Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Малын хулгайн гэмт хэрэгт 3-8 жилийн хорих ял, хулгайн мал, мах худалдвал торгууль оногдуулах хуулийн төсөл

ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы хуралдаанаар Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.

Мал сүргийг гэмт халдлагаас хамгаалж, мал хулгайлах гэмт хэргийн эсрэг тууштай тэмцэх, гэмт хэргийн шалтгаан нөхцлийг судлаж, урьдчилан сэргийлэх нь Эрүүгийн хуулийн нэг зорилт бөгөөд уг хуульд “Мал хулгайлах” гэмт хэргийг “Хулгайлах” гэмт хэргээс ялган ойлгож, 17.12 дугаар зүйлээр тусгайлан зохицуулж байна. 

Дээрх 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын малыг хулгайлсан бол хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ”, 17.12 дугаар зүйлийн тайлбарт “Энэ зүйлд заасан “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно” гэж тус тус заасан. Ингэснээр “олон тооны мал”-д тооцох хэмжээний мал хулгайлаагүй тохиолдолд хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоох, улмаар мал хулгайлагчдад хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг  чангатгах шаардлагатай байна.

Түүнчлэн хуулийн 17.12 дугаар зүйлд мал хулгайлах гэмт хэрэгт хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан ял шийтгэл оногдуулах асуудал тодорхой хуульчлагдаагүй тул малчин өрхийн болон мал бүхий иргэдэд учирч буй хохирол, хор уршгийг тооцох аргачлал, гэмт этгээдэд оногдуулах ял, шийтгэлийг оновчтой тогтоох зорилгоор хуульд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ. 

Иймд Улсын Их Хурлын гишүүн Х.Болорчулуун нарын 24 гишүүнээс 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн байна. Хуулийн төслийг дагалдуулан Зөрчлийн тухай хуульд гарал үүслийн гэрчилгээгүй мал, махыг худалдан авч, дамжуулан худалдсан этгээдэд хариуцлага тооцох зэрэг асуудлаар нэмэлт оруулах аж.

Хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг Хууль зүйн байнгын хороо 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцсэн байна. Хууль санаачлагч нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлд “олон тооны мал” гэж хорин дөрвөн бог, найман бодоос дээш малыг ойлгоно. Богийг бодод шилжүүлэхдээ нэг бодыг гурван богоор тооцно гэж заасан нь хохирогчид учирсан эдийн засгийн бодит хохирлыг үл тооцон хөнгөн хэлбэрийн хариуцлага хүлээлгэх боломжтой байгаа тул дээрх тоон үзүүлэлтийг зохистой хэмжээнд хүртэл бууруулан тогтоож, малын хулгайн гэмт хэрэгт хүлээлгэх ял, шийтгэлийн бодлогыг чангатгах нь энэ төрлийн гэмт хэрэгтэй тэмцэх оновчтой зохицуулалт болно гэж үзэж хуулийн төслийг боловсруулсан.

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзжээ. 

Төсөл санаачлагчийн илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, төсөл санаачлагчид болон Байнгын хорооны дарга, салбарын сайдаас хариулт, тайлбар авч, чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 62.5 хувь нь хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.



Хулийн төслийн танилцуулга:

ЭРҮҮГИЙН ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“2.Энэ гэмт хэргийг:

2.1.олон тооны мал хулгайлж;

2.2.бусадтай бүлэглэж;

2.3.галт зэвсэг, тусгайлан бэлтгэсэн тоног хэрэгсэл, зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж;

2.4.Малын генетик нөөцийн тухай хуулийн 4.1.7,  4.1.9-д заасан малыг хулгайлж үйлдсэн бол гурван жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.”

2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь тайлбарын “хорин дөрвөн бог, найман бодоос дээш” гэснийг “таван бог, нэг бодоос дээш” гэж, “нэг бодыг гурван богоор” гэснийг “нэг бодыг таван богоор” гэж тус тус өөрчилсүгэй. 

3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл” гэснийг хассугай. 

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.