Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Тапан Мишра: Малчин охины мөрөөдөл намайг Монгол руу хөтөлсөн

С.Уянга, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

Зочин маань “Лидер бол хүн биш. Алсын хараа юм. Ямар нэг үр дүн, амжилтын цаана хүн л байдаг” гэж хэлсэн нь түүний ажлын зарчим юм.

НҮБ-ын системд тасралтгүй 16 жил ажиллахдаа 60 гаруй орны халуун цэгт үүрэг гүйцэтгэсэн түүний энэ арвин туршлага, манлайллын ур чадварыг Монгол руу татах хүч юу байв. Хамгийн түрүүнд үүнийг л асуухыг хүссэн хэрэг.

 Харин ноён Тапан Мишра “2017 онд азаар Монголд ажлаар ирсэн юм. Улаанбаатараас гарч монгол гэрт хоносон. Тэр үед малчин  охины аугаа мөрөөдлийг сонсоод гайхаж билээ. Тэр охин сансрын нисгэгч болно гэж хэлсэн нь Монгол бол хөгжлийн талбар. Энд ажиллахад том боломж ирээдүй байна гэж харсан. Дөрвөн жил Хойд Солонгост ажиллаад дараагийн ажлаа сонгох мөч ирэхэд надад олон санал ирсэн ч Монгол бол миний анхны сонголт байлаа.

Маш урт жагсаалтаас нэгдүгээрт Монгол Улс бичигдсэн хэрэг. Мөн азаар би энэ ажлыг авч чадсандаа баяртай байна. Монгол Улсад тогтвортой хөгжлийн зорилт, Монголын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бүх хүчин чармайлтаа зориулна. Монголын ирээдүйг илүү сайхнаар бүтээхийг хүсч байна” гэсэн юм. Ингэж эхэлсэн бидний яриа улам сонирхолтойгоор хөвөрлөө.

Жил бүрийн аравдугаар сарын 24-нд НҮБ дүрмээ баталж, байгуулагдсан  өдөр тохиодог. Энэ түүхэн өдрийг угтаж манай улсад ирээд удаагүй байгаа НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишраг “Зууны мэдээ” сонин “Амьдралын тойрог” буландаа урьсан юм.

Тэмдэглэлт өдрийг угтаж олон төрлийн эвент арга хэмжээ зохион байгуулж байгаа учраас НҮБ-ынхан ёстой л чөлөө завгүй байгаа бололтой. Суурин зохицуулагч  энэ их ажлынхаа хажуугаар бидний саналыг уриалагхан хүлээн авсан юм. Тэрбээр ажлын цаг өнгөртөл хуралдаад үргэлжлүүлээд бидэнтэй халуун дотно яриа өрнүүлэв.

ЗААВАЛ ЭМЧ БОЛОХГҮЙГЭЭР ӨӨР АРГААР ХҮМҮҮСТ ТУСАЛНА ГЭЖ ЭЭЖДЭЭ АМЛАСАН

Энэтхэгийн зүүн хойд хэсэгт эгэл тариачин айлын гэрт төрсөн ноён Тапан Мишрагийн  амжилтад хүрэх арга замыг аав, ээж нь зааж чиглүүлж өгчээ. Тэрбээр дунд сургуулиа төгсөөд ургамал судлалын чиглэлээр сурч байхад аав нь “Чи ургамал судлалыг хоббигоо болгож болно.

Харин өөрийгөө хөгжүүлэхийн тулд удирдлагын ухаанаар сурах ёстой” гэсэн бол ээж нь эмч болохыг зөвлөсөн байна. Ноён Тапан Мишра энэ талаар ярихдаа “Аав минь  тариалан эрхэлдэг байсан. Ээж намайг эмч болохыг ятгадаг байлаа. Би өөрөө ургамал судлалд илүү сонирхолтой байсан учраас нэг удаа ээжээсээ яагаад намайг эмч болгох гээд байгааг нь асуухад “Хүмүүст туслах хэрэгтэй” гэсэн.

Тэгэхээр нь заавал эмч болохгүйгээр өөр олон аргаар хүмүүст туслах болно гэж ээждээ амласан. Ээж минь их өвддөг байсан болохоор намайг эмч болгохыг хүссэн байх л даа.  Ээжийнхээ хэлснээр хүнийг өвчнөөс нь ангижруулж чадахгүй ч гэсэн хүмүүсийн асуудлыг шийдвэрлэхэд тусалдаг хүн болохыг хүссэн. Тиймээс аав, ээжийнхээ зөвлөснөөр сүүлд Хүний нөөцийн удирдлагаар суралцсан. Ер нь хүнд туслах чин сэтгэл багаас минь надад суусан” гэсэн юм.

Сүүлд удирдлагын ухаанаар суралцаж  ажлын гараагаа Энэтхэгийн хойд хэсэгт байрлах газрын тосны компаниас эхэлжээ. Эхэндээ компанийн ажилчдын хөдөлмөрийн харилцаатай бүхий л асуудлыг хариуцаж ажилласан бол удалгүй компанийнхаа төв салбар руу  шилжиж Энэтхэгийг бүхлээр нь хариуцсан сургалтын албаны даргаар томилогдсон байна.

Төв салбарт ирснээр илүү хүнийг сургах хөгжүүлэхэд төвлөрч ажиллажээ.  Яг тэр үед компани нь бүтэц зохион байгуулалтын хувьд өөрчлөлт хийж, илүү нээлттэй болох ажлыг удирдсан хүмүүсийн нэг нь ноён Тапан Мишра юм.

Тэрбээр компанидаа 17 жил тууштай ажиллахдаа хүний нөөцийн удирдлагаар Энэтхэгийн их, дээд сургууль болон Колумбын их сургуульд багшилдаг байсан гэнэ. Ноён Тапан Мишра “Ер нь аливаа өөрчлөлтийг хийхэд бүтэц систем чухал боловч хамгийн чухал нь хүний хандлага, зан чанарыг ойлгох юм.  Оюутнууд бол улс орны ирээдүй. Тэднийг сайн сургаж бэлтгэх нь улсдаа хөрөнгө оруулж буй явдал юм. Дараа нь  би технологийн компани руу шилжиж ажилласан. Компани мундаг байхын тулд манлайлагчид нь манлайлагч шиг байх хэрэгтэй” гэлээ. 

“АЖЛЫН ҮР ДҮН, АМЖИЛТЫН ҮНДЭС, ҮНЭТ КАПИТАЛ НЬ ХҮН ЮМ”

Харин ноён Тапан Мишрагийн НҮБ-тай холбогдсон түүх,  хүүхэд, залуус, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй, баян, ядуу үл хамааран бүх дэлхийг хамтад нь хөгжүүлэх үйлсэд зүтгэсэн замнал нь түүний амьдралын тойргийн чамгүй хэсгийг эзэлнэ. Тэрбээр 2003 оны нэгдүгээр сараас НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сургалт хариуцсан зөвлөх буюу сургалтын төвийн дэд даргаар ажиллаж эхэлсэн бол 2007 онд сургалт хариуцсан албаны дарга, ерөнхий зөвлөхөөр дэвшжээ. 

Түүний  цөөнгүй жил хүний нөөц, манлайллын талаар ажилласан туршлага, чадвар НҮБ-тай холбож өгсөн талаар дурдахдаа “НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн сургалт хариуцсан төвийн захирлын ажлын зар гарсан байсан. Манлайлал, өөрчлөлт, сургалттай холбоотой ажлын туршлага маань намайг энэ ажилд тэнцүүлсэн. НҮБ-ын шугамаар бараг бүх дэлхийг тойрсон доо.

Африк, Европ, Латин Америк, Ази, Араб зэрэг 50-60 улсад богино болон урт хугацаагаар ажилласан. Энэ хугацаанд олон саад бэрхшээл, ололт амжилтыг багийнхантайгаа бүтээсэн. Тухайлбал, Өмнөд Африк зэрэг цөөнгүй улсад  манлайлал тал дээр маш их асуудал байсан. Тэр бүх болохгүй бүтэхгүйг нэгдсэн удирдлагатай, нэг баг болгож чадсан нь миний ажлын хамгийн том үр дүн. Энэ бүх хугацаанд ажигласан зүйл бол ямар нэг үр дүн, амжилтын үндэс нь хүн байдаг. Ажилтан бол хамгийн үнэт капитал юм” гэлээ.

Ноён Тапан Мишра дээр дурдсанчлан НҮБ-ын системд 60 гаруй улсад ажиллахдаа хүн хэмээх үнэт капиталыг хөгжүүлэх, нэг хамт олон болж ажиллах тал дээр анхаарч ажилласан нь ямагт амжилтад хүрсээр иржээ.

Харин Монголд ирэхийн өмнөхөн өвөртөлсөн түүний томилолт нэлээдгүй бэрхшээлтэй. Тэдний багаас багагүй хүчин чармайлт шаардсан нь Хойд Солонгос байв. Ямагт л дэлхийн халуун цэг байдаг тус улсад хэрхэн ажилласан талаар нь сонирхоход “2015 онд Хойд Солонгост НҮБ-ын суурин зохицуулагч, Хүн амын сангийн суурин төлөөлөгч, хүмүүнлэгийн баг, аюулгүйн багийн удирдагчаар ажилласан.

Хойд Солонгост ажиллах амаргүй байсан. Тухайн үед цөмийн зэвсгийн туршилт хийж хоёр жилийн дотор зургаан удаа санкц авч байлаа. Мөн тухайн улсын нөхцөл байдал, хамтарч ажилласан багийнхан маань  зөрчилтэй гээд бэрхшээл их байсан ч миний үүрэг бол хамгийн сайн үр дүнг авчрах юм.

Дөрвөн жилд олон саад бэрхшээлийг даваад эргээд харахад багийнхан маань нэгдэж чадсанаар тухайн улс орныг удирдлага, нийгэмд үзүүлэх үүргээ биелүүлж чадсан.

Бид маш сайн ажиллаж үр дүн, амжилтад хүрч чадсан. Хойд Солонгост ихэвчлэн хүмүүнлэгийн ажил хийсэн. Гэхдээ миний хувьд тухайн улс орны хөгжүүлэх тал дээр ажиллах нь илүү сонирхолтой байдаг” гэсэн юм.

УЛААНБААТАРЫГ ЗАДАЛЖ ТӨВЛӨРЛИЙГ СААРУУЛАХ ХЭРЭГТЭЙ

Суурин зохицуулагчийн Монгол Улстай холбогдсон сонирхолтой түүхийг нийтлэлийн эхэнд сөхсөн.  2017 онд жирийн л малчин охины мөрөөдөл ноён Тапан Мишраг Монгол руу хөтөлсөн бол өнөөдөр тэрбээр Монголд илүү сайхан ирээдүй бүтээхийг хүсэж чин сэтгэл, зорилго өвөртлөн ирсэн талаараа ингэж ярив.“Монгол Улс бодлогын том баримт бичиг болох тогтвортой хөгжлийн үзэл баримтлалаа боловсруулсан нь маш сайн.

Мөн тогтвортой хөгжлийн зорилтын үндэсний илтгэлээ танилцуулсан. Гэхдээ сайн талаас гадна хүндрэлтэй зүйл ч бий. Цаг агаар эрс тэс уур амьсгалтай, нүүдэлчин ард түмэн. Монголын соёлын салшгүй хэсэг болсон малчид хот руу их шилжиж байна.

Сүүлийн арван жилд гэхэд Улаанбаатарын хүн ам огцом нэмэгдсэн. Өргөн уудам нутагтай, цөөн хүн амтай мөртлөө тал нь нийслэлдээ төвлөрдөг. Анхнаасаа цөөн хүн ам төлөвлөгдсөн мөртлөө 3.4 сая хүний хагас нь хотдоо бий. Улаанбаатарын хүчин чадал 20 мянган автомашинтай байхаар төлөвлөсөн байтал өнөөдөр 400-500 мянган автомашинтай. Хөдөөнөөс ирж байгаа нүүдэл дэд бүтэц, нийгмийн халамж үйлчилгээний хувьд дарамт болж, гэр хорооллын утааг улам нэмж байна.

Жишээлбэл, арьс ширний үйлдвэр яагаад хотын гадна байж болохгүй гэж. Арьс шир боловсруулж байгаа химийн бодис эргээд ундны усаа бохирдуулж хүн амыг эрсдэлд оруулж байна. Бүх зүйлээ хотдоо төвлөрүүлж ачаалал үүсгэж байхаар хотоос гадна маш сайн дэд бүтэц бий болгоод тийш нь нүүлгэж задлах хэрэгтэй. Дэд бүтэц, үйлчилгээний хүртээмж сайжирвал хүмүүс буцаад л нүүнэ.

Улаанбаатарыг задалж төвлөрлийг сааруулах хэрэгтэй. Үйлдвэрүүдийг олноор байгуулах зэргээр зөв бодлогоор төлөвлөх нь чухал. Энэ мэтээр Монголд асуудал бий. Мөн шийдвэрлэх гарц ч бий. Сайн, тогтвортой засаглалтай байвал энэ бүгдийг системтэйгээр төлөвлөж шийдэж болно.

Гэтэл Монголд засаглал байнга солигддог нь том асуудал юм. Хамгийн гол нь ард түмэн зөв төлөөллөө гарган ирж, тэдэндээ бүрэн эрхийг өгч ажлыг нь хангалттай хийлгэх хэрэгтэй. Тэгж байж хийсэн шиг хийнэ.

Эцсийн үр дүндээ систем нь хээл хахуулиас ангид цэвэр байх ёстой. Ингэж байж сайн засаглалтай,бодлого төлөвлөлт зөв явж нийгмийн үйлчилгээ хүртээмжтэй хүрэх болно. Энэ бүхний суурь бол маш сайн төрийн алба юм” гэв.

“ХЭН Ч ХӨГЖЛӨӨС ХОЦРОХ ЁСГҮЙ”

Зочин маань энгийн хэр нь илэн далангүй. Бас эелдгээр бидний асуулт бүрт хариулж сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Түүнээс заавал эмч болохгүйгээр хүмүүст туслах ээжийнхээ хүслийг хэрхэн биелүүлж байгаа талаар нь сонирхоход “Хойд Солонгост жил бүр үер болдог. Үерт эмзэг бүлгийн хүмүүс их нэрвэгдэж, амьдрал нь доройтдог.

НҮБ-д Хүмүүнлэгийн зохицуулагч байсан учраас тэр хүмүүст бага ч болов тусалсан гэж боддог. Үерээс хамгаалах далан барьж, сургалтыг нь хийж өгснөөр дахиад үер болоогүй.

Энэ бол миний бахархал, манай багийнхны ажлын үр дүн юм. Эмч болоогүй ч гэсэн олон аргаар хүмүүст тусалж чадсан гэж боддог. Ийм үр дүнд хүрч илүү олон хүнд туслахын тулд багаа маш сайн удирдаж, хамтдаа бүхнийг хийх л чухал юм.

Олон хүнийг хөдөлгөж тэр ажлыг хийлгэж чадсан нь миний хувь нэмэр юм уу даа. Монголд ч гэсэн би хэнийг ч хөгжлөөс хоцроохгүйгээр хамтдаа хөгжихийн тулд бүх хүмүүстэй хамтарч ажиллахыг хүсэж байна. Энэ л миний үүрэг, зорилго юм. Тэр орчин нөхцөлийг бүрдүүлэх нь манлайлагч хүний үүрэг, чадвар юм.

Сайн лидер байя гэвэл илүү их алсын хараатай байх хэрэгтэй. Баг нь бас адил тэр алсын харааг ойлгож, харж чадвал хамтдаа зорилгоо биелүүлж чадна. Хамтдаа нэг зүйлийг хүсэж, түүнийхээ төлөө нэгдэж чаддаг байх хэрэгтэй. Энэ л миний амжилтын зарчим” гэж даруухан өгүүлсэн юм. Бидний яриа түүний гэр бүл, нутаг орны талаар үргэлжлэв.

Ноён Тапан Мишра  Монголд ажиллахаар ирээд байгаа  бол эхнэр, охин нь одоогоор  Нью-Иоркт байгаа аж. Охин нь тэнд сурдаг бол эхнэр Арпита Мишра нь охиноо асарч байгаад дараа жил Монголд ирэхээр төлөвлөсөн гэж байв. Тэрбээр “Бид охиндоо бүрэн эрх чөлөөг өгдөг. Үр хүүхдээ хайрлах нь эцэг, эхийн үүрэг. Охиндоо зөвлөхөөс гадна бүх талаар дэмждэг. Жилдээ 1-2 удаа нутагтаа очдог.

Монголд ирэхийн өмнө нутагтаа очоод ирсэн. Алсдаа НҮБ-ын ажлаа дуусгаад  тэтгэвэртээ гарахаараа  нутагтаа очиж амьдрахыг хүсдэг. Энэтхэгийн хөдөөд ядуу хүмүүс их бий. Тэр хүмүүсийн амьдралыг сайжруулахын төлөө чаддаг бүхнээ хийнэ гэж боддог” гэсэн юм. Нээрэн л түүний багаас нь суусан хүнд туслах хүмүүжил төлөвшил амьдралынх нь зарчим, үүрэг болжээ.

Ноён Тапан Мишра өнгөрсөнд энэ дэлхийн олон хүнд тусалсан шигээ ирээдүйд ч олон хүнд итгэл бэлэглэх буй за.

Зураг