Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Каталончууд Хонг Конгийн арга техникийг тэмцэлдээ ашиглаж байгаа тул Испанийн засгийн газарт дийлдэхгүй байна

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн долоо хоногийн Даваа гарагт Испани улсын дээд шүүх Каталoны салан тусгаарлах хөдөлгөөний тэргүүлэгчдэд ял оноох шийдвэр гаргасан юм.

Шийдвэрийн дараа Испаниас салан тусгаарлах үзэлтэй олон мянган хүн Барселон хотод эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж эхэлсэн байна. Ингэхдээ тэд Хонг Конгийн тэмцэгчдийн арга техникийг шууд хуулбарлан ашиглаж байгаа ажээ. Тухайлбал каталончууд Телеграм мессенжэрээр үйл ажиллагаагаа удирдаж байна. Тэд бас Хонг Конгчуудын жишээг дагаж, Барселон хотын Эль Прат олон улсын нисэх буудлыг эзлэн авч, үйл ажиллагааг нь саатуулжээ. Эль Прат нь Испанийн хоёр дахь том нисэх буудал юм.

Есдүгээр сард Хонг Конгчууд нисэх буудлыг барьцаалах аргаар дэлхий нийтийн анхаарлыг өөр дээрээ татаж байв. Телеграм мессенжэрээр тэмцэгчдийг удирдахдаа Хонг Конгчуудын хэрэглэдэг түлхүүр үгнүүдийг шууд ашиглаж байгаа ажээ.

Бас цагдаа нар усан буу хэрэглэх үед хэрхэн биеэ хамгаалах заавар бүхий зурагт хуудсыг хятад хэл дээрх тайлбартай нь хамт каталончууд сошиал сүлжээгээр тараан ашиглаж байна.

Баасан гарагт болсон мөргөлдөөний үеэр цагдаа нар 1994 онд Израйлиас худалдаж авсан ус шүршигч машиныг анх удаа ашигласан юм. Нулимс асгаруулагч хийнээс хамгаалах зурагт зааврыг хүртэл тэмцэгчид Хонг Конгоос шууд авч ашиглажээ.

Өнгөрсөн долоо хоног орчим хугацаанд 288 цагдаагийн албан хаагч шархдаж, цагдаагийн 267 машин эвдэрч, 194 тэмцэгчийг баривчилсан тухай Испанийн дотоод хэргийн сайд Фернандо Гранде-Марласка Ням гарагт мэдээлсэн байна.

Ням гарагт салан тусгаарлах үзлийг эсэргүүцэгч хэдэн зуун хүн Каталоны засаг захиргааны байрны гадна жагсаж, дэг журам тогтоохыг эрх баригчдаас шаарджээ. “Хүмүүс хүүхдээ сургуульд нь явуулж чадахгүй байна. Хүмүүс бизнесээ явуулж чадахгүй байна. Испани улсын засгийн газар дэг журам тогтоож чадахгүй байна!” гэж тэд гомдоллож байв.

 

Эх сурвалж: AFP