Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хонг Конгод үймээн самуун дэгдэхэд хүргэсэн этгээд өнөөдөр шоронгоос суллагджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Хонг Конгийн эрх баригчид өнөөдөр нэгэн хүн амины хэргийн сэжигтнийг шоронгоос суллажээ. 

20 настай Чан Тон Кай гэдэг нэртэй энэ залуу өнгөрсөн онд Тайваньд бие давхар найз бүсгүйнхээ амийг хөнөөсөн хэрэгт шалгагдаж байхдаа Хонг Конг руу зугтсан юм. 

Талуудын хооронд гэмт хэрэгтэн шилжүүлэх гэрээ байгаагүй тул тухайн үед түүнийг шилжүүлж өгөх Тайваний хүсэлтийг Хонг Конг хүлээж аваагүй байна. Энэхүү маргааны дараа Хонг Конгийн засаг захиргаа Хятад, Тайвань, Макаод хэрэгтэн шилжүүлэх хууль боловсруулж, парламентаараа хэлэлцүүлэхээр болсон нь сүүлийн таван сар үргэлжилж буй үймээн самууны эхлэл болжээ.

Чан Тон Кай 19 сар хоригдсоны дараа өнөөдөр Хонг Конгийн шоронгоос суллагдаж байна. Түүнийг Тайваньд гарсан хэрэгтэй холбоогүй, Хонг Конгод ирээд мөнгө угаасан хэрэгт буруутгаж, шийтгэсэн ажээ.

Гэмт хэрэгтэн шилжүүлэх хуулийн төслийг Хонг Конгийн засаг захиргаа хэлэлцүүлэхээ больж, буцаан татаад байгаа. Гэвч Хонг Конгчуудын тэмцэл өнөөдөр энэ хүрээнээс хальж, Бээжингээс хамааралгүй өөртөө засах онцгой эрх эдлэхийн төлөө тэмцэл болж өргөжжээ.

Суллагдсан Чан Тон Кайг цаашид яах нь тодорхойгүй байна. Тэр шоронгоос гарсныхаа дараа хэвлэлд ярихдаа амиа алдсан хохирогчийн ар гэрийнхнээс уучлал гуйж, сайн дураараа Тайваньд буцан очиж шалгуулахаа амлажээ.

 

Эх сурвалж: BBC

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.