Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Баярдаваа: Ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой асуудал бол гадаад өрийн эргэн төлөлтийг бүх шатанд анхаарах

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Төрөөс мөнгөний бодлогын талаар 2020 онд баримтлах үндсэн чиглэлийг өнөөдөр Монголбанкнаас танилцуулах үеэр эдийн засгийн өсөлт болон гадаад өрийн талаар тайлбарласан юм.

Монголбанкны Мөнгөний бодлогын газрын захирал Б.Баярдаваа “Эдийн засаг мэргэшсэн дүнгээрээ 13-14 орчим хувь өсөхөөр төлөв ажиглагдаж байгаа энэ үед төсвийн орлого харьцангуй биелэх боломжтой гэж харж байна.

Ойрын хугацаанд шийдвэрлэх ёстой асуудал бол Засгийн газраас гадаад өрийн эргэн төлөлтийг бүх шатанд анхаарч шийдвэрлэх явдал юм. Үүнд макро эдийн засгийн суурь нөхцөл байдлыг бэлдэх, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах ажлууд болон бодлогын түвшинд ажлууд хийгдэх хэрэгтэй.  

Гадаад эрэлт маш тодорхой бус байдалд байгаа. Учир нь хоёр том гүрний хооронд өрнөж буй худалдааны маргааны асуудал 2018 оны сүүлээс эхлээд шийдэгдээгүй явж байна.  

Нөгөө талд дэлхийн эдийн засгийн төлөв байдлын хурдац нь саарах төлөв байдалд орсон. Энэ нь улс орнууд, бизнес эрхлэгчдэд нийт эрэлт саарах дохиог өгч байгаа хэрэг. Иймд энэ тал дээр бодлого боловсруулагч нар анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, нэгэнт гадаад орчинд биднээс үл хамаарах нөхцөл байдал үүсэж байгаа учраас эдийн засаг, бизнесийн төлөвлөлтөө эргэн харах шаардлагатай.

Дараагийн нэг зүйл нь төлбөрийн тэнцэл хүндрэлтэй байгаа цагт саарал жагсаалт хүндээр тусдаг. Харин манай улсын хувьд гадаад худалдаа, төлбөрийн тэнцэл алдагдалгүй, экспортын орлого сайн буюу эдийн засаг өсөлттэй явж байгаа тул гайгүй гэсэн үг. Гэхдээ бид цаашид тайвшрахгүйгээр засаж сайжруулах зүйлсээ хурдан хугацаанд засах л хэрэгтэй” гэв.