гэгддэг тэрбумтан Коломойский худалдаж авсан байна. Эцэг Роднянский одоо ОХУ-д амьдардаг юм.

Хүү Роднянский нь зургаан настайдаа Киевээс явж, Германд өссөн бөгөөд сүүлд АНУ, Герман, Британид боловсрол олсон байна. Тэрээр 2009-өөс 2011 оны хооронд эцгийнхээ кино компанид бизнес хөгжлийн албаны захирлаар ажиллаж байжээ.

 

Эх сурвалж: Reuters