Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Оросын хакерууд Ираны хакеруудын “гараар могой барьжээ”

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Оросын хакерын бүлэг Ираны хакеруудын ашигладаг системд нэвтэрч, бусад улс орнуудын эсрэг халдлагадаа ашиглаж байсныг АНУ, Британийн тагнуулынхан илрүүлснээ өчигдөр зарлажээ.

OilRig нэртэй Ираны хакерын бүлэг Оросын Турла нэртэй хакеруудын бүлэгт ийнхүү ашиглуулж байсан гэнэ. 2017 онд Британийн судалгааны хүрээлэнгүүд кибер халдлагад өртөхөд тус улсын Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Төв мөрдөж эхэлжээ.

Олон сарын мөрдлөгийн үр дүнд халдлага үйлдсэн этгээдийн ул мөр Иранд байгааг тогтоосон ч цаад жинхэнэ эзэд нь Оросууд болохыг баталсан байна.

Өөрөөр хэлбэл Оросын хакерууд мөрөө баллахын тулд Ираны хакеруудын системд нэвтрээд хулгайгаар ашиглаж байжээ. Ийм аргаар Оросууд дэлхийн 35 улсын төрийн байгууллагуудад халдсаны ихэнх нь Ойрх Дорнодын орнууд байсан гэнэ.

Тэдгээрээс хамгийн багадаа 20 улсын байгууллагад амжилттай нэвтэрч чадсаныг тогтоожээ. Дээрх халдлагад Ираны хакерууд оролцсон, эсвэл энэ талаар мэдэж байсан гэх нотолгоо олдоогүйг тагнуулынхан мэдээлсэн байна.

“Халдлага үйлдэгчид хэчнээн нүүрээ нуусан ч бид илрүүлэх чадвартай гэдгээ батлан харуулах гэж энэ мэдэгдлийг хийж байна. Мөн бусад улсуудад ийм төрлийн халдлага гарах болсныг анхааруулж, кибер аюулгүй байдлаа хангахад нь туслах зорилготой” гэж Британийн үндэсний тагнуулын алба GCHQ-ийн дэргэдэх Үндэсний Кибер Аюулгүй Байдлын Төв (NCSC)-ийн захирал Пол Чичестэр мэдэгджээ.

NCSC мөрдлөгийг Британид голчлон явуулахдаа АНУ-ын Үндэсний Аюулгүй Байдлын Алба (NSA)-тай хамтран ажилласан байна.

 

Эх сурвалж: BBC