Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын засгийн газар харь гарагийн амьтныг нууж байгаа гэх онолыг Эдвард Сноуден няцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засгийн газар нууц архивтаа харь гарагийн олзлогдсон амьтныг агуулж байгаа гэсэн цуурхал дэлхий даяар хүчтэй тархсан байдаг.

Саяхан ийм онолд итгэгч хэсэг хүмүүс Невадагийн цөлд орших “Area 51” гэгддэг цэргийн бааз руу нэвтрэх төлөвлөгөө хүртэл боловсруулж байв.

Тэгвэл ОХУ-д дүрвэн амьдарч байгаа “шүгэл үлээгч” Эдвард Сноуден энэхүү онолыг няцаасан байна. Тэрээр 2013 онд АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Агентлаг, Тагнуулын Төв Газарт гэрээт ажилтан байхдаа засгийн газрын бусдыг тагнаж чагнах нууц хөтөлбөрийн талаар мэдээллийг нийтэд цацаж алдаршсан юм.

Сноуден энэ үйлдлийнхээ төлөө эх орноосоо урвасанд буруутгагдаж, өнөөдрийг хүртэл ОХУ-д толгой хоргодож байгаа.

Өчигдөр тэр “The Joe Rogan Experience” подкаст нэвтрүүлэгт Оросоос онлайнаар оролцож хөтлөгчийн асуултуудад хариулсан юм.

“Тэнд харь гарагийнхан байгаа гэдэг яриа үнэн байгаасай гэж бодож байгааг чинь мэдэж байна. Гэвч тагнуул, батлан хамгаалахын бүх нууц мэдээлэлд ханддаг байхдаа би энэ тухай ямар ч баримт олоогүй” гэж Сноуден ярьжээ.

Гэхдээ хэн ч мэдэхээргүй, нэвтрэх боломжгүй чанд нууц орчинд баримт хадгалагдаж байхыг үгүйсгэхгүй гэж тэр бас хэлсэн байна.

Сноуден өнгөрсөн сард хэвлэгдсэн дурсамж номондоо “Миний мэдэж байгаагаар харь гарагийнхан дэлхийтэй, тэр дотроо АНУ-ын тагнуулынхантай хэзээ ч холбогдож байгаагүй” гэж бичсэн юм.

Өчигдөр ярихдаа Сноуден хүмүүсийн дунд өргөн хүрээнд яригддаг өөр бусад хуйвалдааны онолуудад няцаалт өгсөн байна. Тухайлбал түүний олж авсан мэдээллээр бол АНУ-ын сансрын нисэгчид саран дээр буусан нь хөдөлшгүй үнэн, манай дэлхийд уур амьсгалын өөрчлөлт явагдаж байгаа нь худлаа биш гэнэ.

 

Эх сурвалж: Business Insider