Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Оюу толгой” компани 2019 оны эхний гурван улиралд $329 саяыг үндэсний худалдан авалтад зарцуулжээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

“Оюу толгой” компани 2019 оны гуравдугаар улирлын гүйцэтгэлийн тайлангаа өнөөдөр танилцууллаа.

2019 оны эхний гурван улирлын байдлаар баяжмал дахь зэс 113,400 тонн, алт 217,500 унцийг олборлосон байна. 

Зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй

"2019 оны нэг болон хоёрдугаар улирлын үйлдвэрлэлийн тайланд тусгасны дагуу зэс, алтны дундаж агуулга уурхайн төлөвлөгөөний дагуу үргэлжлэн буурах төлөвтэй байна.

Агуулга өндөртэй олборлолтын үе шат 4А дахь олборлолт дуусч, төлөвлөгөөний дагуу 4B үе шат болох  бага агуулга бүхий овоолгыг хүдрийн гол эх сурвалж болгож байна. Агуулга багатай хэсэгт олборлолт явуулах болсноос гадна аравдугаар сард хийх баяжуулах үйлдвэрийн төлөвлөгөөт засварыг есдүгээр сард хийснээс үүдэн тээрэмдсэн хүдэр бага байснаас боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх улирлынхтай харьцуулахад бага байсан" гэдгийг “Оюу толгой” компанийн гүйцэтгэх захирал Армандо Торрес танилцуулгын үеэр хэллээ. 

 Гүний уурхайд нийт 1,385 метр хөндлөн малталт хийжээ

Харин гүний уурхайн төслийн хувьд Оюу толгойн гүний уурхайн хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил нь дууссан байна. 

Үүнээс гадна тус улиралд дулаан хангамжийн холбогдох бүтцүүд, хоёрдугаар босоо амны хацарт бутлуурын систем болон чулуулаг тээвэрлэх дамжуулга амжилттай дуусаж, гүний уурхайн хөндлөн малталт хурдацтай урагшлан өнгөрсөн есдүгээр сард нийт 1,385 метр хөндлөн малталт хийсэн нь тус улирлын онцлох зүйл болжээ. 

2019 оны гуравдугаар улирлын үйлдвэрлэлийн тайлангийн тухайд: 

  • 28,446 тонн зэс олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 27.8 хувиар бага
  • 25,607 унци алт олборлосон нь 2018 оны гуравдугаар улиралтай харьцуулахад 66.8 хувиар бага
  • Боловсруулсан хүдрийн хэмжээ өмнөх оны мөн үеэс дөрвөн хувиар илүү, харин өмнөх буюу хоёрдугаар улирлынхаас 3.4 хувиар буурсан байна.

Ийнхүү буурахад гуравдугаар улирлын үйл ажиллагааны гүйцэтгэл сайн байсан ч баяжуулах үйлдвэрийн түр зогсолт буюу төлөвлөгөөт засвар үйлчилгээг аравдугаар сараас есдүгээр сар руу шилжүүлсэн болон олборлолтын 4B үе шатны хатуулаг өндөртэй хүдрийг төлөвлөснөөс илүү ашигласан зэрэг нь нөлөөлсөн байна. 

Түүнчлэн “Оюу толгой” компани 2010 оноос 2019 оны гуравдугаар улирал хүртэлх хугацаанд үндэсний худалдан авалтад гурван тэрбум ам.доллар зарцуулсан бол мөн хугацаанд Өмнөговь аймгийн ханган нийлүүлэгчдээс авсан бараа, үйлчилгээ худалдан авалтдаа 523 сая ам.доллар зарцуулжээ.  

2019 онд 161 сая ам.долларыг төсөвт, 85.5 сая ам.долларыг төлсөн байна

"Оюу толгой" компанийн татварын багийн ахлах М.Бямбасүрэн "“Оюу толгой” компани Монгол Улсын Засгийн газарт 2010-2019 оны гуравдугаар улирлын байдлаар 2.5 тэрбум ам.долларыг татвар, хураамж болон бусад төлбөрт төлсний дотор 2019 онд 161 сая ам.долларыг төсөвт, 85.5 сая ам.долларыг харилцагчдын НӨАТ-д тус тус төлсөн" гэв. 

Оюутолгойн 2019 оны гуравдугаар улиралд хийгдсэн онцлох ажлуудаас дурьдвал: 

  • Оюу толгойн үйл ажиллагааны цөм болсон гүний уурхайн захиргаа, үйлчилгээний “Чандмань” төв ашиглалтад орсон
  • Оюу толгойн гүний уурхайн Хоёрдугаар босоо амны үйлчилгээ болон үйлдвэрлэлийн өргүүрийн ган татлага суурилуулах ажил дууссан
  • Үндэсний гутлын үйлдвэр болох “Хос-Аз” ХХК-тай 2.7 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий хөдөлмөр хамгааллын гутал ханган нийлүүлэх гэрээ байгуулсан
  • 2019 оны эхний гурван улиралд 329 сая ам.долларыг үндэсний худалдан авалтад зарцуулсан байна.