Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/20-НД НИЙТЛЭГДСЭН

Элиста хотын орлогч даргатай аялал жуулчлал, боловсрол, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо

ikon.mn
2019 оны 10 сарын 20
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 21,22-нд зохион байгуулна.

Олон улсын өдөрлөгт оролцохоор ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөллүүд энэ өдрүүдэд Улаанбаатар хотноо айлчилж байна.

Нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Элиста хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Халимагийн уламжлалт харилцааг өргөжүүлж бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.

Улаанбаатар, Элиста хотууд нь 2010 онд ах дүүгийн харилцаатай болсон бөгөөд хоёр хотын Иргэдийн хурал нь 2015 онд хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан аж.

 

Халимаг улсын Элиста хотын орлогч дарга Эрднеев Батр Владимирович Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, хоёр хотын харилцааг шинэ түвшинд гаргасан олон арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэлээ. Тэрбээр “Халимагийн ард түмэн бол монголчуудтай цусан төрлийн харилцаатай ахан дүүс. Бид шашин шүтлэг нэгтэй, нүүдэлчин удамтай. Бидний нөхөд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа боловч эх орондоо ирсэн гэж бодож сууна. Тиймээс Элиста хотын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа бүх талаар улам өргөжүүлж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Мөн тэрбээр 2020 онд ОХУ эх орны дайнд ялсны түүхт 75 жилийн ойн, Бүгд найрамдах автономит Халимаг улс улс байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баярын тэмдэглэх арга  хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын аялал жуулчлал, боловсрол, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

 

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс