Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

П.Оюунтөгс: Миний шүүгээнд дөрвөн улирлын 35 хувцас бий

Б.Гүнжид, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 25
Зууны мэдээ
Зураг зураг

Цөөн зүйл дээр төвлөрөх, энгийн, бага зүйлээр ихийг бүтээх гэсэн түлхүүр үг  минимализмыг илэрхийлнэ.

Минималист хүмүүс материаллаг зүйл худалдаж авахын  оронд цагаа өөрт хэрэгтэй зүйлд зарцуулахыг эрхэмлэдэг. Тэгвэл минималист хэв маяг Монголд хэрхэн нэвтэрсэн, онцлог, давуу талынх нь талаар Монголын анхны минималист блоггер, стилист П.Оюунтөгстэй ярилцлаа.

-Нэг үеэ бодвол хүмүүс минимализмын талаар ойлголттой болсон. Та монголд минималист хэв маягийг нэвтрүүлсэн анхны хүн. Дэлхийд минимализмын тухай ойлголт хэзээ нэвтэрсэн бэ?

-Үүнийг яг тодорхойлж хэлэхэд хэцүү. Учир нь Минимализм гэж юу вэ? Гээд асуувал ердөө л энгийн амьдралын хэв маяг гэж хэлж болох мэт. Тэгвэл угтаа энгийн амьдралын хэв маяг өмнө нь байж л байсан зүйл болохоос цоо шинэ зүйл биш.

Харин энэ хэв маягийг олон хүн сонирхож, нийгэмд трэнд болсон нь магад гоо зүйн таашаал буюу загвар дизайн, урлагт уг хэв маяг орж ирснээр олон хүний сонирхлыг татаж, аливаа зүйл энгийн байхдаа ийм гоё харагдаж болдог юм байна гэсэн санааг хүн бүрт нүдээр харуулж эхэлсэнтэй холбоотой юм болов уу.  Тиймээс зарим хүн шинээр бий болсон зүйл мэт ойлгож байгаа байх. 

Хүн бүр өглөө юу өмсөх вэ гэсэн асуулттай нүүр тулдаг.

Сонгоод өмсье гэхээр юу ч байхгүй. Харин угаах гэхээр олон хувцас гарч ирдэг. Хүнд олон тооны эд хэрэглэл байна гэдэг нь наанадаж сонголт хийхэд эргэлзээ үүсэж улмаар шийдвэр гаргахад төвөгтэй болж эхэлдэг. Өөр жишээ гэвэл ширээн дээр байгаа хэтэрхий олон зүйл өөрийг нь бухимдуулахад тодорхой хэмжээний нөлөөтэй байна гэдгийг анзаардаггүй.

Гэвч бид цаанаа энэ ширээг л нэг цэгцэлчих юмсан гэсэн сэтгэлийн уяатай яваад байдаг. Жижиг гэлтгүй энэ мэтчилэн материалд уягдаж, ямар нэг зүйл цэвэрлэх ёстой, цэгцлэх хэрэгтэй гэсэн хүлээсээс болж бидний өдөр тутмын сэтгэлзүй тодорхой хэмжээгээр тайван байдлаа алдаж байдаг.

Минималист байна гэдэг бүх зүйл энгийн ойлгомжтой байна гэсэн үг. Идэж уух нь хүртэл олон сонголттой байхаас илүү өөрт  хэрэгтэй хүнсийг хэрэглэнэ гэх мэт бусад зүйл рүү хөрвүүлэн ойлгож болохоор санагддаг юм. 

-Энгийн байх нь аз жаргал бэлэглэдэг гэлээ. Гэхдээ эмэгтэй хүн дэлгүүр хэсэж байгаад гоё хувцас хараад авч чадахгүй болохоор сэтгэл дундуур байдаг шүү дээ?

-Эмэгтэй хүн нүд булаасан, гоёмсог цамц, гутал харчихаад тэрийгээ авахгүй бол сэтгэл дундуур байх үе бий. Гэхдээ тэр цамцаа худалдаж аваад долоо хоног өмссөний дараа яг анхных шигээ шинэ мэдрэмж өгсөөр байдаг билүү.

Материаллаг зүйл гэдэг ийм богино настай, хүний сэтгэхүйд үзүүлэх нөлөөлөл нь үүрд шинэ хэвээрээ байдаггүй. Хувцас, эд зүйлс хүнд урт хугацаанд аз жаргал бэлэглэдэггүй учраас хүмүүс минимализм буюу энгийн амьдралын хэв маягийг сонгоод байгаа юм.

Цаашлаад эд материалаас авах шинэ мэдрэмжийг биет бус зүйл рүү шилжүүлж амьдрах хэв маягаа өөрчлөн адал явдал эрэлхийлж, шинэ зүйлсийг турших нь эцэстээ бидэнд дурсамж болж үлддэг. Товчдоо бол эд материал хуучирсны дараа хог болдог бол дурсамж хуучрах тусмаа үнэ цэнэтэй болдог шүү дээ. 

-Минималист болоход эхэндээ хэцүү байх юм шиг санагддаг?

-Танай гэр бүлд яг таны эзэмшилд байдаг эд зүйлсээс тоо ширхгийн хувьд хувцас хамгийн олон тоогоор байдаг. Тиймээс энэ алхмаас эхлэх нь олон талаараа давуу талтай. Тоо ширхгийн хувьд ч, сэтгэл санааны хувьд ч аль алинд нь бодит үр дүн авчрахаас гадна их сонирхолтой байдаг. 

Миний хувьд имижээ  өөрчлөхийн тулд олон бүтэлгүй туршилт хийж байсан. Минималист болохоос өмнө олон хувцастай л байвал загварлаг гэж бодож, юу ч хамаагүй авч өмсдөг байлаа. Тэгвэл юу ч хамаагүй авсан хүний шүүгээ ямар замбараагүй байх нь ойлгомжтой.

Шүүгээнийхээ өмнө удаан зогсож цаг үрдэг байсан учир заримдаа яарсан үед гарт баригдсанаа өмсөөд гарна. Гэтэл ач холбогдол өгөхгүйгээр тааралдсан хувцсаа өмсөөд гарахаар өдөржин  сэтгэл тавгүй, өөртөө итгэлгүй.  Гэтэл дэлхий нийтээрээ энгийн амьдралын хэв маяг руу шилжиж байгааг  уншаад туршиж эхэлсэн. Шийдвэрээсээ буцаж эргээд хувцас цуглуулж эхэлсэн үе ч байлаа.

Гэвч яг тэр өдрийн маргаашаас эхлээд дахиад л шүүгээний урд зогсож эхэлсэн. Тэгэхээр та минималист болохоор сонирхож байгаа бол энэ хэв маягийг сонгох шалтгаан нь танд хэр чухал вэ гэдгийг сайн бодох хэрэгтэй. Учир нь хаяж байгаа, ялгаж байгаа эд хэрэглэл бүхнийг бид мөнгөөрөө л худалдаж авсан.

Гэвч тэр их “мөнгийг” сэтгэл хөдлөлөөрөө хаячихаад дахиад л худалдан авалт хийх шиг утгагүй зүйл байдаггүй юм билээ. Тиймээс анхны шийдвэрээ сайтар бодож алхам хийвэл хэцүү зүйл бараг байхгүй байх.

-Стилиэ өөрчлөхийг хүссэн олон эмэгтэй тань дээр ирдэг байх. Тэдэнд  хамгийн түрүүнд юу гэж зөвлөдөг вэ?

-Хүмүүс намайг стилист талаас нь хараад  хамт явж байхдаа олон хувцас авна гэдэг. Харин би хоорондоо хосолдог цөөхөн хувцас авахыг зөвлөдөг.

Гэвч тэр цөөхөн хувцас нь хоорондоо хосолдог хайлгахын тулд эхлээд имиджийг тодорхойлох хэрэгтэй. Тэгж байж ямар өнгө, хэлбэр загвар сонгох нь тодорхой болохын сацуу бүх хувцас руу харах шаардлагагүй болдог. Тиймээс бүсгүйчүүддээ эхлээд өөрийнхөө хэв маягийг тодорхойл, дараа нь худалдан авалт хийх эсвэл шүүгээгээ цэгцэл гэж зөвлөдөг. 

Эмэгтэй хүн гэдэг толинд харагдаж байгаа өөрийгөө өөрөөр хараад эхлэхээр амьдралдаа өөр олон алхмууд хийх зоригтой болдог юм шиг санагддаг. Учир нь надтай ажиллаж байсан бүсгүйчүүдээс зөвхөн имижээ өөрчилснөөс хойш амьдралд нь олон зүйлс өөрчлөгдсөн жишээнүүдийг би мэднэ. Тиймээс би бүсгүйчүүдийг өөрчлөлтөд уриалах дуртай байдаг юм. 

-Эд зүйлсийнхээ тоог цөөлөхөөс гадна оюун санааны минималист гэж байдаг уу?

-Хүний сэтгэл ямар нэг зүйлд ханадаггүй. Өөрийгөө олоогүй, юунд дуртайгаа мэддэггүй болохоор юу ч хамаагүй авах гээд байдаг. Эд материал руу дайрахаас өмнө өөрийн оюун санааг цэгцлэх хэрэгтэй.

Үгүй бол хүн юунд дуртайгаа мэдэхгүй учир юуг өөртөө үлдээхээ мэдэхгүй болно. Зарим хүн өөрт хэрэг болдоггүй  боловч хүнд заавал байх ёстой зүйл гэж бодоод худалдаж авдаг. Тиймээс эхлээд өөртэйгөө ажиллах нь чухал гэж боддог. Тэгж байж таны алхмууд үр дүнтэй болно. Учир нь би өөрөө олон удаа сэтгэл хөдлөлөөр хандаж, алдаж байсан болохоор эхлээд төлөвлөх нь чухал гэдгийг сайтар ухаарсан гэх үү дээ. 

Материаллаг зүйлийнхээ хэрэглээг хязгаарлаж чадвал өөр шинэ хаалга нээгддэг мэт санагддаг. Жишээ нь 300 мянгаар гутал авах эсвэл  тэр мөнгөөрөө ямар нэг сургалтад суух хоёрын хооронд их ялгаа бий. Дараа өвөл тэр гутлаа харахад  гоё санагдахгүй. Харин танд ямар нэг ур чадвар нэмэгдэнэ гэдэг таныг улам өөдөө тэмүүлэхэд хэрэг болно уу гэхээс хог болохгүй болов уу.

-Таны шүүгээнд хэдэн хувцас байгааг сонирхож болох уу?

-Миний шүүгээнд дөрвөн улирлынх нийлээд 35 болсон байна. Гэвч энэ дунд бас яг байнга өмсдөггүй, эсвэл тухгүй гутал гэх мэт зарим зүйлс байна. Эдгээрийг хасвал 27 болж байсан. 

-Минималист хэв маягаасаа хэзээ ч буцахгүй юу?

-Өнөөдрийг хүртэл хэрэггүй зүйлс цуглуулахын ид шидийг мэдрээгүй. Харин одоо хэрэгтэй цөөн зүйлтэй байх хэчнээн амар болохыг мэдрээд явж байна. Тиймээс буцах шалтгаан улам л үгүй болж байна гэж болох байх. Ямар ч байсан одоохондоо бүх зүйл сайхан, сонирхолтой байна.

-Таны гэр бүлийнхэн бас минималист уу?

-Манай ээж намайг юу хийдэг, юу ярьдгийг  мэддэг ч юм хаях дуртай биш. Шил байсан ч  өргөст хэмх дарна гээд далд хийдэг хүн. Гэхдээ ээждээ  энийгээ ингэ, тэрийгээ тэгээч ээ гэж  хэлдэггүй. Учир нь хүн бүрийн хэв маяг, таашаал авах өнцөг өөр. Тиймээс би хүн бүрт минималист болохыг тулгадаггүй. Харин  сонирхож байгаа хүнд нь мэдэх чадах бүхнээ зөвлөж, ярьж, бичээд явж байна.

Гэхдээ болж өгвөл олон хүнд энэ хэв маягийг сурталчлахыг хүсдэг. Учир нь би өөрөө энэ хэв маягийн үр өгөөжийг мэддэгээс гадна энэ эд материалын замбараагүй хэрэглээ хувь хүний санхүүгээс эхлээд байгаль дэлхийн хор хөнөөл хүртэл яривал маш олон асуудал байгаа учир болж өгвөл минималистуудыг олон болгох тал дээр чадах бүхнээ хийх болно. 

Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.