Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын байгуулсан амралтыг нураах тушаалыг Ким Жон Ун өгчээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 23
iKon.MN
Зураг зураг

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрийнх нь нутагт Өмнөд Солонгосын байгуулж өгсөн амралтын газрын барилгыг нураах тушаал өгсөн тухай Пёньяны төв хэвлэл өнөөдөр мэдээлжээ.

Кумган уулын амралтын газар нь Солонгосын хойгийн хамгийн үзэсгэлэнтэй байгалийн цогцолборуудын нэгд оршдог бөгөөд Өмнөд Солонгосын Хьюндэй Асан компанийн хөрөнгө оруулалтаар байгуулсан юм.

Уг амралтын газарт Өмнөд Солонгосоос жил бүр олон зуун жуулчин ирдэг байв. Гэвч 2008 онд зөвшөөрөгдсөн замаас хазайсан Өмнөдийн жуулчныг Умард Солонгосын цэрэг буудаж хөнөөснөөр үйл ажиллагаа нь зогссон юм.

Үүний дараа Пёньяны эрх баригчид ажиллагааг нь сэргээх гэж оролдсон ч олон улсын эдийн засгийн хориг тавигдаж, Өмнөд Солонгосын жуулчид очих боломжгүй болжээ.

Кумганы амралтыг очиж үзсэн Ким Жон Ун байшин барилгуудыг нь “үзэмжгүй”, “үндэсний онцлоггүй”, “гамшгийн үеийн хоргодох байр шиг” гэх мэтээр хатуу шүүмжлээд нураах заавар өгсөн гэнэ.

Оронд нь өөрсдөө илүү орчин үеийн загвартай байгууламж босгоно гэж Ким Жон Ун хэлсэн тухай KCNA агентлаг мэдээлжээ.

Дээрх мэдээ нь хэсэг хугацаанд зөөлрөөд байсан хоёр Солонгосын харилцаа эргэж муудсаныг харуулж байна. Хоёрдугаар сард Вьетнамын нийслэлд болсон Америк-Умард Солонгосын дээд түвшний уулзалт үр дүнгүй болсноор Пёньян-Сөүлийн харилцаа ч эрчимтэй муудсан юм.

Өнгөрсөн хугацаанд Өмнөд Солонгос АНУ-тай хамтарсан цэргийн сургуулилалтыг нутагтаа зохион байгуулж, Умард Солонгос олон удаа шинэ зэвсэг туршаад байгаа.

Кумган уулын амралтын газрыг Хьюндэй Асан компани 220 тэрбум воноор ($187 сая) байгуулснаас гадна Пёньяны засаг захиргаанд 559 тэрбум вон төлсөн гэдэг.

 

Эх сурвалж: AFP