Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Майкл С.Клечески: Сонгууль дөхлөө гээд төсвийн сахилга бат алдагддаг байж болохгүй

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Гэрэл зургийг MPA.mn

"Хөрөнгө оруулалтын орчин тогтвортой байдал" олон улсын бага хурал өчигдөр боллоо. 

Тус хурлын үеэр Монгол Улсын бизнесийн хөрөнгө оруулалтын орчин олон улсад ямар нөхцөл байдалтай явж байгаа талаар болон АНУ, ОХУ, ИБУИНВУ, Япон, Австрали улсуудтай ямар хамтын ажиллагааг үргэлжлүүлэх боломж буй талаар тус улсуудын Элчин сайдууд зөвлөмж, санал бодлоо хуваалцсан юм.

Тэдний ярианаас онцлон хүргэж байна. 

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Азизов Искандер Кубарович
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Гэрээ байгуулсан л бол гэрээгээ баримталж, тусгагдсан үүргээ гүйцэтгэх ёстой.
  • Гэрээ, хэлэлцээрээ дахин шинэчлэх гэж байгаа бол улс төрийн нөхцөл байдлаас болсон эсвэл гэрээний нөхцөлөө илүү сайжруулах хүсэлтэй байгаа гэх гол шалтгаанаа нөгөө талдаа ойлгуулах хэрэгтэй.
  • Дипломат ёсонд хэлэлцээр хийхдээ үр дүн гарна л гэж бодож байгаа бол нийтэд зарладаг.
  • Олон улсын хөрөнгө оруулагч нарт сайн харилцаатай байхын тулд нийгмийн хариуцлагатай байх ёстой.
  • Тухайн улс орон нь бүх хүнээ ижил тавцанд өрсөлдөх боломжийг олгох ёстой. 
  • Путин ерөнхийлөгчийн айлчлалын хувьд олон талт харилцааны хүрээнд ирсэн. Тухайлбал, гурван улсын эдийн засгийн коридорыг өргөжүүлэхэд санхүүгийн ямар боломж байгаа талаар, хийн хоолойг Монголоор татвал боломжтой эсэхийг харахаар ирсэн.
  • Улаанбаатар төмөр замын шугамыг орчин үеийн байдлаар шинэчлэх шаардлагатай. Өөрөөр хэлбэл, ачаа тээврийг Ази, Номхон далай, Европын хооронд холбож өгөх шинэ шугамтай болох хэрэгтэй.
АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл С.Клечески 
 
Гэрэл зургийг MPA.mn
  • АНУ-д хийсэн Х.Баттулга ерөнхийлөгчийн айлчлал хамгийн дээд түвшинд хийгдсэн бөгөөд уулзалтын дараа чиглэл болгонд ахиц гарч байгааг хэлэхэд таатай байна.
  • Монгол Улсын эдийн засгийг төрөлжүүлэх талаар яригдаж буй энэ зүйлс уриа лоозон биш бодит ажил болоход бид дэмжин ажиллаж болно. Тухайлбал, ноолуурын салбарыг буюу Монгол улсын брендийг АНУ болон бусад улсуудад сурталчлах зорилгоор ажиллаж байна.
  • АНУ-ын хувьд Монголын аялал жуулчлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж болно. Туршлага, хөрөнгө оруулалт талдаа харилцаагаа эрчимжүүлье гэж бодож байгаа. Гэхдээ Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчинг илүү сайжраасай хэмээн хүсэж байна.
  • Монголын эдийн засгийн бодлого тогтвортой, гэрээгээ дээдэлдэг байгаасай гэж боддог.
  • Төсвийн сахилга бат гэдэг нь Монгол Улс, АНУ гэлтгүй бүх улсуудад ач холбогдолтой зүйл. Гэхдээ сонгууль дөхлөө гээд төсвийн сахилга бат алдагддаг байж болохгүй. Энэ бол хөрөнгө оруулагчдын хамгийн сайн ажигладаг асуудлын нэг.  
  • Миний хувьд хүн хоорондын харилцаагаар дамжуулан улс хоорондын хөгжлийг сайжруулж болно гэж боддог. Жишээ нь би саяхан The Hu хамтлагийн тоглолтыг хүүтэйгээ үзсэн.
  • Ил тод байдлын гэрээний дагуу Монгол Улсын Засгийн газартай хамтраад хууль тогтоомжийг боловсруулахад бизнесийнхэнтэй зөвлөлддөг стандартыг бий болгох, иргэний нийгмийн байгууллагуудын саналыг авдаг байхаар үргэлжлүүлэн ажиллана.
  • Англи хэл нь бизнесийн хэл болсон учраас англи хэлний мэдлэгийг Монгол Улсад заах үйл ажиллагааг илүү үр дүнтэй байлгахаар ажиллаж байгаа.
  • Манай ерөнхийлөгч Монгол Улсын ерөнхийлөгчтэй уулзах үед бидний харилцаа шинэ түвшинд гарсан. 
ИБУИНВУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Филип Малане
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Оюутолгой нь сүүлийн арван жилд Монгол Улсын хөгжлийг шинэ шатанд гаргасан, эдийн засгийн хувьд ихээхэн ач холбогдолтой компани болох нь харагддаг.
  • Гадаадын шууд хөрөнгө оруулалтын дүнгээс Оюутолгойн  хөрөнгө оруулалтын дүнг хасвал Монголын авч буй хөрөнгө оруулалт нь маш бага байна гэж байна. Иймд зөвхөн уг төслийн хувьд амжилттай явахаас гадна Монгол Улс нь бусад хөрөнгө оруулалтыг дагуулах төсөл хэрэгтэй гэж бодож байна.
  • Мөн Монголд бусад салбарын томоохон хөрөнгө оруулалтыг оруулж ирэхэд Монгол Улс нь өөрсдийн давуу талыг харуулсан зөв менежмент, урт хугацааны, алсын хараагаа томоор тодорхойлсон  бодлого, хамтын ажиллагаатай улс төр гэх гурван хүчин зүйл чухал нөлөөтэй.
  • Манай улсын зүгээс Монгол Улсаас гэрээгээ дээдлэх ёсыг хүлээнэ.
  • Бодлогоо боловсруулахдаа төр нь илүү давамгайлж ордог юм шиг харагдсан. Төр, хувийн хэвшлийн хэлэлцээр дээр тусгаарлаж бодлогоо тодорхойлох нь зөв юм.
  • Оюутолгойтой явагдаж байгаа улс төрийн давлагаа нь түр зуурын популизмын үзэл хэмээн бодож байна. Улс төрчдийн хувьд гадаадын хөрөнгө оруулалт нь Монгол Улсад ямар ач холбогдолтой болохыг сайтар бодож, юу хэлж ярих ёстойгоо сайтар бодож үзээд оролцох хэрэгтэй.
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Такаока Масато
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Монгол Улсын ерөнхий сайд манай улсад айлчилж, шинэ эзэн хаанд бараалхаж байгаа явдалд баяртай байна.
  • Олон хүмүүс Японд ажиллаж, амьдарч, сурч байгаа нь хоёр орны хоорондох харилцаа сайн байгаагийн нэг илрэл юм. Хүн хоорондын бие биенээ ойлгох харилцаа нь бизнесийн хөрөнгө оруулалтын орчинд сайнаар нөлөөлж байгаа билээ.
  • Монголчууд математик болон хэл сурахдаа сайн учраас цаашид IT-гийн салбарт хамтарч ажиллах боломж бий гэж харж байна. Өөрөөр хэлбэл мэдлэг дамжуулах төслүүд дээр хамтарч ажиллах байх.
  • Монгол Улсын эдийн засгийн эдийн засагт нөлөөлөхүйц хөрөнгө оруулалтын тод жишээ нь шинэ онгоцны буудал байна. Энэхүү буудал нь арван сарын дараагаар бүрэн ашиглалтад орно гэж тооцож байгаа.
  • Хувь хүний зүгээс хэлэхэд та бүхэн гарын үсэг зурсан л бол гэрээгээ дагаж биелүүлдэг байхыг хүсэх байна. Арай гэж гэрээ батлаад хэрэгжүүлэх үед шинэ засгийн газар гарч ирээд гэрээгээ ойлгохгүй тайлбар тавьж эхэлдэг. Иймд албан тушаалаа өгч байгаа хүн нь авч байгаа хүндээ гэрээний талаар сайтар тайлбарлаж өгөх нь зөв юм.
  • Хөрөнгө орлогын мэдүүлгээ ил болгох ёстой.
Австрали улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Дэйв Воусэн
 
Гэрэл зургийг MPA.mn
  • Монгол Улсын хувьд нэн тэргүүнд орж ирсэн хөрөнгө оруулалтыг хамгаалах, бүх хөрөнгө оруулалтад ижил тэгш байдлаар хандах, бодлогоо тогтвортой байлгах нь чухал байна.
  • Австраличууд хэлсэн үгэндээ үнэнч бай гэж  хэлдэг. Өөрөөр хэлбэл, гэрээ байгуулсан бол гэрээнийхээ дагуу ажиллах хэрэгтэй. Хэлсэндээ байхгүй байх нь Монгол Улсын брендингийн үнэ цэнийг унагааж, бусад хөрөнгө оруулагч нарыг хааж буй хэрэг.
  • Энэ бүс нутагт ерөнхийдөө хөрөнгийн төлөөх өрсөлдөөн  ихээр бий болж байгаа тул шинэчлэл хийж бодит ажил болгох хэрэгтэй.
  • Хөрөнгө оруулалт гэдэг нь мөнгө биш харилцаа юм.
  • Гэр бүл салахын өмнө эвлэрүүлэх ажлыг явуулдаг шиг гэрээний итгэлцлийг бий болгох хөтөлбөр хэрэгжүүлэх хэрэгтэй.
  • Австралийн хувьд бага хүн амтай, бага эдийн засагтай ч уул уурхайн салбараа түшиглэн хөдөө аж ахуйгаа хөгжүүлж хөрөнгө оруулалтыг татахын төлөө хичээн ажилладаг. Тэр утгаараа чанартай хөрөнгө оруулагч нарыг татаж чадсан. Энэ талаар суралцвал зүгээр хэмээн бодож байна.
  • Улс орнуудад гадаадын хөрөнгө оруулалтыг авахдаа  бэлэн гэж хэлчихээд үйлдэл нь зөрөөд байвал хэцүү.
  • Хуулийн хэрэгжилт тал дээр ач холбогдол өгөх шаардлагатай бөгөөд хөрөнгө оруулалтыг дэмжихтэй холбоотойгоор ажилладаг хүмүүс нь өөрсдөө сайн ажиллах хэрэгтэй.
  • Хууль дүрэм нь аливаа асуудлыг шийдэхийн тулд л гардаг зүйл. Иймд хуулийн үр ашиг талаас нь УИХ-ын гишүүд анхаарах хэрэгтэй байх. Ингэж чадвал төр, бизнесийн орчинд дэвшил гарна.