Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

“Их Долоо”-гийн уулзалт болох газраар Дональд Трамп хувийн амралтын газраа шалгаруулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Ирэх оны “Их Долоо”-гийн дээд хэмжээний уулзалтыг АНУ зохион байгуулах хуваарьтай юм. Тэгвэл Цагаан ордон уг чухал арга хэмжээг зохион байгуулах газрыг өчигдөр зарлажээ.

Сонирхолтой нь энэ удаа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампын Майами дахь хувийн эзэмшлийн Doral гольфийн клуб 2020 онд дэлхийн тэргүүлэх долоон гүрний удирдагчдыг хүлээж авахаар болсон байна.

Цагаан ордны энэ шийдвэр татвар төлөгчдийн мөнгөөр ерөнхийлөгч ашиг олохыг хориглодог үндсэн хуулийн заалтыг зөрчиж магадгүй болжээ.

Харин Цагаан ордны тамгын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Мик Малвэни “Энэ бол Их Долоогийн уулзалт шиг арга хэмжээг зохион байгуулахад зориулагдсан мэт байгууламж. Doral-ийн зардал нь бусад газруудынхаас маш бага байгаа. Ерөнхийлөгч уг арга хэмжээнээс ямар нэг ашиг олохгүй” гэж мэдэгдсэн байна.

Дональд Трамп наймдугаар сард Францад болсон энэ оны “Их Долоо”-гийн уулзалтаас буцаж ирснийхээ дараа ирэх оны арга хэмжээг хувийн эдлэндээ зохион байгуулах санааг анх цухуйлгаж, нэлээд шүүмжлүүлж байсан юм.

Тухайн үед конгрессын төлөөлөгчдийн танхимын хууль зүйн байнгын хорооны дарга Жеррольд Нэйдлер хэрвээ чуулганыг Трамп өөрийн хувийн эзэмшилд зохион байгуулбал үндсэн хууль зөрчсөн хэрэг болно гэдгийг сануулж байжээ.

Бизнесмэнээс ерөнхийлөгч болсон Дональд Трамптай холбоотой эрх ашгийн зөрчил, ёс зүйн асуудлууд байнга яригддаг. Хэдийгээр Doral гольфийн клуб “Их Долоо”-гийн чуулганыг ашиг олохгүйгээр зохион байгуулсан ч энэ үйл явдал том сурталчилгаа болж, цаашдын орлогыг нь ихээр нэмэгдүүлэх нөлөөтэй юм.

 

Эх сурвалж: Bloomberg