Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

С.Бямбацогт: 24 бог найман бодоос дээш олон тоо гэж үздэг байсан бол таван бог нэг бодоос дээш олон тоо гэж үзэхээр болсон

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай буюу малын хулгайтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн дэмжлээ. Уг хуулийн төслийг Х.Болорчулуун нарын 25 гишүүн өргөн мэдүүлсэн билээ. 

Хууль санаачлагчдын нэг С.Бямбацогт гишүүн хуулийн төслийн талаар "Энэ хуулийн төслөөр малын хулгайн гэмт хэргийн шийтгэлийг ерөнхийдөө чангаруулсан. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар мал хулгайлсан бол нэг сар баривчлах эсвэл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эсэхийг хязгаарлах эсвэл хорих шийтгэл ногдуулж байгаа. Харин энэ төсөлд нэг сар баривчлах заалтыг хассан. Ингэсгээр баривчлах хугацаа уртасна. 

Мөн олон тооны мал хулгайлсан тохиолдол 2-8 жил хорино гэсэн заалт одоо мөрдөгдөж байгаа. Үүнийг нарийвчилж бүлэглэн, галт зэвсэг, техник ашигласан бол 3-8 жил хорих хүртэл арга хэмжээ авахаар тусгасан. 

24 бог найман бодоос дээш олон тоо гэж үздэг байсан бол таван бог нэг бодоос дээш олон тоо гэж үзэхээр болсон. Нэг бодыг гурван богоор тооцно" гэв. 

Ийнхүү Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай буюу малын хулгайн гэмт хэрэгт ногдуулах шийтгэлийн чангатгах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг гишүүдийн олонх дэмжлээ.