Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Christian Dior газрын зурагт алдаа гаргасандаа Хятадын иргэдээс уучлалт гуйжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Францын тансаг эдлэлийн брэнд Christian Dior-ийг эзэмшигч LVMH компани өнөөдөр өглөө Хятадын иргэдээс уучлал гуйсан утгатай мэдэгдэл гаргажээ.

Саяхан тус компани Хятадын нэг их сургууль дээр оюутнуудад зориулж илтгэл тавихдаа алдаатай газрын зураг үзүүлж, сошиал ертөнцөд хүчтэй шүүмжлүүлсэн юм.

Тэдний үзүүлсэн Хятад улсын газрын зурагт Тайвань арлыг оруулаагүй нь асуудал үүсгэсэн байна.

 

Францын LMVH компанийн Шанхай дахь салбараас Вэйбо хуудсандаа нийтэлсэн мэдэгдэлд “ажилтныхаа гаргасан алдааны мөрөөр шалгаж байгаа”-г мэдэгдээд дахин ийм алдаа давтахгүй гэдгээ амлажээ.

Мөн тус компани “Нэг Хятад зарчмыг хатуу сахиж, Хятад улсын газар нутгийн бүрэн бүтэн байдал, тусгаар тогтнолд хүндэтгэлтэй ханддаг” гээд бүх хятад хүмүүсээс уучлал гуйсан байна.

“Dior бол Хятад орны сайн анд нөхөр бөгөөд бид БНХАУ-ын үүсгэн байгуулагдсаны 70 жилийн ойг 1.4 тэрбум хятад хүмүүстэй хамт тэмдэглэж байна” гэж мэдэгдлийн төгсгөлд өгүүлжээ.

Dior-ын мэдэгдэл өнөөдөр Вэйбо сошиал сүлжээний хамгийн их хандалттай сэдвүүдийн нэг болж, 100 сая орчим удаа уншигдсан байна. Сүүлийн саруудад өрнөдийн Givenchy, Coach, Versace зэрэг хэд хэдэн брэнд үүнтэй ижил төрлийн алдаа гаргасныхаа төлөө Хятадын хэрэглэгчдээсээ уучлал гуйгаад байгаа юм.

 

Эх сурвалж: Reuters