Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Насанбилэг: Төрийн ойлгомжгүй байдал улс орны нэр хүндийг унагааж байна

Т.Батсайхан, Зууны мэдээ
2019 оны 10 сарын 21
Зууны мэдээ
Зураг зураг

“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leadershipsforum ” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц, боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчдадаа хүргэдэг билээ. Энэ удаа Японд их, дээд сургууль төгсөгчдийн “ЖУГАМО” нийгэмлэгийн ерөнхийлөгч Б.Насанбилэгийг урьж, ярилцлаа.

Блиц:

Боловсрол:

  • 1993 онд нийслэлийн 10 жилийн 23 дугаар дунд сургууль
  • 1993-1995 онд Бээжин хотын Гадаад хэлний их сургууль
  • 1995- 1998 онд МУИС-ийн Олон улсын харилцааны дээд сургууль
  • 2003 онд Япон Улсын Ёкохама хотын Их сургуулийг тус тус төгссөн.
  • Олон улсын харилцаа, олон улсын улс төр судлаач мэргэжилтэй. Улмаар 2005 онд Япон Улсын Хитоцубаши их сургуульд Магистрын зэрэг хамгаалсан.

Ажлын туршлага:

  • 2005- 2008 онд Японы “Сожицу корпораци”-ийн судалгааны хүрээлэнд судлаач
  • 2008- 2012 онд Японы “Сожицу корпораци”-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын дэд захирал
  • 2012 оноос хойш Японы “Сожицу корпораци”-ийн Монголд дахь төлөөлөгчийн газрын ерөнхий менежер
  • 2014 оноос ЖУГАМО нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна.
АМЛАСАН БОЛ БИЕЛҮҮЛДЭГ БАЙХ ЗАРЧИМ УС АГААР МЭТ ХЭРЭГТЭЙ БАЙНА

-ЖУГАМО нийгэмлэг 1995 онд байгуулагдсан. Уул уурхайн сайд асан Д.Ганхуяг, Элчин сайд асан Р.Жигжид нарын өмнөх үеийнхэн нийгэмлэгийг байгуулж байлаа. Миний бие 2016 оноос хойш тус нийгэмлэгийн ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байна. Японд сургууль төгсөөд ирсэн залуучуудын эрдэм мэдлэг, хүч чадлыг нэгтгэж, хөгжүүлэх, Монгол Япон хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хөгжил болон Монгол Улсынхаа нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах зорилготой ажиллаж байна.

Бидний үйл ажиллагаа их энгийн зүйлээс эхэлдэг. Тухайлбал, манай улсад ажиллаж амьдарч байгаа Япон хүмүүсийн нийгэмлэг гэж байдаг. Энэ нийгэмлэгтэй хамтраад жилд нэг удаа явган аялал зохион байгуулдаг.

Японы ЭСЯ-наас эхлээд энэ улстай холбоотой бүхий л байгууллагын төлөөлөл хувь хүмүүс идэвхтэй оролцдогт маш их талархдаг. Энэ үеэр нийгэм эдийн засгийн асуудал, монгол япон хүмүүсийн хоорондох соёлын ялгаа, хамтарсан бизнесийн боломжууд зэрэг өргөн цар хүрээтэй мэдээлэл солилцоно. Бие биеэ танихгүй хүмүүс танилцаж, танилын хүрээгээ тэлэх гээд агуулгаар тун баялаг аялал болдог.

Энэ явган аялал 16 жил тасралтгүй болж буй арга хэмжээний нэг юм. Би өөрөө Япон Улсад мэргэжил эзэмшсэн. Тэнд 10 жил сурч, ажиллаж, амьдарч байгаад 2008 онд Монголд ирсэн. Тухайн ард түмнээс сурах зүйл маш их байдаг.

Японд амьдрахын тулд хэн ч бай яг л япон хүн болох шаардлага гарна. Япончууд хүний итгэлийг дааж чаддаг, худлаа хэлдэггүй, амласан бол хүрч чаддаг шударга, хөдөлмөрч зан чанартай. Энэ чанарыг Японд амьдарч байгаа хүмүүс яг л дагана. Тийм байж чадахгүй бол тэр нийгэмд хэн ч биш болдог.

Японд 10 жил болоод эх орондоо ирэхэд япон хүний баримталдаг энэ зарчмууд Монголын нийгэмд ус агаар мэт хэрэгтэй байгааг мэдэрсэн.

ЯПОН УЛСЫН хөгжлийн ТҮЛХҮҮР НЬ ЕРДӨӨ л ХӨДӨЛМӨРЛӨХ

-Монгол хүн эрх чөлөөтэй, цагт баригдах дургүй. Даргын удирдамжаар, хүнээс үг сонсож, түүнийгээ ойлгож, хөгжүүлж ажиллахдаа тааруухан. Японд бол нөгөө талаасаа нэлээд “хайрцаглагдсан” байдаг гэж хэлж болно.

Яг л компанийнхаа зарчим, соёлыг дагаж, даргатайгаа үргэлж зөвлөлдөж, удирдамжийнх нь дагуу ажиллана. Тэд багаараа нэг хүн шиг ажиллаж чаддаг. Зорилго, төлөвлөгөө нь тодорхой байдаг. Мөн аливаа төслийн эрсдлийг маш сайн тооцно.

Шийдвэр гаргахдаа маш их тооцоо судалгаа хийж байж эцсийн шийдвэрээ гаргадаг. Сэтгэл хөөрлөөр асуудалд ханддаггүй тул гаргасан шийдвэрээсээ амархан эргэж буцна гэж үгүй. Энэ бол Япон компанийн дотоод соёл, хариуцлагын тогтолцоо юм. Японд компанийн дотоод засаглал гэдэг маш чухал зүйлийг ойлгож, хүндэтгэж ажиллах шаардлагатай болдог. Тэнд эрх дураараа авир гаргаж, өөрийн тааваар ажиллах боломж байдаггүй. Япон хүн нөөц бололцооныхоо 90 хувийг хөдөлмөрт зарцуулж, 10 хувьд нь амардаг гэж хэлэхэд хэтрүүлэг болохгүй.

Харьцуулаад бид өөрсдийгөө харвал 30 хувийн чанар муутай хөдөлмөр, 70 хувийн назгайрал, залхуурал ажиглагддаг. Цуцалтгүй хөдөлмөрлөж, өөрийгөө үргэлж дайчилж байдаг нь япон хүний давуу тал. Цаашлаад тэдэнд “богино зай” чухал биш, “холын зай” буюу алсын хараа, туйлбартай байдал маш чухал байдаг. Тэр утгаараа Японы хөгжлийн гол нууц нь ердөө л уйгагүй хөдөлмөр бөгөөд алсын хараа гэж боддог.

Монгол хүний үг өнөөдөр үнэ цэнэгүй байна. Яагаад гэвэл бид сайтар бодож, судалж, тунгааж, төлөвлөсөн зүйлгүй ярьдаг. Мэдлэг, боловсролыг үл хүндэтгэж, дам сонссон зүйлээрээ ам булаацалдан цэцэрхдэг, “Би мэдэж байна” гэсэн өвчнөөр өвчилсөн, ярьж чадах ч хөдөлмөрлөж үл чадах үзэгдэл газар аваад байна. Япон хүн их сонсож, бага ярьдаг. Бид хоорондоо ижил төрхтэй ч соёлын хувьд асар их ялгаатай. Япон хүнийг төгс төгөлдөр гэхгүй ч суралцах зүйл их бий.

монголд ТОДОРХОЙГҮЙ ЗҮЙЛ ОЛОН БАЙНА

-Уг нь өнөөдөр Монгол Улсад хөгжих бүх талын боломж, бололцоо байна. Г эхдээ харамсалтай санагдах, урам хугарах зүйл олон байна. Монголын улс төр тогтворгүй байна. Үүнд хэн нэгнийг буруутгах нь илүүц юм. Гэхдээ манай улс яг хаашаа явах гээд юунд хүрэх гээд байгаа юм. Мөн Япон төдийгүй хөгжингүй орнуудаас Монгол Улс яг юу хүсээд байгаа юм гэдэг нь ойлгомжгүй байна.

Гадаадын хөрөнгө оруулалттай, хувийн хэвшлийн томоохон төслүүд амжилттай хэрэгжих нөхцөл боломж хомс байна. Эдийн засгаа яаж “солонгоруулж” , ард иргэдээ яаж ажилтай, орлоготой болгох гээд байгаа нь ойлгомжгүй, тэргүүлэх чиглэл нь тодорхойгүй байна. Гэхдээ бид ийм байдалдаа дасч болохгүй.

Үүнтэй тэмцэх ёстой. Чадалтай, боловсролтой залуус улс төрийн оролцоогоо идэвхжүүлэх шаардлагатай. Одоо төр барилцаж байгаа улс төрчид маань олигархжсан, мафижсан, барьцаалагдсан гэдгээ хамгийн сайн мэдэж байгаа.

Энэ хүмүүс өөрсдөө ард түмэн, эх орон, үр хүүхдийнхээ төлөө иргэний зориг гаргаж ажиллах хэрэгтэй. Хуучин болон шинэ үеийнхэн бие биеэ чичлэх бус эе эвийг бодож хамтарч ажиллах, тогтолцооны хувьсгал хийх зайлшгүй шаардлагатай байна. Нөгөө талаас иргэд бид өөрсдөө хандлагаа өөрчлөх хэрэгтэй байна.

Ямар хүн биднийг улс төрд төлөөлөөсэй гэж хүсэж байна, бид өөрсдөө эхлээд тийм бил үү гэдгээ бодох хэрэгтэй. Улстөрчид шударга байгаасай гэж хүсэж байгаа бол бид өөрсдөө шударга бил үү, улстөрчид алсын хараатай, боловсролтой, хөдөлмөрч байхыг хүсэж байгаа бол та бид өөрсдөө юм уншдаг, аливаад жаахан ч гэсэн бодолтой ханддаг бил үү, хулгайч, луйварчин хүн улс төрд орж ирэхийг хүсэхгүй байгаа бол бид өөрсдөө үнэнч шударгыг үргэлж эрхэмлэж чадаж байгаа бил үү гэдгээ ажиглаж, дүгнэлт хийх цаг нь болсон. Ингэж дүгнэлт хийж, өөрсдийн хандлагаа өөрчилж чадахгүй бол энэ улс маань “дампуурлаа”. Би тэгж л харж байна.

 ЯПОНЫ КОМПАНИУД МОНГОЛД АЖИЛЛАХ СОНИРХОЛ НЬ БУУРСАН

-Монгол Японы хамтын ажиллагаа улс төрийн түвшинд бол ихэд амжилттай, өрнүүн байгаа. 2010 онд хоёр орны харилцааг “Стратегийн түншлэл” хэмээн тодорхойлсон байдаг. Япон Улс ардчилал, хүний эрх, эрх чөлөөг үнэт зүйлээ болгосон. Монгол Улсын хөгжлийг дэмждэг. Нэг хүнд оногдох хөнгөлттэй зээл, буцалтгүй тусламж зэрэг хөгжлийн албан ёсны тусламжийн хэмжээгээр манайд тэргүүлж яваа улс бол Япон.

1977 оноос 2018 оны гурван cap хүртэлх хугацаанд нийтдээ гурван тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээний хөгжлийн албан ёсны тусламж үзүүлсэн байдаг. Харин эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд хоёр орны харилцаа суи байна.

Гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын асуудал тэнцвэргүй, хүндрэлтэй байна. Жишээ нь 2018 онд Японоос Монгол руу хийсэн импортын хэмжээ нь 500 гаруй сая ам.доллар байсан бол Монголоос Япон луу хийсэн экспортын хэмжээ 30 гаруй сая ам.доллар байлаа. 2016 онд хоёр орны хооронд байгуулагдсан Эдийн Засгийн Түншлэлийн Хэлэлцээрийн дагуу олон бараа бүтээгдэхүүнийг харилцан татваргүй арилжаалах боломж нээгдсэн ч Монголын тал энэ хэлэлцээрийн боломжийг бүрэн дүүрэн ашиглаж, үр ашгийг нь хүртэж чадахгүй байна.

Нэг үе Японы томоохон компаниуд уул уурхайн томоохон төсөл болох Тавантолгойд хөрөнгө оруулалт хийхээр сонирхлоо идэвхтэй илэрхийлж, санаачилга гаргаж ажиллаж байлаа. Саяхан гэвэл Японы томоохон компани Франц, Солонгос, Монголын компанитай нэгдэл байгуулан V цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаар ажиллаж байсан. Гэвч эдгээр төсөл Япон талын нүдээр харвал амжилттай өрнөөгүй.

Төслүүд яригдаж эхэлж байхад Монголын Засгийн газар хийнэ, хийж чадна, амласан учраас энэ төслөө эцсийг нь хүртэл хэрэгжүүлнэ гэдэгт итгэж байсан. Гэвч хэлэлцээр хийх явцад ойлгомжгүй, тайлбарлахад хэцүү олон зүйл гарч ирсэн. Гадаадын хөрөнгө оруулагчдыг зарим үйл явдлууд ёстой шоконд оруулж байсан. Тэгээд эцсийн дүндээ төслүүд нь явахгүй болоод ирэнгүүт ойлгож эхэлсэн.

Олон улсын стандартаар хэлэлцээр хийж, дэлхийн түвшинд шийдвэр гаргаж, хэлсэн амандаа хүрч чаддаг соёл одоохондоо Монголд байхгүй байна. Монголын Засгийн газартай томоохон төслүүд дээр хамтарч ажиллахад хэцүү, цаг нь болоогүй байна гэсэн дүгнэлтэд хүрсэн гэдэгт эргэлзэхгүй байна. Япон компаниудын хувьд өөрсдийнхөө давуу тал, бий болгож чадах нэмүү өртгийг ашиглаад Монгол Улсын хөгжилд бодит хувь нэмэр оруулах сонирхол бол байдаг.

Гэхдээ өнөөдрийн байдлаар Японы томоохон компаниудын Монголд ажиллах хүсэл сонирхол нь буурсан, итгэл алдарсан байдалтай байна. Гадаадын том компаниуд нь ажиллаад амжилтад хүрч чадахгүй байгаа улс оронд жижиг дунд аж ахуйн нэгжүүд нь бол бүр ч орж ирэхгүй.

АСУУДАЛ БИДЭНД Л БАЙНА

-Монголын төр гэдэг маань олон улсын түвшинд Монголын нүүр царай юм. Тэнд байгаа хүмүүсээр л Монголыг төсөөлдөг. Тэд худлаа ярих юм бол Монгол худалч орон болно. Цаана нь мянган сайн хүн, ухаантай шинжлэх ухаанчид, академич байгаад нэмэргүй. Монголын төрөөр л гадныхан Монголыг тодорхойлно. Манай төрд сайн хүн байна. Сайн сайд нар бий.

Гэхдээ ерөнхий хандлагаар нь дүгнэхэд асуудал их байна. Энэ байдал нь Монголын эдийн засгийн хөгжил, цаашлаад хувь хүмүүсийн худалдаа хийх, гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжид ч гэсэн сөрөг нөлөө үзүүлж байна.

Залуучууд маань Монголдоо амьдрахаас залхаж, гадагш дайжиж байна. Хаана ч явсан авлига, хээл хахууль, арын хаалга, танил тал, шударга бус харилцаа. Цаг барих, хэлсэн амандаа хүрэх, бие биеэ хүндэтгэж харилцах гээд наад захын соёлын асуудал ч хөндөгдөж байдаг. Энэ бол эмгэнэлтэй асуудал.

Мөн Монголын эдийн засгийн үзүүлэлтүүд, өрсөлдөх чадвар, төр засгийн болоод бодлого, хууль эрх зүйн тогтвортой байдал хангалтгүй байгааг олон улсын зээлжих зэрэглэлийг үнэлдэг компаниуд гаргаад ирдэг. Энэ бүхнээс үүдэж, одоогоор Японы гэлтгүй гадаадын хөрөнгө оруулагчид Монголд хөрөнгө оруулахаас татгалзах боллоо. Асуудал зөвхөн бидэнд, бидний хандлагад л байгаа гэдгийг ойлгох цаг нь болсон.

МОНГОЛЫН БАЙГАЛЬ БИДНИЙ ХАМГИЙН ТОМ ХӨРӨНГӨ

-Уул уурхайг бид байгаль орчиндоо ээлтэй, зүй зохистойгоор хөгжүүлээд явах нь зөв. Мөн орж ирсэн орлогыг нь зөв зарцуулж, төсвийн сахилга баттай байх асуудал чухал. Шинжлэх ухаан, боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй. Тэгвэл урт удаан хугацаанд, тогтвортой хөгжинө. Түүнчлэн уул уурхайгаас гадна аялал жуулчлалын салбарт өндөр ач холбогдол өгөх нь зөв гэж боддог.

Монголын сайхан байгаль нь өөрөө Монгол орны үнэ цэнэ, давуу тал юм. Уламжлалт мал аж ахуй байна. Энэ амьдралын хэв маяг дэлхийд өөр хаана ч байхгүй. Үүгээрээ монголчууд бид бахархаж болно. Байгаль орчиндоо ээлтэй, тогтвортой амьдралын хэв маяг шүү дээ. Түүнчлэн Монголын маань соёл урлаг байна. Монголд маш их боломж байна гэж харж байна. Энэ бүхэн зөвхөн Монголд л байдаг, Монгол орны харьцангуй давуу талууд юм.

Тэгэхээр эдгээр давуу талууд дээр суурилсан дэлхийд өрсөлдөх чадвар бүхий эдийн засгийг хөгжүүлж чадвал Монгол Улс урт удаан хугацаанд амь бөхтэй оршин тогтнох суурь тавигдах болов уу. Монгол Улсад сууж байсан Япон улсын бүрэн эрхт Элчин сайд асан Шимизу Такенори нь Монголд аялал жуулчлалыг хөгжүүлэх нь ямар чухал болохыг үргэлж ярьж байдаг. Нөгөө талаас, монгол залуус сүүлийн үед их мундаг болж байна. Соёлтой, хүсэл мөрөөдөлтэй, эрч хүчтэй.

Байгаль орчинтойгоо их сайхан харьцдаг болж байна. Эерэг үзэгдлүүд байна. Залуу хойч үеэ бид дэмжиж, хайрлах, хүндлэх хэрэгтэй. Ийм л үүрэг бидэнд байна. Түүнчлэн Японд хүн амын хувьд насжилт өндөр байна. Үүнтэй холбоотойгоор ажиллах хүчний дутагдлаа гаднаас нөхөж авч байгаа. Хятад, Веьтнам, Филиппин, Монголоос ажиллах хүч авч байна. Энэ нь нэг талаас бидний хувьд боломж юм.

Монгол залуучууд очиж хөдөлмөр хийж, суралцах хэрэгтэй. Хуулийн засаглал, дүрэм журам, хүнлэг ёс, шударга өрсөлдөөн гэдгийг тэндээс суралцаж болно. Япон Монголыг маш их дэмждэг.

Тоталитар дэглэмтэй хоёр том гүрний дунд оршин тогтнож, ардчилсан ёсыг хөгжүүлэхээр тэмцэж байгаа Монголын хүч чармайлтыг асар их хүндэтгэдэг юм. Хүний эрх, эрх чөлөө, шударга ёсыг дээдэлсэн, хүнлэг иргэний нийгмийг жинхэнэ утгаар нь хөгжүүлээд явъя гэвэл монголчууд биднийг дэмжиж, чин сэтгэлээсээ туслахад Япон улс бэлэн байгаа гэдэгт итгэлтэй байдаг.

Зураг