Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Утаа их гарч буй байршлыг тогтоох хяналтын цэгийг нийслэлийн өндөрлөг газруудад ажиллуулж эхэллээ

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сайжруулсан түлштэй холбоотой асуудлаар өнөөдөр Цагдаагийн ерөнхий газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн Онцгой комиссоос хамтран мэдээлэл хийлээ. Монголы Улсын Засгийн газрын 2018 оны 62-р тогтоолоор Улаанбаатар хотод түүхий нүүрс хэрэглэх, нэвтрүүлэхийг хориглосон байдаг.

Улмаар сайжруулсан шахмал түлшийг энэ жилээс эхлэн нийслэлийн иргэд хэрэглэж эхэлсэн билээ. Үүнтэй холбоотойгоор зуух, яндангийн битүүмжлэл, аюулгүй байдлаа хангах, галлагаа зөв хийхийн чухлыг онцлон дээрх байгууллагууд нэгдсэн мэдээлэл өгөв.

Мөн энэ үеэр Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилгоор аравдугаар сарын 22 буюу өнөөдрөөс нийслэлийн өндөрлөг газруудад хяналтын цэг байгуулахаар болсноо мэдэгдсэн юм. Ингэснээр утаа ихээр гарч буй газрын байршлыг тогтоон шаардлагатай арга хэмжээг авах аж.

Ж.Амгалан: Нийгмийн хөгжлөө дагаж, иргэд амьдрах дадлаа өөрчлөх шаардлагатай

 
Гэрэл зургийг mpa.mn

Сайжруулсан түлш хэрэглэх явцдаа угаартсан иргэдийн тоон мэдээллийг ЦЕГ-ын Нийтийн хэв журмыг хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан өглөө.

Тэрбээр "Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэх явцад иргэд амь насаа алдах, угаартах явдал хэд хэдэн удаа гарсан. Тодруулбал, зургаан дүүргийн 28 хороонд 538 иргэн хийн хордлогын улмаас эмнэлгийн тусламж авч, одоогоор 41 иргэн эмчилгээ хийлгэж байгаа тоо бий. Харин харамсалтайгаар найман иргэн нас барсан байна. Хийн хордлого авсан иргэдийн 226 нь бага насны хүүхэд" хэмээсэн.

Цаашид энэ явдлыг таслан зогсооход урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн болон төрийн бус байгууллагууд, яам, агентлагууд ажиллаж байгаа ч улам эрчимжүүлэх шаардлага бий болсныг тэрбээр мөн цохон тэмдэглэв. 

Түүнчлэн Цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Хүйтний улирал эхэлсэн тул түүхий нүүрсийг нэвтрүүлэхээр оролдох нь ихэссэн. Үүнд Улаанбаатар хотын эргэн тойронд хяналтын цэгүүд ажиллан, хяналтаа тавьж байгаа. Нийгмийн хөгжлөө дагаж, иргэд амьдрах дадлаа өөрчлөх шаардлагатай байна" хэмээлээ. 

С.Даваасүрэн: Түлшинд эргэлзэх хэрэггүй. Үүнийг бид хариуцъя

 
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн: Сайжруулсан түлшийг үйлдвэрлэх явцад мэргэжлийн хяналтын байгууллагаас 24 цагаар тогтмол хяналт тавьж байгаа. Түлшинд эргэлзэх хэрэггүй. Үүнийг бид хариуцъя. Харин зөв галлагаа, зуух, яндангийн аюулгүй байдлаа иргэд олон нийт маань хариуцах хэрэгтэй байна. 

Нэг хороо, нэг айл гэхгүйгээр зуух, янданг нь шалгаж, зөв галлагааг заах хэрэгтэй байгааг холбогдох газар, ажилтнуудад уриалъя. Төрийн бус байгууллага олон бий. Тэд нар ч үүнд хамтран ажиллах хэрэгтэй.

Сайжруулсан түлшний сайн тал нь ялгарч буй утаа нь өнгөгүй, үнэргүй тул иргэд угаарын хий ялгарч байгааг мэдэхгүйгээр гүн хордлогод орж байна. Харин түүхий нүүрсний утаа үнэртэй, өнгөтэй тул иргэд нүүрсний утаа үнэртээд эхэлмэгц, салхи оруулах зэргээр урьдчилан сэргийлдэг байсан" гэв. 

 
Гэрэл зургийг mpa.mn

Гаднын улсуудад сайжруулсан түлшийг хэрхэн хэрэглэдэг, болзошгүй тохиолдлоос яаж сэргийлдэг талаар судлагааг дээрх байгууллагууд мөн хийж байгаа аж. Үүнээс сэргийлэх гол арга замын нэг нь угаарын хий мэдрэгч гэдгийг тэд хэлж буй.