Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн компани дэлхийн хамгийн урт агаарын аяллыг туршлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Австралийн иргэний агаарын тээврийн Qantas компани өчигдөр дэлхийн хамгийн урт холын нислэгийг амжилттай туршжээ.

Тус компанийн Boeing 787-9 нисэх онгоц Нью Йоркоос Сидней хүртэл 16,200 км замыг 19 цаг, 16 минутад туулсан байна. Энэ нислэгээр 49 хүн аялжээ.

Ирэх сард Qantas компани Лондон хотоос Сидней хүртэл зогсолтгүй нисэх агаарын замыг туршина. Үүний дараа туршилтын үр дүнгээс хамаарч 2019 оны сүүлээр эдгээр чиглэлүүдэд нислэг эхлэх эсэхээ шийдэх юм. Гол нь цагийн олон бүсийг туулах аялалыг хүний бие махбод тэсвэрлэх үгүйг шалгаж байна.

Ийм алс холын нислэгийг гүйцэтгэхийн тулд Qantas-ийн онгоцнууд дүүрэн шатахуунтай хөөрөх бөгөөд карго ачаа авахгүй, зорчигчдын ачаа тээшинд хатуу хязгаар тогтоох юм.

Туршилтын нислэгийн үеэр зорчигчдын цагийг зүүн Австралийн цагт тааруулж, Сиднейд үдэш болох үетэй давхцуулан унтуулахын тулд өмнө нь нүүрс ус ихтэй хоол өгч, гэрлийг бүдгэрүүлсэн байна.

Өөрөөр хэлбэл цагийн зөрүүнээс болж, зорчигчдын биед хямрал үүсгэхгүй байх арга хэмжээг авсан байна. Мөн нисгэгчдийн тархины долгион, мелатонин дааврын ялгаралт зэргийг тогтмол хянаж, нислэгийн үеэр дасгал хийлгэхэд ямар нөлөө үзүүлж байгааг хэмжжээ.

Сүүлийн жилүүдэд дэлхийн авиа компаниудын хооронд хэт алсын нислэгийн өрсөлдөөн нэмэгдэж байна. Одоогоор Сингапур Айрлайнз компанийн өнгөрсөн онд эхэлсэн Сингапураас Нью Йорк хүрэх 19 цаг орчмын нислэг дэлхийн хамгийн алс холын нислэгт тооцогддог. 

Qantas компани өнгөрсөн онд Пертээс Лондон хүртлэх 17 цагийн нислэгээ эхэлсэн бол Катар Айрвэйз компани Оклэндээс Доха хүртлэх 17.5 цагийн зогсолтгүй нислэгээ нээж байжээ.

 

Эх сурвалж: BBC