Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

Тайландын хаан үнэнч бус зан гаргасан татвар эмийнхээ цол хэргэмийг хураажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Тайландын эзэн хаан Маха Важиралонгкорн өөрийн 34 настай татвар эмийг үнэнч бус зан гаргасан шалтгаанаар шийтгэж, бүх цол хэргэмийг нь хураах шийдвэр гаргажээ.

Хааны ордноос гаргасан мэдэгдэлд түүнийг хааны хатантай байр суурь булаацалдаж, хэт амбицтай зан авир гаргаж, эзэн хаанд хүндэтгэлгүй хандсан гэж буруутгасан байна. Шийтгүүлсэн Синэнат Вонгважирапакдийг долдугаар сарын 28-ны өдөр буюу эзэн хааны 67 насны төрсөн өдөр албан ёсоор хааны татвар эмд өргөмжилсөн юм.

Тайландын хаант засаглалын сүүлийн 100 орчим жилийн түүхэнд анх удаа хааны татвар эмийг тодруулсан нь энэ байжээ.

Энэ явдлаас хоёр сарын өмнө эзэн хаан өөрийн хамгаалалтын албаны дэд дарга 41 настай Сутхидатай гэрлэж, хатанд өргөмжилж байв.

 
Тайландын эзэн хаан хатан Сутхидагийн хамт

Синэнат нь 1985 оны нэгдүгээр сарын 26-нд төрсөн, 23 настайдаа Тайландын Хааны Армийн сувилагчийн сургуулийг дүүргэж байжээ.

Дараа нь тэр онгоцны нисгэгч болж, эзэн хааны хамгаалалтын албанд хүчин зүтгэх болсон байна. Тавдугаар сард эзэн хаан түүнд хошууч генерал цол олгож байв.

 
Эзэн хаан Синэнатад хошууч генерал цол олгох үеэр

Тайландын эзэн хаан Важиралонгкорн 2016 онд нас барсан эцэг хаан Бумибол Адулядейг залгамжилсан юм. Дугуйн спорт, нисэх онгоцны хоббитой шинэ эзэн хаан голдуу гадаадад, тэр дотроо Германд удаан хугацаагаар амьдарсан хүн тул Тайландын ард иргэдэд төдий л танил биш хүн гэгддэг. Тиймээс эзэн хааны ордонд өрнөж буй үйл явдал жирийн Тай хүмүүсийн анхаарлын төвд байна.

 

Эх сурвалж: The Guardian