Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Хүнсний хаягдал тосыг түлш болгон ашигладаг зуухыг танилцууллаа

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Хүнсний хаягдал тос ашиглан дулаан гаргах технологид суурилсан “Флинт” зуух төслийн нээлт өнөөдөр боллоо.

Энэхүү төслийг Сүхбаатар дүүргийн ИТХ-ын дарга Э.Ганбатын санаачилгаар “Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд БНСУ-ын Койка, KTL болон Флинт ХХК-тай хамтран хэрэгжүүлж байгаа аж.

Хаягдал тос нь хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг

 
Гэрэл зургийг Mpa.mn

Нээлтийн үеэр Флинт ХХК-ийн гүйцэтгэх захирал Юн Хёг Жин “Өнгөрсөн жил би Монголд ирээд утааны улмаас олон хүн хохирч байгааг хараад их сэтгэл өвдсөн.

Харин Э.Ганбат хаягдал тосыг түлшээ болгож, зуух хийхийг санал болгосон.

Иймд бид хүмүүсийн идээд хаясан хүнсний бүтээгдэхүүний тос, амьтны болон ургамлын гаралтай хаягдал тосыг ашиглан хэрхэн байр орон сууцыг дулаанаар хангах тухай судалж, жил гаруйн хугацаанд олон төрлөөр, олон удаа туршиж үзсэний үр дүнд Монгол Улсын цаг уур, уламжлалт заншилд нийцүүлэн “Флинт” зуухыг бүтээсэн.

Хаягдал тос нь хөрсөнд шингэж, маш их хэмжээний бохирдол үүсгэдэг. Харин энэхүү зуух нь хүнсний хаягдал тосыг гэрийн нөхцөлд түлш болгон ашигладаг гэдгээрээ давуу талтай” гэсэн юм.

Мөн агаар, хөрсний бохирдол нь зөвхөн аль нэг улсын асуудал биш бөгөөд бид нэг дэлхий дээвэр дор амьдарч, нэг л агаараар амьсгалж байгаа учраас хөрш орнуудынхаа агаарын бохирдолд сэтгэл зовнидог гэдгээ Юн Хёг Жин хэлж байв.

Флинт зуухыг АНУ, Хятад гэх зэрэг оронд нэвтрүүлэх тусгай зөвшөөрөлтэй аж.

Мөн иргэд мод нүүрс болон бусад түлшний хэмжээг багасгаж, хаягдал тосоор зуухаа галладаг болсноор ойн санг нэмэгдүүлэх, нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулж, эрчим хүчний зардлыг ч хэмнэх боломжтой хэмээн төслийн багийнхан үзэж байна.

Цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Сүхбаатар дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Э.Ганбат “Зуух нь түлшээ буюу хаягдал тосоо хийх 13 литрийн багтаамжтай тусгай савтай. Энэ нь хамгийн багадаа 20 цаг ажиллах хүчин чадалтай гэсэн үг. Цагт 420-600 грамм хаягдал тос зарцуулна.

Галлах процессод ямар нэг шүдэнз, цаас мод зэрэг шаардагдахгүй. Хаягдал тосоо эхлээд тогоор халааж, дараа нь асаах товчлуур дарахад халаалтын зарчмаар зуух маань өөрөө ажиллана. Ингэхдээ сард дээд тал нь 5,000 төгрөгийн тог зарцуулна.

Мөн хэр их хэмжээний хүчдэлээр тосоо халаахаа тохируулж болно. 

Хаягдал тосыг Тохижилт үйлчилгээний компаниуд ресторан, зоогийн газруудын хогийг авахдаа хамт аваад бааз дээрээ буулгасны дараа бид очоод авчихна.

Бидэнд ямар ч зардал гаргахгүйгээр хаягдал тосыг дахин боловсруулж дулаан суух боломж бий болж байна.

Илч нь маш сайн бөгөөд ямар ч хаягдал гарахгүй” гэлээ.

Туршилтын явцад зуухыг дөрвөн удаа шинэчилж, сайжруулсан аж.

Флинт зуух нь 500-700 мянган төгрөгийн өртөгтэй бөгөөд эхний ээлжид Сүхбаатар дүүргийн 80 өрхөд үнэгүй суурилуулахаар болжээ.

Ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Койка-ын Суурин төлөөлөгчийн газрын дарга Жу Хэйн Нан “Монгол Улс түүхий нүүрс ашигласнаар агаарын бохирдол ихсэж, амьсгалын замын өвчин эрс нэмэгдэж байна.

Мөн айл бүрд түүхий нүүрсний хэрэглээ ч ихсэж, түүнийг орлох түлшний нөөц нь улс даяар хангалттай биш байна. 

Ийм үед “Флинт” ХХК энэхүү төслийг хэрэгжүүлж, ургамлын болон малын гаралтай хаягдал тосыг ашиглаж халаах системийг бий болгожээ.

Одоогоор туршилтын явцад байгаа боловч бүтээгдэхүүн эцсийн байдлаар бэлэн болоход газар шороо, ундны ус, байгаль орчинд ч ээлтэй технологи болж, агаарын бохирдлыг ч бууруулахад хувь нэмрээ оруулна гэж бодож байна.

Ирээдүйн үр хүүхдүүддээ цэвэр орчинг бүрдүүлэхийн тулд манай байгууллага ч хамтран зүтгэх болно” гэлээ.

Зуух сард дунджаар 2,000-3,000 орчим төгрөгийн тог зарцуулна

 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөн зуух цаг хэвийн ажиллаж байх үедээ 10 киловатт тог зарцуулна. Тосыг эхэлж халаахад л бага зэрэг тог идэхээс бусад үед тог зарцуулалт маш бага. Энэ нь сард дунджаар 2,000-3,000 орчим төгрөг болно.

Хамгийн гол нь зуух тосыг хүнсний хэрэглээний хаягдал тосыг бүрэн шатаадаг бөгөөд хүний биед хоргүй, утаа ч гарахгүй гэдгийг Ган-Эко компанийн гүйцэтгэх захирал П.Батхуяг хэлсэн юм.

Гэрэл зургийг Mpa.mn