Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Беннис Агус Прима: Хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанаас болж хүний эрх ноцтойгоор зөрчигдөж байна

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Хүний эрх, хөгжлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Азийн Форум болон Монгол Улсын Хүний Эрх Хөгжил төв ( ХЭХТ)-өөс хийсэн Хүний эрхийн зөрчлийг баримтжуулсан тайланг өнөөдөр танилцууллаа.

Танилцуулгын үеэр уул уурхайн салбарын хүний эрхийн хамгаалагчид, орон нутгийн иргэд болон байгаль орчинд аюул учруулж буй хууль бус олборлолтууд нь ард иргэдийн амгалан тайван байдлыг алдагдуулж, хүний эрхийг зөрчиж байгаа болохыг орон нутгийн иргэд онцлов. 

Азийн Форум нь 2015 оноос хойш Монгол Улсын хүний эрх хөгжил төв, хүний эрхийн хамгаалагчидтай хамтран жил бүр зөвлөлдөх уулзалтыг хийж ирсэн. Энэ жил “бизнес ба хүний эрх” чиглэлд голчлон анхаарсан. Учир нь Азийн орнуудад сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийнхний үйл ажиллагаанаас болж хүний эрхийг ноцтойгоор зөрчих гэмт хэргүүд нэмэгдэж байгааг Азийн Форумын судлаач Беннис Агус Прима хэлж байв. 

Бичил уурхайн олборлолтын нөхцөл байдал улам хурцатгаж, орон нутгийн ард иргэдэд дарамт үзүүлэх төдийгүй малын бэлчээрт ихээхэн хор хохирол учруулж байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Мөн тэрбээр "Бид анх 2012 онд Дорноговь аймгийн Айраг суманд очиж, тухайн нутаг дэвсгэрт уул уурхайгаас болж үүсэн нөхцөл байдалтай танилцаж байсан. Энэ удаагийн бидний хийсэн судалгаанаас харвал үйл ажиллагааны чиглэл, цар хүрээнээс үл хамааран уул уурхай нь Монгол Улсын хойд бүс нутгийн Биндэр, Батноров, Цагаан-Овоо сумдын байгаль орчин, орон нутгийн иргэдийн аж амьдралд аюул учруулаад байгааг олж харсан.

Иймд тайландаа Дорнод аймгийн нутагт үйл ажиллагаа явуулж буй уурхайн нөлөөллийн талаар оролцогч талуудын байр суурийг голдуу оруулсан. Томоохон хэмжээний уул уурхайн үйл ажиллагааг эсэргүүцэн тэмцэж буй орон нутаг дахь хүний эрхийн хамгаалагчид, эмэгтэй хүний эрхийн хамгаалагчдад хамгийн ихээр тулгарч буй хүчирхийллийн хэлбэрүүд нь айлган сүрдүүлэг, заналхийлэл байгааг харлаа.

Түүнчлэн бичил уурхайн олборлолтын нөхцөл байдал улам хурцатгаж, нутгийн ард иргэдэд дарамт үзүүлэх төдийгүй малын бэлчээрт ихээхэн хор хохирол учруулж байна” гэв.

Хууль бус уул уурхайн асуудлаа тоодоггүй байж, аялал жуулчлалын бүс болгоно гэж ярихаас ичих хэрэгтэй
 
Гэрэл зургийг MPA.mn

“Онон мөрөн” хөдөлгөөний тэргүүн Н.Алтангэрэл “Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль зэрэг үндэсний хэмжээний хуулийн цоорхой нь уул уурхайн компаниудад боломжийг олгож байна гэж харсан. Үүнээс болж, орон нутгийн ард иргэд аюулгүй байдал, амьжиргаандаа санаа зовох нь улам нэмэгдэж байна.

Хэнтий аймгийн нутгийн ард иргэд маань биднийг хууль бус олборлолттой тэмцээч гэж шахдаг. Бид чадлаараа хичээдэг ч томчууд ирж үзэж, ажиллана гээд алга болдог. Зарим компаниуд Хэнтий аймгийн шороон ордноос байгалийн баялгаа зөөж байхад нь хүртэл Засаг дарга нь мэдээгүй сууж байсан. Нутаг орноо хамгаалж мэдэхгүй, удирдлагууд, гишүүд байгаа нь үнэхээр харамсалтай.

Хэнтий аймгийн хувьд 2018 оны гуравдугаар сараас эхлээд уул уурхайн асуудлыг олон удаа ярьсан. Энэ асуудлаа тоодоггүй байж, аялал жуулчлалын бүс болгоно гэж ярихаасаа ичих хэрэгтэй. Нутгийн ард иргэдийн тэсвэр алдагдаж байгааг хэлмээр байна. Онон голын сав газарт зургаан сум байдаг бөгөөд 10 гаруй мянган хүн амтай" гэв. 

 Олон мянган орон нутгийн иргэд дарамтан дунд өнөөдөр амьдарч байна
 
Гэрэл зургийг MPA.mn

Орон нутгийн иргэдийн төлөөлөл Д.Мөнгөнхун “Степ голд” компани нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын 2-р багийн нутаг дахь эдэлбэр газрын 5.4 мянган га талбайн тус­гай зөвшөөрлийг авсан гээд, багаас нь ИНХ-д хүсэлт гаргаагүй байхад, ямар ч зөвшөөрөлгүйгээр хашаа хатгаад үйл ажиллагаагаа эхэлсэн.

Энэ компанийн ажилчид гээд хэдэн залуу намайг өргөж аваад чулуудаж байсан үе ч байсан. Одоо хүртэл “Степ голд” компаний хүн залгаж байна.

 Бидний амьдарч байгаа газар нутаг олон хүний  амиар үнэлэгдэж ирсэн газар нутаг. Бид нутагтаа зүгээр тайван амьдармаар байна. Гэтэл хэн нь мэдэгдэхгүй хүмүүс орж ирээд амьдарч байгаа нутаг дээр маань хашаа хатгаад суухыг бид зүгээр хараад сууж чадахгүй. Тэгээд бид ажлаа хийж байна, та нар шиг тэнэг юмнууд дуугүй бай гэдэг. Энэ бүх зүйл ганц надаар дуусаагүйг та бүхэн мэдэх хэрэгтэй. Олон мянган нутгийн иргэд ийм хүнд нөхцөл байдал, дарамтан дунд өнөөдөр амьдарч байна шүү дээ. Яагаад ийм хууль бус ажиллагааг зогсоодоггүй юм бэ” гэв.