Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Чилийн ерөнхийлөгч уучлалт гуйсан ч иргэдийнхээ тэмцлийг зогсоож чадсангүй

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн тэгш бус байдал, амьжиргааны өртөг нэмэгдэж байгааг эсэргүүцсэн Чили улсын иргэдийн тэмцэл өчигдөр зургаа дахь өдрөө үргэлжиллээ.

Мягмар гарагийн орой Чилийн ерөнхийлөгч Себастьяан Пинера ард түмнээсээ уучлалт гуйсан ч нэмэр болсонгүй. Тэрээр улс оронд нь олон жил хуримтлагдсан нийгэм, эдийн засгийн хүндрэлүүд байгааг хүлээн зөвшөөрч, тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлж, эрүүл мэндийн даатгалыг сайжруулан эрчим хүчний үнэ тарифыг тогтвортой байлгахаа амласан юм.

Гэвч Пинерагийн үг иргэдийг тайтгаруулаагүй бөгөөд маргааш нь нийслэл Сантьяго хотын төвд тэмцэгчид цагдаа нартай дахин мөргөлдөөн үүсгэжээ.

Лхагва гарагт Чили даяар гурван хүн амь үрэгдсэнээр өнгөрсөн өдрүүдэд амиа алдсан хүмүүсийн нийт тоо 18 хүрсэн байна.

Нийслэл Сантьяго хотод хөл хорио тав дахь өдрөө үргэлжилж, сургуулиудын хичээлийг Баасан гараг хүртэл цуцалжээ.

18 сая орчим хүн амтай Чили улс нь Латин Америкийн хамгийн өндөр хөгжилтэй, баян чинээлэг улсуудын нэгт тооцогддог. Гэхдээ орлогын тэгш бус байдлаар дэлхийд дээгүүрт бичигддэг юм.

Чилийн ажилчдын бараг гуравны нэг нь амьдралаа залгуулахын тулд давхар ажил хөдөлмөр эрхэлдэг гэсэн тоо бий. Тиймээс баян хоосны ялгааг тэвчихээ больсон иргэд Чилид 1990 онд төгсгөл болсон генерал Августо Пиночетын дэглэмээс хойш хамгийн том үймээн самууныг дэгдээгээд байна.

 

Эх сурвалж: CNN