Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/25-НД НИЙТЛЭГДСЭН

"Цэцэрлэгт хамрагдаагүй хүүхдүүд Өрхийн эмнэлэгтээ хандан томуугийн вакцин хийлгэх боломжтой"

А.Намуун, iKon.mn
2019 оны 10 сарын 25
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн Эрүүл мэндийн газраас улирлын томуугийн эсрэг вакцинаар дархлаажуулах ажлыг Өрхийн эрүүл мэндийн төв болон дүүргийн Эрүүл мэндийн төв, нийслэлийн цэцэрлэгүүдэд зохион байгуулж байгаа билээ.

Тодруулбал,  Улирлын томуугийн эсрэг вакцинаар нийслэлийн хэмжээнд зорилтот бүлгийн, ялангуяа цэцэрлэгийн насны хүүхдийг түлхүү хамруулахаар төлөвлөсөн бөгөөд эрсдэлт бүлгийн хүн ам /жирэмсэн эмэгтэйчүүд, 65-аас дээш насныхан, архаг суурь өвчтэй/, эрүүл мэндийн ажилтныг тархвар судлалын заалтаар дархлаажуулж байгаа юм.

Томуугийн дархлаажуулалт хэзээ дуусах талаар нийслэлийн Эрүүл мэндийн газраас тодруулахад "Энэ сарын 17-ны өдөр дархлаажуулалтын 10 хоног дууссан ч улирлын томуугийн дархлаажуулалт нь явагдсаар байна.

Дархлаажуулалтад хамруулах ёстой хүмүүсийн дийлэнх хувийг эхний ээлжид ирсэн вакцинаар хамруулж дуусаж байна. Арваннэгдүгээр сард дараагийн ээлжийн вакцин ирэхээр ч дархлаажуулалтыг үргэлжлүүлэн зохион байгуулна.

Энэ жилийн хувьд томуугийн өвчлөлд ихэвчлэн өртдөг цэцэрлэгийн насны хүүхдүүдийг түлхүү хамруулж байгаа юм.

Тиймээс цэцэрлэгт хамрагдаж чадаагүй, гэртээ байдаг хүүхдүүд харьяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан, дархлаажуулалтад хамрагдах боломжтой" гэлээ.

Өчигдрийн байдлаар нийт 87,036 хүн дархлаалуулалтад хамрагджээ. Тэдгээрийн 7,103 эрсдэлт бүлгийн хүн, цэцэрлэг болон асрамжийн төв, эрсдэлт бүлгийн 73,199 хүүхэд, 5,666 эрүүл мэндийн ажилтан байсан бол үлдсэн 1,068 хүн нь сайн дурын дархлаажуулалтын кабинетаар үйлчлүүлсэн аж.