Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Камбожийн ерөнхий сайдын гэр бүлийнхэн ямар аргаар Киприйн иргэн болсныг тайлбарлахыг шаарджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Газрын дундад тэнгисийн Кипр улсын сөрөг хүчнийхэн өчигдөр Камбож улсын ерөнхий сайдын гэр бүлийн гишүүд, хамсаатнууд зэрэг найман хүн ямар аргаар тус улсын иргэний харьяалалтай болсныг тайлбарлахыг эрх баригчдаасаа шаарджээ.

Олон жил Камбож улсын ерөнхий сайдын албыг хашиж байгаа Хун Сений гэр бүлийнхэн болон цагдаагийн дарга, сангийн сайд зэрэг албаны хүмүүс 2016, 2017 онуудад Кипр улсад хөрөнгө оруулалт хийсний үр дүнд авдаг “алтан паспорт”-той болоод байгааг тэд баримтаар баталсан байна.

 Хөрөнгө оруулалтыг иргэний харьяаллаар наймаалцдаг ийм систем 2013 оноос Кипрт хэрэгжиж эхэлжээ. 2018 оныг хүртэл ийм арга замаар 1,864 хүн тус улсын иргэн болсон байна.

“Алтан паспорт”-ыг нь ашиглан гэмт хэрэгтнүүд Европт нэвтрэх, авлигын болон татвараас бултуулсан мөнгийг угаах үүд хаалга нээгдэж байгааг Европын Холбоо нэгдүгээр сард Кипр улсад анхааруулж байв.

Сөрөг хүчний шаардлагын хариуд Киприйн засгийн газар хөрөнгө оруулагчийн мэдээллийг хуулийн дагуу нууцлах үүрэгтэй гэсэн үндэслэлээр татгалзсан хариу өгчээ. Мөн “алтан паспорт” олгох үйл явц хуулийн дагуу нээлттэй, шударга явагддаг гэж мэдэгдсэн байна.

Хун Сен 1985 оноос хойш Камбож улсын ерөнхий сайдаар ажиллаж байгаа бөгөөд хүний эрхийг хөсөрдүүлдэг, сөрөг хүчнийг хавчин гадуурхдаг хэмээн байнга шүүмжлүүлдэг юм.

 

Эх сурвалж: Reuters