Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Нийслэлийн онцгой комиссоос мэдээлж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар Нийслэлийн онцгой комисс ээлжит хэвлэлийн хурал хийлээ.

Аравдугаар сарын 2-24-ний өдрүүдэд нийт 240 дуудлагаар 580 хүн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлжээ.

Өнгөрсөн хоногийн хугацаанд Яаралтай түргэн тусламжийн төвд угаарын хордлогын хөнгөн хэлбэрийн нийт дөрвөн дуудлага ирж, есөн том хүн, хоёр хүүхэд эмнэлэгт хандсан байна.

Мөн угаартсан гэх зургаан иргэнд гэрт нь зөвлөгөө өгч, гурван иргэнийг эмчилж буцаасан бөгөөд өнөөдрийн байдлаар угаарын хийн хордлогын улмаас хоёр том хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Унтахаасаа өмнө саванд ус хийж хонох нь угаартахаас сэргийлэх хамгийн энгийн арга
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй хэлэхдээ “Угаарын хордлогын дуудлагын тоо болон хордлогын улмаас эмнэлэгт хэвтэж байгаа хүний тоо харьцангуй буурсан байна.

Гэхдээ энэ тоо буурсан гэж бид тайвшралгүй холбогдох байгууллагууд 24 цагаар жижүүрлэн ажилласаар байгаа.

Иргэд хэдхэн асуудалд онцгой анхаарахад угаартах эрсдэлээс сэргийлэх бүрэн боломжтой.

Үүнд, пийшин зуухныхаа онгорхой, цоорхойг бөглөх, яндангаа хөөлж, агаар таталтын хаалтыг хаахгүй байх, зуухыг дүүртэл түлш хийхгүй байх хэрэгтэй.

Мөн унтахаасаа өмнө саванд ус хийж хонох нь угаартхаас сэргийлэх хамгийн энгийн арга юм” гэсэн юм.

Түүнчлэн Мэргэжлийн хяналтын газраас нийслэлд орж, гарч буй автомашинуудад шалгалт хийн, товчоодод ажиллаж байгаа бөгөөд нийслэл рүү түүхий нүүрс нэвтрүүлэхийг зөвдсан зөрчил гарсаар байгаа аж.

Өнгөрсөн шөнийн байдлаар Өлзийт дэх нэгдүгээр товчоонд хоёр тонн түүхий нүүрс, хоёрдугаар товчоонд долоон шуудай түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэхийг завдсан зөрчил гарсан бол Тавантолгойгоос хот руу орох замаар таван тонн, Эмээлтийн товчоогоор таван шуудай зэрэг түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчлийг илрүүлэн буцаажээ.

Түүнчлэн сайжруулсан шахмал түлшийг хотоос тээвэрлэж гаргахыг завдсан зөрчлийг ч илрүүлсэн байна.

Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол иргэдээс ирсэн
 
Гэрэл зургийг Mpa.mn

“Өнгөрсөн шөнө түүхий нүүрс түлж байна гэсэн 13 гомдол иргэдээс ирсэн. Гомдлын дагуу шалгаж түүхий нүүрс нөөцлөн түлсэн зөрчлүүдэд Зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох арга хэмжээ авч ажилласан.

Мөн өглөө айлуудын галлагаа хийх үеэр Цагдаагийн байгууллагатай хамтран төвийн зургаан дүүрэгт түүхий нүүрс түлж болзошгүй газруудад явуулын эргүүл ажиллаж байна.

Түүхий нүүрс тусгай зөвшөөрөлтэй 242 аж ахуйн нэгжийн янданд шүүлтүүр тавьсан эсэх, шүүлтүүр нь бодитоор шүүж байгаа эсэх дээр мөн Мэргэжлийн хяналтын байгууллага шалгалт хийж байгаа” хэмээн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ.

Эмнэлгээс гарсан болон зөвлөгөө аваад буцсан иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад авсан
 
Гэрэл зургийг Mpa.mn

НЭМГ-ын мэргэжилтэн Ш.Тэгшбаяр “Эрүүл мэндийн байгууллагад угаарын хийн хордлогын улмаас түргэн тусламжаар ирж байгаа иргэдийн тоо буурч байна.

Эмнэлгээс гарсан болон зөвлөгөө аваад буцсан иргэдийг Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн хяналтад авсан. Одоогийн байдлаар биеийн байдалд нь өөрчлөлт орсон иргэн байхгүй байна.

Мөн томуу, томуу төст өвчний дэгдэлтийн энэ үед угаарын хордлогын дуудлага ихэсвэл ямар зохицуулалт хийх тал дээр төлөвлөгөө гаргаж байгаа.

Одоогоор агаарын бохирдол, утаа буурсан байгаатай холбоотойгоор томуу томуу төст өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь нь 3.2% байна. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс буурсан” гэлээ.

 Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 24 хувиар,  PM2.5 тоосонцор 25 хувиар тус тус буурсан
 
Гэрэл зургийг Mpa.mn

Энэ сарын 14-20-ны өдрүүдэд хэмжигдсэн агаарын чанарын дундаж үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM10 тоосонцор 24 хувиар,  PM2.5 тоосонцор 25 хувиар тус тус буурсан бол Азотын давхар исэл зургаан хувиар өссөн байгаа талаар Нийслэлийн Агаарын бохирдлын газрын "Гэр хорооллоос үүдэлтэй агаарын бохирдол” хариуцсан мэргэжилтэн Г.Даваажаргал танилцуулав.

Тэрбээр "Азотын давхар ислийг үүсгэгч гол бохирдуулагч нь автомашинаас гарч байгаа бөгөөд энэхүү бохирдуулагч бодис ихэссэн үзүүлэлтийг автомашины тоо хэмжээ өссөнтэй холбоотой" хэмээн тайлбарласан юм.

Зуух, пийшин, яндангийн битүүмжлэх гэх мэт зөвлөмж дээр тусгагдсан зүйлүүд дээр илүү анхаарвал эрсдэл улам буурна
 
Гэрэл зургийг Mpa.mn

НЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Мөнхбаатар “Бид 1 болон 4 дэх өдрүүдэд мэдээлэл өгч байна. Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотойгоор иргэдэд хүрч байгаа мэдээлэл сайн байна.

Цаашдаа ч зуух, пийшин яндангийн битүүмжлэх гэх мэт зөвлөмж дээр тусгагдсан зүйлүүд дээр илүү анхаарвал эрсдэл улам буурна гэж хэлж болохоор байна” гэв.