Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Мөнгөнсар: 2020 онд экспортод гаргах брэндийг хөгжүүлэхэд чиглэж ажиллана

ikon.mn
2019 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих, экспортод гаргах бүтээгдэхүүн үйлдвэрлэх тухай бид олонтоо ярьдаг. Гэхдээ үүнийг хэрхэн хийх тухай төдийлэн ярьдаггүй. Энэ сэдвээр брэнд хөгжүүлэлт, маркетингийн зөвлөх үйлчилгээгээр мэргэшсэн “БрэндАртэ” компанийн захирал, Маркетингийн зөвлөх Б.Мөнгөнсартай ярилцлаа.


-Ярилцлагынхаа эхэнд  салбарынхаа хөгжлийн тухай  ямар бодолтой байдгийг тань асуумаар санагдлаа. Үргэлж шинийг эрэлхийлж, бусдаас түрүүлж сэтгэж байх үүрэгтэй энэ салбарын хөгжлийн түвшин өнөөдөр манайд ямар байна вэ?

-Маркетингийн хөгжил тухайн улс орны нийгэм, эдийн засгийн хөгжилтэй шууд уялдаа холбоотой. Хөгжсөн улс орнуудын хувьд аж үйлдвэрийн 4-р эрин үе аль хэдийн эхэлсэн, маркетингийн хувьд ч 4.0 гэсэн хөгжлийн түвшинд явж байна. Маш товчхондоо бол анх 1950-иад онд маркетинг 1.0 буюу яавал илүү их бүтээгдэхүүнийг зах зээлд гаргах вэ гэдэг дээр төвлөрч байсан бол дараагийн 2.0 үед илүү хэрэглэгчдэд төвлөрсөн, тэднийг хэрхэн сэтгэл ханамжтай байлгахад чиглэж байсан. Маркетинг 3.0-ийн хувьд 1990 оноос эхэлсэн. Энэ үеэс брэнд хөгжүүлэлтэд ач холбогдол өгч, илүү үнэ цэнэд төвлөрч, хэрэглэгчийн функциональ хэрэгцээг хангахаас илүү оюун санааны буюу сүнслэг хэрэгцээг хангахад чиглэсэн маркетинг хийгдэх болсон юм.

Яг манай улсын хувьд хөгжлийн түвшин, компаниудын хийж байгаа маркетинг, компани дотор маркетингийн эзэлж буй байр суурь, гүйцэтгэж буй үүрэг, эздийн зүгээс маркетингд өгч байгаа ач холбогдол зэргийг харьцуулаад хэлэхэд ихэнх компаниуд 1.0, 2.0 гэсэн түвшинд л явж байна. Компаниудын хөгжлийн түвшингээс хамаараад харилцан адилгүй ч  маш цөөн тооны компаниуд 3.0 –ийг хөгжүүлж 4.0 руу ойртож байгаа харагддаг. Импортлогч улс гэдэгтэйгээ холбоотой ч юмуу ихэнх нь маркетингаа ямар нэгэн байдлаар авчирсан бараа бүтээгдэхүүнийг л хурдан зарж борлуулах хүч гэж хараад байна.  

Гэтэл хөгжсөн улс орнуудад маркетинг бол бизнесийн өсөлтийг бий болгодог хөдөлгөгч хүч буюу хэнд зориулаад, юу хийдэг, ямар компани байх вэ гэдгийг бодож боловсруулдаг, зүг чигийг нь гаргадаг жолоодогч нь болсон байна. Өнөө цагт хэрэглэгчид маш өргөн сонголттой болсон, бүтээгдэхүүнүүд хоорондоо чанарын болоод бусад давуу тал, ялгарал бага болсон үед яавал нийгмийг, хувь хүнийг илүү аз жаргалтай болгох юм бэ гэдэгт маркетингийн бодлого чиглэж байгаа юм.

Ямартай ч манай компаниуд маркетингийн тал дээр  аутсорсингийн үйлчилгээг их авдаг болсон нь маркетинг хөгжиж байгаагийн илрэл гэж боддог.

-Брэндартэ гэх энэ нэр бизнесийн салбарт танил болоод багагүй хугацаа өнгөрчээ. Өнгөрсөн хугацаанд та бүхний хэрэгжүүлсэн төслүүд хэр амжилттай байсан бэ? Тодруулж асуувал танай компани яг юу хийдэг, ямар үр дүн гаргадаг компани юм бэ?

-Товчхондоо бол сэтгэл алдрам, амжилттай брэндийг бүтээдэг компани. Урт удаан хугацаанд оршин тогтнох, хэрэглэгч өөрөө хайгаад ирдэг брэндийг бүтээхийн төлөө ажилладаг хүмүүс гэж ойлгож болно. Тоо баримт дурдах юм бол өнгөрсөн хугацаанд 70 гаруй компанийн 100 гаруй төсөл дээр амжилттай ажилласан байна. Эдгээр төслүүд нь үндэсний үйлдвэрүүд, бүтээн байгуулагчид, үндэстэн дамнасан брэндүүд гээд 30 гаруй салбарыг хамарчээ.

Ер нь бол манайх брэнд хөгжүүлэлтийн чиглэлээр түлхүү ажилладаг. Ингэхдээ цоо шинэ брэндийг бүтээхээс гадна зах зээл дээр хэсэг хугацаанд гараад тогтворжсон, эсвэл маш сайн бүтээгдэхүүн ч брэнд болж хараахан амжаагүй бүтээгдэхүүнийг зорилтот хэрэглэгчид болон зах зээлд таниулах, дахин байршуулах, хэрэглэгчийн хүсэмжит брэнд болгох зэрэг ажлыг хийдэг.

Бид зах зээлийн судалгаа шинжилгээнээс эхлээд брэндийн концепц хөгжүүлэлт, төлөвлөлт, хамгийн эцсийн шат болох зах зээлд, хэрэглэгчдэд хүргэх хүртэл бүх ажлыг гүйцэтгэдэг. Урлагийн бүтээлээр зүйрлэвэл цаасан дээрх зохиол тайзан дээр амилаад хүний сэтгэлд хүрч оюун санаанд нь бат бөх байршдаг шиг тухайн бүтээгдэхүүн үйлчилгээг зах зээл гэдэг тайзан дээр амжилттай гаргах хүртэлх бүх ажлыг л хийдэг компани гэсэн үг.

 

-Тэгвэл сайн брэндийг хэрхэн яаж бий болгодог юм бэ. Таны ярьж байгаа брэнд бий болгох үе шатуудын талаар компаниуд, харилцагчид чинь ямар түвшний ойлголттой байдаг вэ?

-Дараалал гэж байна л даа. Хамгийн түгээмэл давтагдаад байгаа, засаж өөрчлүүштэй зүйл бол эхэлж хийх ажлаа хамгийн сүүлд нь хийгээд,  сүүлд хийхийгээ түрүүлж хийгээд байгаа явдал юм. Ихэнхи бизнес эрхлэгчид бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд бүх анхаарлаа хандуулаад өөрт байгаа нөөцөө бүрэн зориулчихдаг. Бэлэн болмогц нь нэр өгөөд лого хийлгэчихнэ.
Зүй нь бол эхлээд бодлого, концепц, зах зээлд өрсөлдөх стратеги дээрээ төвлөрөх нь зөв юм. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ гэхэд тэр нь дотоодын болон гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнтэй яаж өрсөлдөх вэ, яагаад хэрэглэгч тухайн бүтээгдэхүүнийг сонгох ёстой вэ гэдгийг тодорхойлж,  томьёолоогүйгээс замын дунд анх гаргаж байсан чанар, онцлог байдал нь алдагдах, хийсэн зүйлдээ эргэлзэх, амжилттай явж байгаа брэндийг дагаж дуурайх,  компаний удирдлага эсвэл маркетинг хариуцсан албан тушаалтан солигдох бүрт анхны байр суурь, хэлэх гэсэн үзэл санаа мөн чанар нь алдагдах, өндөр зардлаар туршилтууд хийгддэг зэрэг алдаанууд ажиглагддаг.

Онох үе байх ч дараалал нь ингэж буруу явахаар цаг хугацаа алдах, үргүй зардал гаргах гээд олон сул талтай. Алдагдсан боломжийн зардлыг нь тооцоод үзвэл хэдэн тэрбумаар яригдана. Ганцхан лого хийлгэхэд зарцуулсан багахан мөнгөөр хэмжигдэхгүй хор хохиролтой байдаг. Үзэмжтэй лого хийгээд чамин нэр өгөөд сурталчилгаа хийчихвэл бүтээгдэхүүн маань брэнд болоод зах зээлд амжилттай явчихна гэж бодож болохгүй. Үнэндээ бол шинээр гарч ирж байгаа ямар ч брэнд нэг хэсэгтээ зах зээл дээр явна, удалгүй асуултын тэмдэг дагуулаад эхэлдэг.

Учир нь манай Монголчууд их сониуч хэрэглэгчид. Шинэ зүйлд, бас шинэлэг, өнгөлөг зар сурталчилгаанд нэг хэсэг татагдана. Удалгүй нэг шинэ зүйл гараад ирэхэд л тийшээ хуйларч байдаг онцлогтой. Тэгэхээр үнэ цэнийг бий болгож чадахгүй байвал танай бүтээгдэхүүн урт хугацаандаа амжилттай явахгүй гэдгийг ойлгох хэрэгтэй байгаа юм. Тодорхой хугацаанд хүмүүст танигдаад лангуун дээрээс арчигддаг биш түүхэнд үлдэх,  цаашлаад экспортод гаргах брэнд бий болгохын төлөө зорьж ажиллах нь зүйтэй.

-Манай үйлдвэрүүдэд бэрхшээл зөвлон их. Тиймдээ ч бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжицгээе гэж их ярьж, тодорхой хэмжээгээр дэмжихийг ч хичээж худалдан авалт хийдэг. Гэхдээ ихэнхдээ юунд ч юм нэг л сэтгэл дундуур үлдээд байдаг. Шалтгаан нь юу вэ? Загвар уу, ур хийц үү? Манай үйлдвэрлэгчид яг юун дээр алдаад байна вэ?

-Баярлалаа. Яг ярьж ойлгуулах юмсан гэж бодож явдаг зүйлийг асуулаа. Энэ их том сэдэв. Үндэсний үйлдвэрлэгчид маань өөрсдөө мэддэг, мэддэггүй олон шалтгаан байна. Хамгийн чухлыг нь л хэлье. Энэ бол зорилтот ХЭРЭГЛЭГЧЭЭ ДУТУУ ҮНЭЛДЭГ явдал юм. Тоомжиргүй ханддаг энэ зүйл нь бусад олон асуудлын гол шалтгаан нь болж өсөж дэвшихэд нь саад болдог. Өнөөдөр Монголын хэрэглэгчид маань интернэтийн ачаар дэлхийн хөгжилтэй орны хүмүүстэй ижил түвшинд мэдээллийг авч байна. Хуучинтай харьцуулахад гадагшаа их явж, юм үздэг болсон гээд хүмүүсийн амьдралын хэв маяг, оюун санаа, сэтгэхүй их өөр болсон. Энийгээ дагаад шаардлага өндөр, бараа бүтээгдэхүүний сонголт ч их болсон. Дэлхийн хэрэглэгчдийн хэрэглэдгийг л бид нар өнөөдөр хэрэглэж байна.

Гэтэл хэрэглэгчээ дутуу үнэлснээс, сайн таньж мэдээгүйгээс болоод бид гоц гойд ялгарах юмгүй, гадаад байтугай дотоод зах зээл дээрээ ч өрсөлдөх чадвар сул, дутуу дулимаг бүтээгдэхүүн хийгээд байгаа юм. Уул нь бол хэрэглэгчийн хэрэгцээ шаардлагад нийцсэн биш бүр өөрсдөө ч таниагүй байгаа тэр хэрэгцээг нь мэдэрсэн бүтээгдэхүүн хийх ёстой. Харамсалтай нь энэ нь дан ганц хэрэглэгчийн судалгаагаар гарч ирдэггүй л дээ. Үүнийг экспертүүдээс бүрдсэн мэргэжлийн баг, хугацаатай, хөрөнгө хүч зарцуулж хийдэг.

-Мэргэжлийн маркетингийн зөвлөх үйлчилгээ маш чухал үүрэгтэй юм байна. Тэгвэл танай компанид мөнгөө төлчихвөл  борлуулалт нь өсөөд хүмүүст танигдаад бүх асуудал нь шийдэгдлээ гэсэн үг үү?

-Нэг талаасаа бол тийм. Өнгөрсөн хугацаанд ажилласан төслүүд маань яг энэ зарчмаар явсан. Бид компаниудад яаж өрсөлдөх вэ гэдгийг хэлж өгдөг. Зах зээл буюу тайзан дээр гаргаж өгнө. Гэхдээ тэрнээс өмнө  маш олон ажлууд хийгддэг. Зарим нь сайн бүтээгдэхүүнтэй боловч хөгжүүлэлт хэрэгтэй байдаг. Шууд зах зээл дээр идэвхжүүлэлт хийгээд л амжилт олохоор бүтээгдэхүүн маш цөөн тааралдаж байлаа.

Сайн бүтээл тайзан дээр тавигдах хүртлээ олон хоногийн бэлтгэл хийдэг шиг манай ажил ч бас тэр зарчмаар наана нь бэлтгэх зүйл их байдаг. Бэлдэнэ гэхээр реклам захиалаад хийлгээд байна гэсэн үг биш. Бүтээгдэхүүн хөгжүүлэлт, хэрэглэгчийн эрэлт хэрэгцээг хангах,  асуудлыг нь шийдэгч бүтээгдэхүүн байж  зах зээлд өрсөлдөж чадах уу гэх мэт цаашлаад  амжилттай болоод экспортод гаргах хүртэлх  бүх ажлыг хийнэ гэсэн үг. Шаардлагатай бол сав баглаа, боодол , орц материал харагдах байдал зэргийг өөрчилнө. Нэр төрлийг нь нэмж хасаж болно гэх мэт олон ажил байна. Манайд зуун хувь итгээд, хугацаа өгөөд ажилласан тохиолдолд бид яг хүссэн брэндийг нь бий болгож өгдөг. Ингэж л ажиллаж ирсэн.

Ер нь бол Брэндартэчүүд бид түүхэнд үлдэх үнэ цэнэтэй, мэдлэг чадвар сорьсон тийм л зүйлийг хийхийг хүсэж зорьж ажилладаг. Бидэнтэй хамтран ажилласан компаниуд эхнээсээ зорилгодоо хөл тавиад эхэлсэн байгааг, арав хорин жилийн өмнө бүтээсэн брэндүүд маань одоо ч зах зээл дээр оршин тогтнож, улам хүчирхэгжиж байгааг харахаар ажил мэргэжлээрээ, хамт олноороо, хамтран ажиллагч түншүүдээрээ бахархмаар сайхан байдаг.

 

-Тэгвэл та бүхний ирэх жилүүдэд ажиллах төслүүд ямар байх вэ? Өөрөөр хэлбэл юунд зорьж, тэмүүлж ажиллахаар төлөвлөж байгаа бол?

-Үнэхээр өөрчлөлтийг хүсдэг, ойлгодог харилцагч нар байдаг. Бид ирэх жил хүчээ нэгтгээд ажиллах, алсын хараатай, компани, брэндийнхээ хувьд хөгжлийнхээ дараагийн шатанд гарах зорилго өвөрлөсөн 10 орчим төслийг  сонгон хамтарч ажиллах төлөвлөгөөтэй байна. Ажил маань биднээс цаг хугацаа, мэдлэг чадвар, туршлага, сэтгэл зүрхээ зориулж ажиллахыг шаарддаг.  Харамсалтай нь хүний оюун санаагаар хийгддэг болохоор бидний нөөц хязгаардлагдмал, тиймээс цөөхөн төслийг сонгож ажиллахаас аргагүй байдаг юм.
2020 онд экспортод гаргах брэндийг хөгжүүлэх болон дотоод гадаадын хөрөнгө оруулагчдад зориулсан багц судалгааг хийхэд чиглэж ажиллана.
Манай компанийн хувьд Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банкны итгэмжлэгдсэн зөвлөх компаниар ажилладаг бөгөөд тус байгууллагаас зохион байгуулсан Английн Экспортын институтийн сургалтанд хамрагдсан мэргэжилтнүүдтэй.

Ер нь бол экспортод гарах гэж байгаа ямар ч компанийн эхний алхам нь дотооддоо өрсөлдөхүйц чадвартай болох явдал. Энэ бол экспортод гарах хамгийн гол бэлтгэл юм. Ийм боломж нөөцтэй үндэсний үйлдэрлэгчид манайд цөөнгүй бий. Гол нь бид зориглоод эхлүүлэх хэрэгтэй юм.

-Ярилцсанд баярлалаа. Зорьсон төлөвлөсөнд тань амжилт хүсье.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.