Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Камерон МакРей: Шударгаар хэлье, уул уурхайн салбар Монголын хувьд хүн амынх нь дараа орох эдийн засгийн хамгийн том баялаг

Ц.Баасансүрэн, Өдрийн сонин
2019 оны 10 сарын 21
Өдрийн сонин
Зураг зураг
Баруун гар талаас Камерон МакРей /Гэрэл зургийг mpa.mn/

“Кинкора коппер” компанийн Захирлуудын зөвлөлийн дарга Камерон МакРейтэй ярилцлаа.

-Монгол Улсын хөрөнгө оруулалт татах чадвар сул байгаагийн гол шалтгаан гэвэл та юуг онцлох вэ?

-Хэд хэдэн зүйлийг дурдаж болно. Нэгдүгээрт, Засгийн газрын оролцоо байна. Хөрөнгө оруулагч, бизнесүүдийн талаар нийгэмд төрөөд байгаа нийтлэг ойлголтуудыг мөн дурдаж болно.

Хөрөнгө оруулагчдын сонирхлыг татахааргүй орчин нөхцөлийн талаар бол байнга ярьдаг. Ямар нэгэн дэмжлэг байхгүй эрх зүйн орчинд явагдаж буй улс төрийн хэлэлцээрүүд, уул уурхайн салбарын талаарх олон нийтийн ойлголт хандлага гэж ирээд яривал тодорхой шалтгаануудыг дурдаж болно л доо. Хайгуулын компани, хөрөнгө оруулагчдын хувьд сонирхож байгаа улсынхаа татварын системийг хардаг, Татварынхаа өрсөлдөх хэр чадвартай байна вэ гэсэн асуулт тавьж хариу хайдаг.

Тусгай зөвшөөрөл олж авах явц нь хялбар эсэхийг бас хардаг. Эсвэл тухайн улсад үйл ажиллагаа явуулахад боломжийн эсэхийг үнэлж цэгнэдэг. Энэ бүхний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийдэг юм.

-“Дисковер Монголиа” чуулганд оролцсон хөрөнгө оруулагчид Монголын өрсөлдөх болон хөрөнгө оруулалт татах чадварыг сул гэж байр сууриа илэрхийлж байсан. Сүүлийн хэдэн жил хөрөнгө оруулагчид ийм үнэлэмжтэй байлаа. Энэ үнэлэмж өөрчлөгдөхгүй яваа шалтгаан нь юундаа байна вэ?

-Миний хувьд “Дисковер Монголиа" чуулганд 10 дахь жилээ оролцож байна. Энэ жил дотоодын компани, Засгийн газрын төлөөлөл, Элчин сайдын яамд, төрийн өмчит компани, олон улсын санхүүгийн байгууллага, зарим ТББ-ууд болон Монголыг сонирхсон талуудын оролцоо сайн байсан.

Харамсалтай нь уул уурхайн салбарын хувьд нүүрснээс бусад салбарын төлөөлөгчид бага оролцлоо. Хайгуулын компани, олон улс дахь уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид цөөхөн оролцсон гэж харж байна. Бидний хувьд өнгөрсөн жил болон энэ онд “Дисковер Монголиа”-д ирсэн хүмүүсээс судалгаа авсан юм. Хайгуулын үйл ажиллагаа идэвхтэй явуулах ч юм уу өндөр түвшний хайгуул хийхэд Монголд том боломж бий, нөгөө талаас нь харвал сайжруулах зүйлс ч их байна гэсэн дүгнэлт гарсан.

Ер нь хөрөнгө оруулагчид аль нэг улсыг сонгож хөрөнгө оруулахдаа тухайн улсын хөрөнгө оруулалт татах чадварыг өндөр шалгуураар үнэлдэг. Хэрвээ тэдгээр үнэлгээнд муу дүн авбал тухайн уясыг сонирхох сонирхол тэр даруй буурдаг.

-Дэлхийн банк энэ сард гаргасан бүсийн тайландаа мега төслийн хэрэГжилт сул, удаан байгаа нь эдийн засагт сөргөөр нөлөөлөх нэг гол шалтгаан гэж онцолсон байсан. Ер нь уул уурхайн салбарт мега төслүүд хэрэгжих боломж, ирээдүй хэр байгаа гэж та боддог вэ?

-Миний бодлоор Дэлхийн банкнаас удаашралтай, тааруу хэрэгжиж буй том төслүүдийн “эрсдэл”-ийн талаар анхааруулсан байх. Үүнээс гадна макро эдийн засаг, төсвийн хүрээнд Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээнүүд одоо явагдаж буй үйл явцыг удаашруулж байна. Уг нь Монголд том төслүүдийг амжилттай хэрэгжүүлсэн түүхэн туршлага бий.

Үндсэндээ нэг тэрбум ам.доллараас их хөрөнгө оруулалтын өртөгтэй төслүүдийг мега төсөл гэж үздэг. Жишээ нь, Оюу толгой төслийн эхний үе шат бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн амжилт. Төслийн үйл ажиллагаатай танилцсан хүмүүс Монголд өрнөсөн бүтээн байгуулалт, бизнесийн гайхалтай үр дүн гэж шууд хүлээн зөвшөөрдөг. Том төсөл тойрсон улс төрийн үргэлжилсэн маргааныг алгасаж, энэ маргаанаас хол байлгах төслийн нэг бол Оюу толгой.

Энэ төслийн Монголд, монголчуудад, монгол компаниудад авчрах үр ашгийг бодолцон Засгийн газраас бүтээн байгуулалтыг нь цаашид үргэлжлүүлэн дэмжих хэрэгтэй. Том төслүүдийн амжилтын түүхийг үргэлжлүүлэх эсэх нь хэд хэдэн зүйлээс шалтгаална.

Гэхдээ эдгээр хүчин зүйлс нь нэгэн зэрэг бүрэлдсэн байх ёстой. Тэгж байж мега төсөл амжилттай урагшилдаг. Уул уурхайн том төслүүдэд УИХ, Засгийн газраас тодорхой дэмжлэг үзүүлэх хэрэгтэй. Ийм дэмжлэг үгүй тохиолдолд нийгэм дэх олон нийтийн эсэргүүцэл л улам дэвэрч байдаг.

-“Дисковер Монголиа”-гийн үеэр яригдсан шинэ мега төсөл гэвэл “Эрдэнэс Таван толгой”-н охин компанийн гаргах гэж буй IPO байсан. Одоогийн яригдаж байгаа хувилбарын амжилт олох магадлал хэр бол. Оюу толгойн дараагийн том хөрөнгө оруулалтыг татаж чадах болов уу?

-Таван толгой төсөл бол Монголд маш чухал бизнес. Сүүлийн 2-3 жилийн хугацаанд Таван толгойн уурхайн борлуулалт ДНБ-ий өсөлт, экспортын орлогын түвшнийг нэмэгдүүлж, төгрөгийн ханшийн тогтвортой байдалд эергээр нөлөөлсөн. Эрдэнэс Таван толгойн хувьд IPO гаргах ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд компанийн засаглал, менежментээ дэлхийн жишигт маш хурдан хүргэх талаар эрэлхийлэх хэрэгтэй. Компанийнхаа стратеги, бизнес төлөвлөгөөг хөрөнгө оруулагчдыг мөнгөө оруулахад бэлэн байхуйц түвшинд боловсруулах шаардлагатай гэж бодож байна.

-Уул уурхайн салбарын хөрөнгө оруулагчид Үндсэн хуульд байгалийн баялгийн талаар оруулахаар тусгасан нэмэлт өөрчлөлтийн талаар ямар байр суурьтай байсан бол. УИХ-ын гишүүн асан Х.Тэмүүжин саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Уул уурхайг түшиглэсэн популизмыг Үндсэн хуульд биччих шиг боллоо” гэж байр сууриа илэрхийлсэн. “Дисковер Монголиа”-гийн үеэр энэ сэдвээр хөндөж ярьсан уу?

-Тийм ээ, энэ асуудал “Дисковер Монголиа’’-ийн үеэр яригдсан.Үндсэн хуулийн ямар өөрчлөлтийг ард түмэнд санал болгох вэ гэдэг нь Монголын парламентын гишүүдийн хамтын шийдвэр, улс төрийн үйл явц. Боломжит хөрөнгө оруулагчид, хайгуулын болон уул уурхайн компаниуд үүнийг анзаарч байгаа ч төдий л сүрхий анхаарал хандуулаагүй байж мэднэ.

Учир нь ихэнх хөрөнгө оруулагч бизнест ээлтэй хөрөнгө оруулалтын орчныг бий болгох тал дээр улстөрчдөд мэдээлэл өгч, нөлөөлж ажиллахыг, тийм ажилд цагаа гарздахыг хүсдэггүй. Ингэж цагаа алдсанаас аль хэдийнээ ээлтэй бизнесийн орчныг бий болгосон газарт хөрөнгө оруулалт хийхийг хүсдэг.

Хууль эрх зүйн орчин нь нөхөрсөг бус, ойлгомжгүй тохиолдолд ихэнх компанийн хуулийн зөвлөхүүд тухайн улсад цаг мөнгө, хөрөнгө зарцуулахдаа болгоомжтой байхыг зөвлөдөг. 

-Монгол хайгуулын нөөц боломж ихтэй улсын тоонд багтдаг ч боломжоо ашиглаж чадахгүй улам бүр хумьсаар байна л даа. Энэ янзаараа явбал хоёр жилийн дараа хайгуулын лиценз гэсэн ойлголт байхгүй болно гэсэн утгатай үгийг “Дисковер”-ийн үеэр мэргэжлийн хүн хэлж байсан. Хайгуулын салбар эмзэг байгааг илэрхийлсэн өөр олон тоо ч дуулдсан. Хайгуулын салбарыг сэргээж, шинэ хөрөнгө оруулагчдыг татах ямар гарц, шийдлүүд байна вэ?

-Энэ бол маш ярвигтай сэдэв. Учир нь хайгуул хийх нь өөрөө маш эрсдэлтэй. Тодорхой төрлийн хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай байдаг. 1000 хайгуулын төслөөс зөвхөн нэг төсөл нь том уурхайн түвшинд очиж, олборлолт явуулдаг онцлогтой салбар.

Хайгуулын багийн чадвар, геологийн нөөц, боломж дээр тулгуурлаж “хөрөнгө оруулалтын бооцоо” тавьдаг учраас хөрөнгө оруулалт хийх бэлэн хөрөнгө оруулагч маш цөөн байдаг юм. Үүн дээр тухайн бүс нутагт улс төр, нийгмийн эрсдэл их гэж үзвэл хөрөнгө оруулалтын шийдвэрээ царцаадаг. Энэ хандлагыг олон улсад “нэг миль гүйх” гэж нэрлэдэг. Товчхондоо ийм онцлогтой салбарт мөнгөө хийсэн, хийх гэж байгаа хөрөнгө оруулагчид тухайн бүс нутгийг маш нарийн ажигладаг.

Хайгуулын салбарыг сэргээе гэсэн чин хүсэл байгаа бол хоёр зүйл дээр анхаарал хандуулснаар шийдэл гаргах боломжтой. Нэгдүгээрт хайгуулын компани, хөрөнгө оруулагчдад геологийн мэдээлэл, нөөц бололцооны талаар анхаарлыг нь татаж чадахуйц мэдээлэл түгээх хэрэгтэй. Тийм мэдээллийг түвэг чирэгдэлгүй, хялбар олж авах орчин их чухал.

Мэдээллийг аль болох цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх шаардлага бий. Мэдээж олж авсан мэдээлэлдээ дүн шинжилгээ хийх боломжийг нь бас хангаж өгч байж энэ салбарт эерэг үр дүн гарна. Хоёрдугаарт, тусгай зөвшөөрөл олгох тогтолцоо, татвар, дэмжлэг үзүүлэхүйц байх хэрэгтэй. Дунд зэргийн уул уурхайн төсөлд бүтээн байгуулалт хийж, олборлолтын шат руу ороход дор хаяж 10 жилийн хугацаа шаарддаг.

-Зарим компанийн төлөөлөл, хөрөнгө оруулагчид уул уурхайн лицензүүдийг хоморголон хураасан явдалд эмзэглэж байсан. Дэлхийн банкны зүгээс ч гэсэн гэнэтхэн нэг өдөр огцом шийдэх маягаар таамаглах аргагүй нөхцөл үүсгэх нь хөрөнгө оруулагчдад таатай сэтгэгдэл төрүүлдэггүй гэж байсан. Энэ тал дээр уул уурхайн салбарынхан санаа оноо, гарц шийдэл гаргав уу?

-Тусгай зөвшөөрөл эзэмшигчид нь холбогдох нөхцөл шаардлагыг хангаагүй тохиолдолд тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох, эсвэл цуцлах нь Засгийн газрын бүрэн эрх л дээ. Лицензийн төлбөрөө төлөөгүй, ажлын төлөвлөгөө хангаагүй, байгаль орчны өмнө хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс болж лицензийг цуцлах нөхцөл үүсдэг. Ер нь бол заасан шаардлагыг хангаагүйгээс дээрх нөхцөл байдал үүсдэг.

Гэхдээ лицензийг цуцлахаас өмнө алдаа, дутагдлыг засаж сайжруулах хугацааг Засгийн газраас егдөг жишиг дэлхийд бий. Ер нь бодлогын түвшинд юу хамгийн чухал вэ гэвэл “лицензийг дамлах"-ыг хориглох хэрэгтэй.

Лицензийг зарж борлуулж, үүнээс ашиг хонжоо олдог байдлыг зогсоох шаардлагатай. Санхүүгийн нөөц бололцоотой хайгуул, бүтээн байгуулалт, хөгжүүлэлтийн үнэнч компаниуд л лиценз эзэмших хэрэгтэй. Ингэснээр илүү чанартай хайгуул, уул уурхайн компаниуд илүү олноороо дэлхийн стандартын дагуу ажилладаг болно.

-Ер нь уул уурхайн салбарт төрийн оролцоо их байх нь ямар эрсдэлтэй вэ, боломж давуу тал нь гэвэл юу байх бол. Хайгуул, уул уурхайгаа илүү хөгжүүлье гэвэл хувийн хэвшилд даатгах чигт явбал амжилтад хүрнэ гэсэн байр суурийг “Дисковер”-ийн үеэр цөөнгүй хүн илэрхийлж байсан. Таны байр суурийг сонсмоор байна?

-Хувийн бодлоо хэлье. Дэлхий дээр хамгийн амжилттай үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниуд хувийн салбараас гарсан байдаг. Төрийн өмчит уул уурхайн компаниуд засаглалын асуудлаас шалтгаалж ихэвчлэн үр дүн муутай ажилладаг юм шиг анзаарагддаг. Төрийн өмчит компаниудын хувьд бизнесээ цаашид хөгжүүлэх санхүүжилт босгоход амаргүй байдаг.

Нэр хүндтэй маш олон эдийн засагч эдийн засгийн зөв загварыг тайлбарлахдаа Засгийн газраас өндөр бүтээмж бүхий эдийн засагт зөвхөн дэмжих байдлаар оролцох хэрэгтэй гэж зөвлөдөг. Харин компаниудаас цуглуулсан татварын орлогыг Засгийн газрын зүгээс шаардлагатай тусламж үйлчилгээ үзүүлэх, дэд бүтцийг хөгжүүлэх зэрэгт зарцуулснаар эдийн засгийг тэтгэнэ гэж үздэг.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар уул уурхайд хамааралтай 10 гаруйхан хуульд 267 давхардал, 150 хийдэл, 150 зөрчил байгааг тогтоосон талаар ярьж байсан. Та энэ салбарыг гүнзгий мэдэх хүмүүсийн нэг. Ийм давхардал, хийдэл, зөрчил хөрөнгө оруулагчдад хэр их түвэг, дарамт учруулдаг вэ?

-Ийм төрлийн нөхцөл байдал нь хөрөнгө оруулагчид, тэдний хуулийн зөвлөхүүдийг ихээхэн болгоомжлоход хүргэдэг. Тодорхой бус, ойлгомжгүй хууль эрх зүйн орчин нь хөрөнгө оруулагчдыг үргээх эрсдэлтэй. Зарим тохиолдолд төслийг бүтээн байгуулалтын шатанд зогсоодог. Салбарын сайд энэ тал дээр анхаарал хандуулж байгаа нь сайн хэрэг гэж харж байна.

-Дэлхийн банк аравдугаар сарын бүсийн тайлангаа танилцуулахдаа дэлхийн нөхцөл байдал сайн биш байна, худалдааны дайн сунжрах магадлалтай, ийм шалтгаанаар бүс нутгийн улсуудын эдийн засаг удаан хугацаанд саарах эрсдэлтэй гэж онцоллоо. Дэлхийг хамарсан хямралыг бид валют олдог гол суваг уул уурхайн салбарын хүчээр давахаас аргагүй. Уул уурхай, хайгуулын салбарт төрийн зүгээс бодлогын дэмжлэг чухал байгаа. Энэ салбар руу төрөөс хандсан эхний том дэмжлэг, хөшүүрэг гэвэл та юуг онцлох вэ?

-Шударгаар хэлэхэд уул уурхайн салбар Монгол Улсын хувьд хүн амынх нь дараа орох эдийн засгийнх нь хамгийн том баялаг. Гэсэн хэдий ч улс төрийн нөхцөл байдал нь энэ салбарыг цаашид илүү өргөжин тэлэхэд хүндрэл учруулж байна л даа. Идэвхтэй эрэл хайгуул л шинэ уурхай бий болгож, уул уурхайн салбар тэлэх хөшүүрэг болдог.

Бүр тодруулж хэлбэл төр, улс төрийн бүлэглэл, эвсэл, улс төрийн намууд уул уурхайг дахин сэргээх, өмнөх шиг нь нөлөө бүхий салбар болгохын төлөө тодорхой бодлого хэрэгжүүлэх шаардлага бий. Засгийн газар, улс төрийн лидерүүдийн хувьд зохих хууль тогтоомжид өөрчлөлт оруулах гарц шийдлийг хайх хэрэгтэй гэж хардаг. Хайгуулын лиценз олгох үр дүнтэй аргыг олох гэх мэт олон гарц гаргалгааг хайж болно шүү дээ.

Хайгуулын компани, хөрөнгө оруулагч, зээлдүүлэгчдэд Монголыг өрсөлдөх чадвартай, хөрөнгө оруулалт татах чадавхтай гэж харагдуулах нь бүгдээс чухал асуудал гэж би хувьдаа бодож байна.

Хямралыг даван туулах тухайд, уул уурхайн салбарын бүтээгдэхүүний биет хэмжээ болон үнийн уналтаас шалтгаалж энэ салбараас орж ирэх орлого аргагүйн эрхэнд буурдаг. Монголын экспортын орлого ер нь л уул уурхайн салбараас бүрдэж байгаа. Ийм онцлогтой учраас эдийн засаг хямарсан тохиолдолд төгрөгийн ханш болон гадаад валютын нөөцөд сөргөөр нөлөөлдөг.

Мэдээж энэ эрсдлээс сэргийлэхийн тулд тогтворжуулах санг бий болгох хэрэгтэй. Гэхдээ хамгийн бодитой гарц нь эдийн засгийг урт хугацаанд тэлж, бодитойгоор хөгжүүлэх. Ингэж чадвал эдийн засгийн энэ мэт донсолгоонд илүү тэсвэртэй байж чадна.

Зураг