Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Төрийн албаны ерөнхий шалгалтын бүртгэл дуусахад найман хоног үлдлээ

П.Сайнжаргал, IKON.MN
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Төрийн албаны зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах төрийн албаны шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл өгөв. Уг шалгалтыг анх удаа цахимаар бүртгэж, авахаар болжээ. Төрийн албанд анх орох иргэдийн ерөнхий шалгалтын бүртгэлийг энэ сарын 1-нээс 30-ны өдрийн 00:00 цаг хүртэл www.csc.gov.mn сайтад цахимаар хийж эхэлсэн байна. 

Тиймээс иргэд өөрийн регистрийн дугаараа зөв бичиж, бүртгэлд хамрагдах. Ургийн овог бичих хэсэгт өөрийн эцэг, эхийн нэрийг бичихгүй байх. Эргээд холбогдох учраас утасны дугаар нь асуудалгүй байх хэрэгтэйг Төрийн албаны зөвлөлийн гишүүд онцлон хэлсэн юм. Бүртгэл дууссаны дараа Ерөнхий шалгалтыг арваннэгдүгээр сарын 11-25-ны өдрүүдэд зохион байгуулах юм.

Төрийн албаны зөвлөлийн гишүүн Д.Баатарсайхан “Төрийн албаны шинэ хууль хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Энэхүү шинэ хуулиар төрийн албаны ерөнхий шалгалт өгдөг зохицуулалтад шилжсэн. Ерөнхий шалгалт нь иргэдийг төрийн албанд шууд ажилд томилох шалгалт биш. Харин нөөц бүрдүүлэх шалгалт юм. Уг шалгалтын бүртгэлийг аравдугаар сарын 1-ний өдрөөс онлайнаар зохион байгуулсан билээ. Өмнө нь иргэдийг цуглуулж шалгалтыг зохион байгуулан, бүртгэлийг хийдэг байсан.

Ерөнхийдөө 5,000 орчим иргэн бүртгэлд хамрагдахаар хандсан байна. Одоогийн байдлаар нийт 1,800 гаруй иргэн бүртгэлд хамрагдсан” хэмээн ярилаа.

Мөн тэрбээр “Ерөнхий шалгалт өгч нөөцөнд орсон иргэд дараа нь албан тушаалын буюу тусгай шалгалт өгөх чиг үүргийн зохицуулалттай болсон” гэдгийг хэлсэн юм. 

Төрийн албаны зөвлөлийн ажлын албанаас авсан судалгаа мэдээллээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дээр 15,000 орчим иргэн шалгалтад бүртгүүлэх төлөвтэй байна.

Харин аймаг тус бүр дээр мянга гаруй иргэн бүртгүүлэх төлөвтэй байгаа юм. Ерөнхий шалгалтад тодорхой мэргэжил, ажлын туршлага заагаагүй учраас бүртгэлд олноороо хамрагдах шаардлага үүссэн байна. 

Төрийн албаны ерөнхий шалгалтын тухайд

Иргэд гурван бүрэлдэхүүний хүрээнд шалгалт өгнө.

Нэгдүгээрт, Монголын түүх, зан заншил, нийгэм эдийн засагтай холбоотой чиглэлийн асуултууд бүхий шалгалт өгөх юм.

Хоёрдугаарт, Кирилл бичиг болон үндэсний бичиг гэсэн хоёр янзын шалгалт авна.

Гуравдугаарт, Асуудал шийдвэрлэх хүрээнд IQ сэтгэн бодох чадварыг тогтоох шалгалт орж ирж буй. Монголын түүх, зан заншилтай холбоотой шалгалтын үргэлжлэх хугацаа 60 минут бол дараагийн шалгалт 30 минут үргэлжилнэ.

Харин сүүлийн шалгалт нь 20 минутын хугацаатай аж. “Энэхүү гурван шалгалт тус тусдаа босго оноотой. Өөрөөр хэлбэл, эхний шалгалтад тэнцсэн тохиолдолд дараагийн шалгалтад орох эрхээр хангагдана гэсэн үг. Харин босгыг даваагүй иргэд хасагдана” гэж Төрийн албаны зөвлөлийн гишүүн нэмж ярьсан юм.