Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Гадаадад байгаа монгол иргэдэд туслах сангийн дүрмийг Засгийн газар баталж, төсөв тавигддаг"

ikon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын өчигдрийн чуулганаар Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэн анхны хэлэлцүүлэгт шилжүүлжээ.

Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай  хууль нь 1993 онд батлагдсанаас  хойш  нийт 13 удаагийн нэмэлт, өөрчлөлтөөр 30 орчим заалтад холбогдох өөрчлөлт оруулсан хэдий ч хуулийн зүйл, заалт хоорондын уялдаа холбоо хангалтгүй, нэг мөр ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэлтэй асуудлууд тулгарч байгаа аж. 

2018 оны байдлаар Монгол Улсын 175,687 иргэн 76 улсад байнга оршин сууж ажил хөдөлмөр эрхэлж байгаа гэсэн мэдээлэл байгаа боловч бодит байдал дээр нэгдсэн тоо бүртгэл нь тойм төдий байдаг байна. Учир нь иргэд сайн дураар бүртгүүлдэггүй, албадах ямар ч боломж байхгүй тул хилийн чанадад байгаа тухайн Дипломат төлөөлөгчийн газарт ирж ямар нэг байдлаар төрийн үйлчилгээ авсан иргэдийн тоон  дээр суурилдаг.

Түүнчлэн Дипломат төлөөлөгчийн газар болон Консулын газар байхгүй улсад  оршин суугаа, зорчиж байгаа иргэдийн мэдээлэл байх боломжгүй зэрэг асуудал байсаар байгааг хуулийн төслийн танилцуулгад дурджээ. 

Иймд хилийн чанадад байгаа иргэдийн бүртгэлийн нэгдсэн системийг боловсронгуй болгох,  бүртгэлтэй иргэд, ялангуяа их, дээд сургуульд суралцаж байгаа залуусаа дэмжих, тэднийг шаардлагатай ажлын байраар хангах зорилгоор тэдгээрийн мэдээллийг төрийн болон төрийн бус байгууллагууд, ажил олгогчдод нээлттэй солилцох боломжийг бүрдүүлж, Дипломат төлөөлөгчийн газрыг хилийн чанадад байгаа иргэдээ бүртгэх, Монгол Улсын төрийн үйлчилгээ, нийгмийн хамгааллын бодлогыг Монгол Улсын бүх иргэнд жигд хүртээмжтэй хамруулахад санаачилгатай ажиллах боломжийг бүрдүүлэх нь зүйтэй гэж төсөл санаачлагчид үзжээ. 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Л.Болд нарын зүгээс  гадаад улсад амьдарч байгаа иргэдийн хэдэн хувь нь газар өмчилсөн талаарх дүн мэдээллийг тодруулахын зэрэгцээ хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сангийн үйл ажиллагааны талаар лавлаж байлаа. 

Гадаад улсад амьдарч байгаа 175 мянга гаруй иргэдээс хэд нь газар өмчилсөн талаарх мэдээлэл тодорхойгүй

Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Билгүүн хариултдаа, гадаад улсад амьдарч байгаа 175 мянга гаруй иргэдээс хэд нь газар өмчилсөн талаарх мэдээлэл тодорхойгүй  байна. Хилийн чанадад байгаа монгол иргэдэд туслах сан 2008 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ сангийн дүрмийг Засгийн газрын тогтоолоор баталсан бөгөөд тодорхой хэмжээний төсөв тавигддаг.

Сангийн нийт хөрөнгийн 50 хувийг хилийн чанадад нас барсан монгол иргэдийн шарил, чандрыг эх оронд нь авч ирэхэд зарцуулдаг бол үлдсэн төсвийг гадаадад ял эдэлж байгаа монгол иргэдийг эргэх,  эд хөрөнгөө хаяж гээгдүүлсний улмаас төлбөрийн чадваргүй болсон иргэдийг эх оронд нь буцаахад зарцуулдаг.

Шинэ хуулийн төсөлд сангийн үйл ажиллагааг хуульчилж, хөрөнгө зарцуулах асуудлыг тодорхой заасан байгаа гэж байлаа.

Ингээд Монгол Улсын иргэн гадаадад зорчих, цагаачлах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн үзэл баримтлал болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэхийг хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороонд шилжүүлэв.

 

 

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс