Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Чили даяар иргэдийн тэмцэл өрнөж, засгийн газар нь онц байдал зарлажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Баасан гарагт Өмнөд Америкийн Чили улс даяар иргэдийн жагсаал тэмцэл эхэлснээс засгийн газар нь онц байдал зарлаж, хөл хорио тогтоожээ.

Тус улсын ерөнхийлөгч Себастьян Пинера нийслэл Сантьяго хотод хэдэн мянган цэрэг оруулж, дэг журам тогтоох арга хэмжээ авсан байна.

Босогчид автобуснуудыг шатааж, метроны өртөөнүүдийг сүйтгэж, дэлгүүрүүдийг тонон дээрэмджээ.

Ням гарагийн өглөө нийслэл дэх АНУ-ын Walmart их дэлгүүрт босогчид гал тавьснаас хоёр эмэгтэй шатаж амиа алдсан байна. Бас нэг хүний биеийн 75 хувь түлэгдэж, эмнэлэгт хүнд байгаа гэнэ.

1974-өөс 1990 оны хооронд Чилид тогтож байсан Августо Пиночетын цэргийн дэглэмээс хойш засгийн газар анх удаа армийн цэргүүдийг гудамжинд дайчилсан нь энэ юм.

Өнгөрсөн долоо хоногт засгийн газар метроны тасалбарын оргил цагийн тарифыг 800 песогоос 830 песо ($1.13-$1.15) болгон нэмсэн нь иргэдийг тэмцэхэд хүргэжээ. Метроны тарифын өсөлт нь зөвхөн шалтаг болсон бөгөөд иргэд засгийн газрынхаа явуулж буй хэт либерал эдийн засгийн бодлогыг эсэргүүцэж байсан юм. Тухайлбал эрүүл мэнд, боловсролын салбарыг бүхэлд нь хувьчилснаар тэгш бус байдлыг дэвэргэж, амьдралын өртгийг нэмэгдүүлж байна гэж иргэд шүүмжилж байгаа.

Чили бол нэг хүнд ноогдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээ нь $20,000 хүрдэг, энэ үзүүлэлтээр Латин Америкт тэргүүлдэг орон. Энэ оны эдийн засгийн өсөлт 2.5 хувь байх төсөөлөлтэй, инфляцийн хэмжээ дөнгөж 2 хувьтай байгаа.

Гэвч засгийн газрын алдаатай бодлого нийгмийн тэгш бус байдлыг нэмэгдүүлж байгаагаас иргэдийн бухимдал дээд цэгтээ хүрсэн байна. Өнгөрсөн гурван өдөрт Чили даяар 1,462 тэмцэгчийг баривчилсны 614 нь нийслэл Сантьяго хотоос баригджээ.

 

Эх сурвалж: AFP