Аравдугаар сарын 12-ны өдөр АНУ-ын Шинэ Орлеан хотод баригдаж байсан Hard Rock зочид буудлын барилга тодорхойгүй шалтгаанаар нурснаас гурван барилгачин амиа алдсан юм.
Ослын дараа тус барилга дээр ажиллаж байсан хоёр ширхэг өргөгч цамхаг ноцтой гэмтэн хазайж, хэзээ мөдгүй нурж унахаар болоод байв. 82 болон 91 метр өндөртэй хоёр цамхаг нь хэдэн мянган тонн жинтэй бөгөөд хэрвээ өөрийнхөөрөө нурвал ойр орчмын барилгуудыг гэмтээх, газар доогуур байрлаж буй цахилгаан, хийн хоолойнуудыг сүйтгэх магадлалтай болжээ.
Тиймээс өргөгч цамхагуудыг аюулгүй нураах ажил эхэлж, есдүгээр сарын 11-ний террорист халдлагад өртсөн барилгыг буулгах ажлыг гүйцэтгэж байсан инженер мэргэжилтнүүдийг урьж ажиллуулсан байна. Маш сайн тооцоолсны үр дүнд цамхагууд хавь орчиндоо аюул учруулалгүйгээр нурах ёстой байв.
Ингээд цамхагуудыг тэсэлж аюул багатайгаар нураах ажил Баасан гарагт төлөвлөгдсөн ч хоёр хоног хойшилж, Ням гарагт гүйцэтгэжээ.
Шинэ Орлеан хотын захиргаа өргөгч цамхагийн ойролцоо газар нутагт хөл хорьж, иргэдийг зөвхөн телевизийн дэлгэцнээс үйл явцыг харахыг зөвлөсөн байна.
Хотын захирагч ЛаТояа Кантелл өргөгч цамхагуудыг нураах ажиллагаа амжилттай болсныг өчигдөр хэвлэлийн хурал дээр мэдэгджээ.
Зочид буудлын барилга нурах үед амиа алдсан гурван ажилчны нэгийнх нь цогцсыг гаргаж аваад байсан юм. Цамхагуудыг аюулгүй болгосны дараа үлдсэн хоёрынх нь цогцсыг хайх ажил эхэлж байгаа ажээ.
Ослын шалтгаан тодорхой болоогүй байгаа бөгөөд барилга дээр ажиллаж байгаад гэмтсэн 20 гаруй хүн шүүхэд хандаж, барилгын эзэмшигч, гүйцэтгэгчдийн эсрэг зарга үүсгэжээ.
Эх сурвалж: Associated Press