Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд хамгаалагчид есдүгээр сараас хойш 63 гэмт хэргийг газар дээр нь таслан зогсоожээ

Г.Номин, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

"Хүүхэд хамгаалагч" төслийн явц, хүүхэд хамгаалах чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаг үеийн нөхцөл байдлын талаар албаныхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “ХҮҮХЭД ХАМГААЛАГЧ” төслийг Ерөнхийлөгчийн Тамгын газар болон Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. Хүүхэд хамгаалагчаар ахмад настнууд ажилладаг бөгөөд улсын хэмжээнд 195 хүүхэд хамгаалагч ажиллаж байгааг ЦЕГ-ын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Д.Будзаан хэллээ.

Мөн төсөл хэрэгжиж эхэлснээс хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг 4.5 хувиар буурсан гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Үргэлжлүүлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн орон тооны бус зөвлөх Р.Булгамаа "Монгол Улсын Ерөнхийлөгч 2019 ны 60 дугаар зарлигаар 2019 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж байгаагийн нэг нь "Хүүхэд хамгаалагч" төсөл юм. Уг төслийг 2019 оны тавдугаар сард нийслэлийн хоёр дүүрэгт туршилтын журмаар хэрэгжүүлэхэд тодорхой үр дүнд хүрсэн учраас 2019-2020 оны хичээлийн шинэ жил эхэлмэгц төслийг дахи хэрэгжүүлсэн.

Төслийн хүрээнд гэмт хэрэгт өртөж болзошгүй хүүхдүүд болон газар байршлын жагсаалтыг гаргаж, олон нийтийн эргүүл хяналт тавьж байна. Эргүүл хяналтын ажилд боловсрол, батлан хамгаалах салбараас тэтгэвэрт гарсан өндөр настнуудыг сонгон ажиллуулж буй.

Хүүхэд хамгаалагч нар ажилласны үр дүнд гэмт хэргийн гаралт буурсан эерэг үр дүнтэй байгааг хэлсэн. Тиймээс цаашид хүүхэд хамгаалагчдаас гадна иргэд, олон нийтийг татан оролцуулах хэрэгтэй гэдэгт бид санал нэгдэж байгаа" хэмээн хэллээ.

Хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэрэг дийлэнх тохиолдолд сургууль, гэр, гудамж талбайд үйлдэгдэж байгаа учраас "School police" төслийг хэрэгжүүлж, үргэлжлүүлэн "Хүүхэд хамгаалагч" төслийн хүрээнд иргэдийг соён гэгээрүүлэх мэдээлэл өгч, гудамж талбайд аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллаж байгааг албаныхан хэлж байв.

Үе тэнгийн хүүхдүүд биенээ дарамтлах, дээрэлхэх зэргээс үүдэн гэмт хэрэг үйлдэгдэх нөхцөл бүрдэхэд хүүхэд хамгаалагч нар газар дээр нь таслан зогсоож байгаа юм байна. Тодруулбал, нийслэлд 133 хүүхэд хамгаалагч ажиллаж, 63 гэмт хэрэг(дээрэм, зам тээврийн осол гэх мэт)-ийг газар дээр нь таслан зогсоожээ.
 
Гэрэл зургийг mpa.mn

Гэр бүл, хүүхэд, залуучуудын газрын Хууль эрх зүй, хамтын ажиллагааны газрын дарга А.Энхбаатар "Гудамж талбайд гэмт хэрэг үйлдэгдэж, хүүхэд хохирогч болсон тохиолдолд хүүхэдтэй хамгийн түрүүнд хүүхэд хамгаалагч харьцаж байгаа учраас Гэр бүл, хүүхэд, залуучуудын газраас хүүхэд хамгаалагчдад сургалт явуулна.

Гэмт хэрэгт өртсөн, сэтгэл зүй нь тогтворгүй байгаа хүүхдийн нас, бие, сэтгэхүйн онцлогт тохируулан хэрхэн харьцах талаар анхан шатны мэдлэгжүүлэх сургалтыг удахгүй эхлэх сурагчдын амралтын үеэр зохион байгуулахаар төлөвлөж байгаа" гэдгийг хэлсэн юм.

Нийслэлийн хороодын бүтэц өөрчлөгдөж, 160 гаруй хороотой болсон. Мөн хүүхэд хамгаалагчид эрүүл мэндийн шалтгаанаар ажиллах боломжгүй болсон гэх мэтээс үүдэн хүүхэд хамгаалагч нар дутагдалтай байгаа аж.