Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Хулгайн хэргээс болж монголчууд Вьетнамын хил дээрээс виз авах зөвшөөрөлд $10 биш, $90 төлөхөөр болжээ

Б.Жаргалмаа, IKON.MN
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Вьетнам улсад зорчих визийг хил дээрээс авахын тулд 10 доллар төлж авдаг байсан хураамжийн үнийг зөвхөн монгол иргэдэд 90 доллар болгон нэмэгдүүлжээ. Учир нь хил дээрээс виз авах зөвшөөрлөөр ирсэн монгол иргэд өнгөрсөн есдүгээр сард удаа дараа хулгай хийсэн тул Вьетнамд ийм шийдвэр гарсан байна. 

Тус улсыг зорих монголчууд гурван төрлөөр виз мэдүүлэх боломжтой бөгөөд 25 долларын хураамжтай байдаг. 

Нэгдүгээрт, Вьетнам улсын элчин сайдын яам, эсвэл консулын газарт  хандан шаардлагатай бичиг баримтаа бүрдүүлээд виз мэдүүлэх боломжтой.

Хоёрдугаарт, Вьетнам улсын цахим виз. Тус улс 2017 онд 30 хоногоос ихгүй хугацаагаар зорчих хүмүүст зориулан нэг удаа зорчих эрх бүхий Вьетнам улсын цахим визийг хэрэгжүүлж эхэлсэн. 

Гуравдугаарт, цахим сайтаар дамжуулан очоод виз даруулах боломж. Үүний тулд аяллын агентлагаар дамжуулан цахимаар хүсэлтээ гаргаад очоод виза даруулах зөвшөөрөл авдаг бөгөөд энэ үйлчилгээний хураамж 10 ам.доллар байжээ. 

Гэвч манай улсын иргэд олон удаагийн хулгайн хэрэг үйлдсэн тул зөвхөн монголчуудад зориулан уг хураамжийг 90 доллар болгон нэмэгдүүлжээ. Энэ талаар иргэн О.Батболд фэйсбүүк хуудастаа нийтэлсэн байв. 

 

Түүнтэй холбогдоход "Би Камбожид урт хугацаагаар амьдардаг. Өмнө нь энэ нөхцөлөөр 10 долларын хураамж нэмж төлөөд хил дээр виз даруулж байсан. Энэ удаа дахин явах гэтэл монголчуудын хураамж 90 доллар болсон талаар аяллын агентлаг мэдэгдсэн. Учрыг нь асуулгатал Вьетнамын Гадаадын иргэн харьяатын албанаас монголчуудын олон удаагийн хулгайн хэрэгтэй холбоотойгоор ийм шийдвэр гаргасан тухай хариу захидал ирснийг үзүүлсэн. Энэ үйлчилгээний гол давуу тал нь ЭСЯ орж цаг үрэхгүйгээр ажлын хоёр өдөрт багтаан зөвшөөрөл авдаг байсан. Харин одоо хураамж 90 доллар болоод зогсохгүй зочид буудлын захиалга, буцах тийз шаарддаг болсон байна" гэлээ.

Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшигээс тодруулахад "Вьетнамын ЭСЯ-наас энэ талаар тодруулахад визийн хураамж 25 доллар хэвээр байгаа. Харин зарим хилийн боомтоор нэвтрэхэд яаралтай виз авахад шаардлагатай хураамж визийн ангиллаасаа хамаараад өөр өөр тарифтай байгаа гэсэн хариу өгсөн" гэсэн юм.

Ийнхүү монгол иргэд богино хугацаанд, чирэгдэл багатай мэдүүлэх боломжтой цахим визийг аяллын агентлагаар дамжуулан авахын тулд нийт 115 ам.доллар төлөх шаардлагатай болж байна.