Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ-ын ерөнхийлөгч Туркийн армид цохилт өгөх “бүрэн бэлтгэлтэй” байгааг Помпео мэдэгджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Хэрвээ шаардлага гарвал АНУ-ын ерөнхийлөгч Сири дэх Туркийн армид цохилт өгөх “бүрэн бэлтгэлтэй” байгааг төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео өчигдөр мэдэгджээ.

“Бид дайн хийхийг хүсэхгүй. Гэхдээ цэрэг, зэвсгийн цохилт өгөх шаардлага гарвал ерөнхийлөгч Трамп шийдвэр гаргах бүрэн бэлтгэлтэй байгааг дуулгамаар байна” гэж тэр CNBC сувагт ярихдаа хэлсэн байна.

Дөнгөж хоёр долоо хоног орчмын өмнө Дональд Трамп цэргээ Сирийн зүүн хойд хэсгээс татах шийдвэр гаргаснаар Турк улс энэ бүс нутагт байлдааны ажиллагаагаа эхлүүлэх боломжтой болсон юм.

Хэрвээ АНУ-ын зүгээс Турк улсад цохилт өгвөл энэ нь NATO-гийн хувьд томоохон хагарал болно.

Тус байгууллагын дүрэмд зааснаар аль нэг гишүүн нь халдлагад өртвөл бусад бүх гишүүд нь халдлагад өртсөнд тооцдог. NATO анх Зөвлөлт Холбоот Улсын эсрэг цэргийн эвсэл болж байгуулагдсан. Сүүлд 2014 онд Крымийн хойгийг ОХУ эзэлсний дараа NATO нь Европ тивийг Кремлийн түрэмгийллээс хамгаалах зорилгод төвлөрөх болсон юм.

Хэрвээ АНУ-Туркийн хооронд мөргөлдөөн гарвал үүсэх бас нэг ноцтой асуудал бий. Туркийн Инжирликт АНУ-ын томоохон цэргийн бааз байрладаг бөгөөд энд 50 орчим тооны цөмийн зэвсэг хадгалагдаж байгаа гэгддэг.

Ер нь Сириэс цэргээ гаргах Трампын шийдвэр Вашингтонд нэлээд маргаан үүсгэж, Ардчилсан Намынхан төдийгүй Бүгд Найрамдахчууд АНУ холбоотноосоо урвалаа хэмээн хүчтэй шүүмжилж байгаа.

Дарамт шахалтад орсон Трампын засаг захиргаа “гал унтраах” арга хэмжээг яаралтай авч эхэлсэн. Гэхдээ Цагаан ордноос гаргаж байгаа мэдэгдэл бүр нь эргэлзээтэй, өөр хоорондоо зөрчилдсөн агуулгатай байгаа юм.

Жишээ нь дэд ерөнхийлөгч Майк Пэнс, төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео нар хамтдаа Анкарад очиж хэлэлцээ хийсний дараа Туркийн тал таван өдрийн хугацаанд гал зогсоох болсныг зарласан. Гэвч гал зогсоох тохиролцоог Туркийн тал няцааж, Курдуудыг бууж өгүүлэх талаар ярилцсан гэж тайлбарлаад байна.

Үүнээс гадна гал зогсоох хугацаанд Сирийн зарим хэсэгт буудалцаан болж байгаа тухай мэдээлэл ирсээр байгаа. Цагаан ордон Сири дэх 1,000 цэргээ бүрэн татах болсныг зарласны дараа Пентагоны тэргүүн Марк Эспер энэ бүс нутаг дахь газрын тосны ордуудыг Исламын улс бүлэглэлээс хамгаалахын тулд цөөн тооны цэрэг үлдээх тухай мэдэгджээ.

Гэтэл Дональд Трамп Исламын улс террорист байгууллага бүрмөсөн устсан гэж удаа дараа мэдэгдээд байна.

 

Эх сурвалж: Business Insider