Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/21-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээрх хоёр хүүхэд тутмын нэг нь далд өлсгөлөнд нэрвэгдэж байна

Б.Бөртэ-Үжин, IKON.MN
2019 оны 10 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Эх сурвалж: weforum.org

Хүүхдүүдийн дундах хоол тэжээлийн дутал өмнөхөөсөө ч хурцаар яригдах болжээ.

НҮБ-ын Хүүхдийн сан(UNICEF)-аас жил бүр гаргадаг “State of the World’s Children”  судалгааны 2019 оны тайланд хоол тэжээлийн дутлаас болж  ядуу буурай, хөгжингүй аль ч орны хүүхдүүдэд дараах гурван том аюул нүүрлээд буйг онцолжээ. Үүнд:

1. Шим тэжээлийн дутагдал

Ойролцоогоор 5 хүртэлх насны 200 сая гаруй хүүхэд шим тэжээлийн дуталтай, тэдний дийлэнх нь жирэмсний үеэс 2 нас хүртэлх амьдралын эхний 1,000 хоногтоо шим тэжээлийн гүн дуталд орж, өсөлт, бие махбод нь хөгжлийн хоцрогдолтой болж байна. Ядуурлаас болж үүссэн энэ хоцрогдолт нь хүүхдийн хэвийн өсөлтийг хязгаарласнаар ирээдүйд ядуурлыг улам нэмэгдүүлэх уршигтай байна.

2. Далд өлсгөлөн

Хүний биед зайлшгүй хэрэгцээт амин дэм, бичил тэжээл(А амин дэм, төмөр гэх мэт)-ийн дутлыг далд өлсгөлөн гэх бөгөөд дэлхий дээрх 2 хүүхэд тутмын нэг нь өртөөд байна. Далд өлсгөлөн нь хүүхдийн эрүүл мэнд, өсөлт хөгжилд нөлөөлж буй нь эрт илэрдэггүй ч алсдаа бие махбод, амь насанд нь асар хор уршигтай аж. 

3. Илүүдэл жин, таргалалт

Таргалалт бол дэлхийн ядуу буурай орнуудад ч хурдацтай тархаж буй том аюул. Таргалалттай хүүхдүүд 2-р төрлийн чихрийн шижин, зүрх судасны өвчнөөр өвчлөх өндөр эрсдэлтэй байдаг.

Энэхүү судалгаагаар 5 хүртэлх насны 3 хүүхэд тутмын нэг нь шим тэжээлийн дуталтай, эсвэл илүүдэл жинтэй бөгөөд тэдгээр хүүхдийн өсөлт хэвийн явагддаггүй болохыг тодотгосон байна. Гол шалтгаан нь буруу хооллолт хэмээн үзжээ.

Ихэнх хүүхэд биедээ ямар ч хэрэгцээгүй хүнсийг ихээр хэрэглэдэг мөртлөө эрүл мэндэд ашигтай, шим тэжээллэг хүнсийг хүртэж чадахгүй байна.

Судлаачдын үзсэнээр аль ч орны хүүхдүүд, ялангуяа 2 нас хүртлээ буюу биеийн өсөлт, тархины хөгжлийн нэн чухал үед ганц л төрлийн хоолоо дагнаж, хангалттай жимс жимсгэнэ, хүнсний ногоо, сүү, өндөг, загас, шувууны мах тэр бүр хэрэглэж чадахгүй байна хэмээн дүгнэжээ. 

Харин оронд нь өөх тос, натри, сахар зэрэг илчлэг ихтэй хүнс хэрэглэж, амин дэм, эрдэс бодисоо хангалттай хэмжээгээр авч чадахгүй байна.   

Энэ нь дэлхийн аль ч орны хүнс үйлдвэрлэлийн систем үр дүнгээ өгөхгүй байгаагийн илрэл юм. Тухайлбал, үйлдвэрлэгчээс шууд зоогийн газар, сургуулийн цайны газруудад хүнсний бүтээгдэхүүн хүрэх үйлчилгээг дэмждэг нийгмийн хөдөлгөөн зэрэг сул байна.

Тиймээс хүүхдүүдийн хооллолтыг засахын тулд эхлээд томчууд, улс орнууд хүнс үйлдвэрлэлийн системээ засах хэрэгтэй. Тэжээллэг, эрүүл, аюулгүй, хямд хоол хүнсний эрэлт хэрэгцээг бий болгож, түүнийг хангахын тулд эрх зүйн зохицуулалт бий болгох, хүүхдүүдэд тэжээллэг хоол хүнс өгөх орчныг бүрдүүлэх, тухайлбал сургуулийн цайны газарт таргалалт үүсгэх хүнсийг хориглох, маркетинг, зар сурталчилгаа нь хүүхэд рүү чиглэхгүй байх, хоол хүнсний шошго нь хүүхэд, өсвөр насныхан тэдний асран хамгаалагчдад үнэн зөв, ойлгомжтой мэдээллийг багцлан хүргэх зэрэг ажлыг санаачлах шаардлага байгааг судалгааны тайланд өгүүлжээ. 

Энэ ажлыг одооноос хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй бөгөөд Засгийн газар, бизнесийн байгууллага, иргэний нийгэм, сургууль, нийгэмлэг, өрх айлууд, хүүхдүүд, өсвөр насныхан гээд тал бүрийн оролцоо чухал.

Хүүхдүүдийн шим тэжээлийн хэрэгцээг хангахад юу нь буруу байгааг, яаж залруулахаа улс орнууд мэдэх учир хүсэл зориг, шийдэмгий, хурдтай байснаар энэ асуудлыг саадгүй шийдвэрлэж чадна гэдгийг онцолжээ.

 

Эх сурвалж: World Economic Forum