Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Армандо Торрес: Одоогоор Оюутолгой төслийн санхүүжилтэд саарал жагсаалттай холбоотой нөлөөлөл үүсээгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлан танилцуулах үеэр “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

- Саарал жагсаалтад манай улс орсон нь Оюутолгойд ямар нэгэн байдлаар нөлөөлөх үү?

- Өнөөдрийн байдлаар Оюутолгой төслийн санхүүжилтэд ямар нэгэн байдлаар саарал жагсаалттай холбоотой нөлөөлөл үүсээгүй байна. Яагаад гэвэл Оюутолгойн төслийн санхүүжилт нь Рио Тинтогоос баталгаажсан олон улсын санхүүгийн корпорацуудтай тохирсон бүтэц санхүүжилтийн зарчмуудын дагуу явагдаж байгаа тул хэвийн үргэлжилж байна.

Нэг зүйлийг тодруулахад гүнийн уурхайн төслийн нийт зардал анх 5.3 тэрбум ам.долларын өртөгтэйгөөр батлагдсан байдаг. Нэмж тухайн үед 4.4 тэрбум ам.долларыг санхүүжүүлэгч талуудаас төслийн санхүүжилт босгож байсан.

Үүний цаана үлдэж байгаа зөрүү нэмэлт санхүүжилтийг босгох чиглэлээр манай компаний хувьцаа эзэмшигч нар яриа хэлэлцээр хийж байгаа. Энэ яриа хэлэлцээр дуусаж, нэмэлт санхүүжилт тодорхой болохоор зах зээлийн сонирхлыг мэдэх боломж үүснэ. 

- Чулуулгийн хагарал үүссэнтэй холбоотойгоор нарийвчилсан үнэлгээг хэзээ гаргах вэ?

- Өнгөрсөн долоодугаар сард одоогоор ашиглаж буй зураг төслийн дагуу гүний уурхайг үргэлжлүүлэхэд хөрс чулуулгийн байдал тохиромжгүй, улмаар эрсдэл үүсэх нь геотехникийн нэмэлт нарийвчилсан мэдээллээс тодорхой байгаа тул төслийг амжилттай дуусгахын тулд уурхайн зураг төслийн хэд хэдэн хувилбарыг эргэн авч үзэх хэрэгтэй болсон талаар хэлж байсан.

 Гүний уурхайтай улс орнууд, гүний уурхайн төсөл хэрэгжүүлдэг компаниудад учирдаг түгээмэл хүндрэлийн нэг бол геотехникийн ан цав, хагарлууд байдаг. Үүнийг урьдчилаад газрын гадаргаас өрөмдлөг хийж эхлэхдээ уурхайн зураг төсөлд оруулах боломжгүй байдаг.

Газрын гүндээ очоод хүдрийн биетийнхээ доор хүрснийхээ дараа хөндлөн өрөмдлөгүүдийг хийснээр газрын гүн дэх ан цав, хагарлыг нарийвчлан тогтоох боломж бүрддэг юм.

Гэхдээ бид эхний ээлжид газрын гадарга дээрээс босоо өрөмдлөгүүдийг хийж, газрын гүнд хүрсэн болохоор ан цав, хагарлыг олж тогтоосон. 1,000 орчим дээжийг цуглуулж, дэлхийн шилдэг мэргэжлийн экспэртүүдтэй хамтран гүний уурхайн зураг төслийг ан цав, хагаралтай уялдуулан шинээр тооцох ажлыг хийгээд явж байна. Энэ нь хамгийн урт хугацаанд ажиллах, аюулгүй, бүтээмж өндөртэй уурхай байх боломжийг бүрдүүлнэ.

Иймд зураг тооцооллын ажлууд үргэлжлэн явагдаж байгаа бөгөөд бид гүний уурхайн төслийг гүйцэтгэх зардал, хуваарийн эцсийн тооцоолол болох нарийвчилсан үнэлгээ 2020 оны хоёрдугаар хагаст бэлэн болно.