Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

МГТИС-ийн Багш нарын VI бага хурал идэвхтэй суралцахуйн арга зүйг сургалтад нэвтрүүлэх талаар онцоллоо

ikon.mn
2019 оны 10 сарын 21
Сурталчилгаа

"Идэвхтэй суралцахуйн арга зүйг сургалтад нэвтрүүлэх нь" сэдэвт Багш нарын эрдэм шинжилгээ онол-практикийн  VI бага хурал Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2019 оны 10-р сарын 19-ний өдөр болж өндөрлөлөө. Бага хурлыг Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль (МГТИС), Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газар болон Дорнод их сургуультай хамтран зохион байгууллаа.

Тус бага хурал нь жил бүр Ерөнхий боловсролын сургуулийн багш нартай харилцан туршлага солилцох, сургалтын шинэ арга барилыг хөгжүүлэх зорилготойгоор жил бүр зохион байгуулагддаг МГТИС-ийн уламжлалт арга хэмжээний нэг юм. Улаанбаатар хотоос Монгол Улсын их сургууль, Орчлон Олон улсын сургууль, Эрхэт эрдэм, Хобби сургууль, Дархан-Уул аймгийн “Оюуны Ирээдүй” цогцолбор, 1-р сургууль, Булган аймгийн Ерөнхий Боловсролын лаборатори “Эрдмийн Өргөө” цогцолбор сургууль болон Дорнод аймгийн сургуулиудын нийт 100 орчим багш хуралд оролцсон байна.

Дорнод аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга А.Нансалмаа, “Нэг жилийн өмнөөс бид төлөвлөн хэлэлцсэний дагуу МГТИС-тай хамтран байгалийн шинжлэх ухаан болон англи хэлний багш нартаа зориулсан энэхүү хурлыг хамтран зохион байгууллаа. Монгол Улсдаа төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн энэ сургуулиас суралцах, сургалтын дэвшилтэт арга барилыг Дорнод аймагтаа нутагшуулах нь бидний хувьд чухал юм. Бид бусад сургуулийн багш нараас сайн туршлагыг суралцах, Дорнодын боловсролын чанарыг дээшлүүлэх, багшийн хөгжлийг ахиулахад энэ хурал чухал ач холбогдолтой гэж бодож байна.” гээд цаашид энэ чиглэлээр олон ажил хамтран хийхээр төлөвлөж буйгаа мэдэгдсэн юм.

Хуралд илтгэгч багш нар хүүхдийн сэтгэхүй, суралцах арга барилыг сайжруулах өөрсдийн санаачилга, туршлагыг бусад багш нартай хуваалцаж, “Түлхүүр бодлого-сургалтын түлхүүр”, “Өөртөө итгэх итгэлийг төлөвшүүлэх нь”, “Хүүхдийн бүтээлч сэтгэхүйг хөгжүүлэхэд багшийн бүтээлч чадвар нөлөөлөх нь”, “Бие даалтаар сурагчдыг төлөвшүүлэх нь” сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж санал бодлоо солилцсон юм.

Хурлын салбар хуралдаан “Математик”, “Физик”, “Хими-хүрээлэн буй орчин” болон “Англи хэл”-ний чиглэлээр явагдаж, эдгээр хичээлүүдэд сурагчдын анхаарал төвлөрөл, идэвхийг хэрхэн сайжруулж, дижитал технологийн хөгжлийг хэрхэн тусгах, багш нарын оролцоог дээшлүүлэхэд чиглэгдсэн байлаа. Хуралд хэлэлцүүлэг өрнүүлж, багш нарын санал бодлыг чөлөөтэй хуваалцаж, ирэх жилийн багш нарын бага хурлаар хөндөх сэдвийг ч онцлон ярилцав.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.