Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/18-НД НИЙТЛЭГДСЭН

Европын Холбоо, Их Британийн талууд “Brexit”-ийн гэрээг тохиролцож чаджээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Европын Холбоо болон Их Британийн төлөөлөгчид “Brexit”-ийн гэрээний нөхцөлийг тохирч чадсан талаар өчигдөр мэдээллээ.

Одоо уг гэрээний төслийг Брюссельд эхэлж байгаа Европын Холбооны дээд хэмжээний чуулганаар батлах ёстой. Мөн Их Британийн парламент гэрээг байгуулах зөвшөөрлийг ерөнхий сайд Борис Жонсонд өгөх ёстой юм.

Британийн парламент уг асуудлаар маргааш буюу Бямба гарагт хэлэлцэнэ. 

Европын Холбоотой гэрээ байгуулж чадсан ч, чадаагүй ч аравдугаар сард багтаж тус блокоос гарна гэж амласан Борис Жонсон “Бид эрх мэдлээ буцааж авах шинэ сайн гэрээтэй боллоо. Одоо парламент Бямба гарагт Brexit-ийг гүйцээх ёстой” гэж твиттер хуудсандаа бичжээ.

Хэрвээ Британийн парламент гэрээний нөхцлийг дэмжихгүй бол аравдугаар сарын 31-нд тус улс Европын Холбооноос ямар нэг гэрээ хэлцэлгүй гарснаар эдийн засагт нь эрсдэл үүсэх юм. Сүүлийн 40 орчим жил Европын эх газартай үүсгэсэн харилцаа нь зогсох тул Британичуудын хувьд шинэ гэрээ байгуулах нь амин чухал асуудал болоод байгаа.

Европын Комиссын ерөнхийлөгч Жан Клод Юнкер тус холбооны гишүүн 27 орны удирдагчдад хандаж, “Brexit” гэрээний шинэ нөхцлийг дэмжихийг уриалжээ.

“Энэ бол Европын Холбоо, Их Британийн эрх ашгийг тэнцвэртэй хамгаалсан шударга гэрээ. Мөн ямар нэг шийдэлд хүрэх бидний хүсэл эрмэлзлэлийн илэрхийлэл юм” гэж тэрээр твиттер хуудсандаа бичсэн байна.

Тохиролцоонд хүрэхэд хамгийн том бэрхшээл үүсгэж байсан асуудал нь Британийн захиргаанд байдаг Умард Ирландын асуудал байв. Шинэ гэрээний нөхцлөөр Европын Холбооны гааль болон нэмүү өртгийн татварын зохицуулалт Умард Ирландад үйлчилсэн хэвээр үлдэхээр болжээ.

Гэтэл Умард Ирландын улс төрийн хүчин DUP (Democratic Unionist Party) нам Жонсоны энэ төлөвлөгөөг дэмжихгүй гэдгээ илэрхийлээд байгаа.

Тус нам Британийн парламентын 650 суудлын 10-ыг л эзэлдэг. Гэхдээ тэдний санал парламентын доод танхимаас дэмжлэг авахад Борис Жонсонд чухал хэрэгцээтэй байдаг.

Тиймээс Жонсонд тулгарах хамгийн эхний асуудал нь DUP намтай хэл амаа ололцох болж байна.

Үүнээс гадна Жонсоны өөрийнх нь консерватив намын гишүүдийн хэд нь “Brexit” гэрээг дэмжих нь тодорхойгүй байгаа юм.

Шотландын Үндэсний Намын тэргүүн Никола Старжен мөн Жонсоны санал болгож буй гэрээг дэмжихгүй гэдгээ мэдэгдээд байгаа.

“Борис Жонсоны гэрээний хувилбар хэрэгжвэл хүнсний стандарт, байгаль орчны хамгаалалт, ажилчдын эрх гээд олон чиглэлд Европын Холбоотой харилцах бидний харилцаа улам муудах төлөвтэй байна. Тиймээс Шотландчууд Brexit-ийг ямар ч хувилбараар дэмжих боломжгүй. Манай парламентын гишүүд санал хураалтад оролцохгүй” гэж тэр мэдэгдээд байна.

Британийн гол сөрөг хүчин болох Лэйборист намын тэргүүн Жереми Корбин бас шинэ гэрээг дэмжихгүй гэдгээ мэдэгджээ. “Бидний мэдэж байгаагаар ерөнхий сайдын гэрээний хувилбар нь парламентаас дэмжлэг аваагүй Тереза Мэйн хувилбараас дордсон байна. Brexit-ийг зөв хэрэгжүүлэх цорын ганц зам нь бүх нийтийн санал хураалт зохион байгуулж, ард түмний эцсийн сонголтыг нь сонсох юм” гэж Корбин мэдэгдээд байна.

Ийнхүү Британичуудын хувь заяа Бямба гарагт болох парламентын чуулганаар шийдэгдэхээр боллоо.

 

Эх сурвалж: AFP