Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Найдалаа: Саарал жагсаалтаас гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно

Г.Мөрөн, iKon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
 
Гэрэл зургийг Mpa.mn

Мөнгө угаахтай тэмцэх санхүүгийн арга хэмжээ авах олон улсын байгууллага /ФАТФ/-аас Монгол Улсыг хяналтад байх орнуудын жагсаалт буюу саарал жагсаалтад дахин оруулж байгаагаа Баасан гарагт албан ёсоор зарласан. 

Үүнтэй холбоотойгоор Хөдөлмөрийн үндэсний намаас өнөөдөр мэдээлэл хийж, хэрхэн саарал жагсаалтаас гарах шийдлийн талаар өөрсдийн байр суурийг илэрхийллээ. 

Хөдөлмөрийн үндэсний намын Удирдах зөвлөлийн дарга Т.Доржханд “Саарал жагсаалтад багтсан улсуудыг харвал ихэнх нь дотооддоо шашны мөргөлдөөнтэй, иргэний дайнтай, офшор бүсийн орнууд байдаг. Дэлхийн 200 гаруй улсын сүүлээсээ 10-20 байрт жагсаж байгаа, засаглал нь хямарсан, эдийн засаг нь ил тод биш улсуудын түвшинд манай улс орлоо. Тухайн хуралд оролцсон бүх улс Монгол Улсыг дуу нэгтэйгээр саарал жагсаалтад оруулсан нь анхаарал татаж байна” гэлээ.

Түүнчлэн гарах үр дагаврын тухайд гадаад гүйлгээний шимтгэл өсөж, хугацаа удаашрах, Монгол Улсын зээлжих зэрэглэл буурах, гадны хөрөнгө оруулалтыг огцом буурах, цаашлаад төгрөгийн тогтвортой байдалд нөлөөлж, Монгол хүний худалдан авах чадвар буурах зэрэг эрсдлийг тус намаас нэрлэсэн юм. 

Харин саарал жагсаалтад орсон үндэслэлийг

  • Авлига, албан тушаалын ноцтой хэргүүд шүүхийн шатанд очоод шийдэгддэггүй. Үүний ард мөнгө угаах, авлигын үндэс байна гэж олон улс үзэж байна.
  • Монгол Улс 2015 онд Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийг баталж, 34 гаруй их наядтай тэнцэх хэмжээний хууль бус мөнгийг хуулийн дагуу болгож өршөөсөн. 
  • Хойд Солонгос улстай манай улс харилцаа тогтоон тухайн үеийн Батлан хамгаалахын сайд нь зэвсэг нийлүүлсэн. Мөн олон тооны ажилчдын оруулж ирж хөдөлмөр эрхлүүлж байсан. Түүний тодорхой хэсэг нь цөмийн зэвсгийг хөтөлбөрийг санхүүжүүлэхэд зарцуулагдсан гэж олон улс харж байгаа хэмээн тайлбарлав.

Тиймээс дээрхийг арилгахыг тулд Хөдөлмөрийн үндэсний намаас Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Засгийн газрын тэргүүн нарт хүргүүлж байгаа аж. Үүнд:

  1. ЖДҮ, 60.0 тэрбум, Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Засгийн газрын бонд, Хөгжлийн банк, Концесс зэрэг томоохон албан тушаалын хулгай, гэмт хэргүүдийг яараптай таслан шийдвэрлэх чиглэлээр прокурор, шүүхийн байгууллагуудын үйл ажиллагааг эрчимжүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгаас шаардаж байна.
  2. Арилжааны банкуудад зохих хяналт тавьж ажиллаагүй Монголбанкны удирдлага болон холбогдох албан тушаалтанд хариуцлага тооцохыг УИХ-ын дарга Г.Занданшатараас шаардаж байна.
  3. Мөнгө угаах, терроризмтай тэмцэх зөвлөлийн дарга, хууль зүйн сайд Ц.Нямдоржийн ажлын хариуцлагагүй байдал, томоохон хэргүүдийн хөөн хэлэлцэх хугацааг дуусгавар болгох замаар ял завших бололцоо олгосон зэрэг үйлдэлд хариуцлага тооцохыг Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээс шаардаж байна гэжээ. 

"Зүйрлэбэл, саарал жагсаалтад орох нь шоронд орж байна гэсэн үг"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Хөдөлмөрийн үндэсний намын дарга Б.Найдалаа "Саарал жагсаалт бол орж л байдаг, гарч л байдаг зүйл биш. Зүйрлэбэл, саарал жагсаалтад орох нь шоронд орж байна гэсэн үг. Үүнээс гарах шийдэл нь улс төрийн шинэчлэл байх болно" гэв. 

Б.Мөнхсоёл: Ханшийн савлагаанаас үүдэн олон улсын зах зээлд төлөх ёстой бидний өр улам үнэд орж байна

 
Гэрэл зургийг mpa.mn

Эдийн засагч Б.Мөнхсоёл "Саарал жагсаалтад орсон нь шийдвэр гаргах түвшнийхэн хэрхэн ажиллаж буйд тавьж байгаа дүн. Гол шалтгааны нэг нь авлига. Үүнийг зөвхөн дээр байгаа хүмүүсийн хооронд болдог зүйл гэж бодож байж магадгүй. Гэтэл үгүй. Цалингийн өсөлт, барааны үнийн бууралтаар таны гар дээр ирэх байсан мөнгө авлигад зориулагдаж байна гэсэн үг. Энэ нь бидэнд шууд хамаатай. Хэрэв авлига байдаггүй бол ажилгүй байгаа 10 хүний тав нь ажилтай байх байлаа. 

Түүнчлэн саарал жагсаалтад орсны үр дагаварт ханшийн савлагаа үүсэж байна. Ердөө хэдхэн хоноход 10-20 төгрөгөөр валютын ханш савласан. Олон улсын зах зээл дээр босгосон өрөө манай улс 2021 онд төлнө.

Гэвч тэр хэмжээний мөнгийг бид төгрөгөөр худалдаж авна. Өөрөөр хэлбэл, ханшийн савлагаанаас үүдэн бид төлөх өр үнэд орж байна. Тэр бүх мөнгө төсвөөс гарна. Төсөв нь бидний цалин, аж ахуйн нэгжийн татвараас бүрдэж байгаа. Арай багаар төлөх байсан өрөө илүү үнэтэйгээр төлөх гэж байна. Ингэснээр цалин тэтгэвэр нэмж магадгүй байсан мөнгөө зээлээ төлөхөд зарцуулна" хэмээлээ.