Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Монголд ирсэн жуулчдын ихэнх нь Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгийг зорьдог"

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Манай улсын хилээр 2019 оны эхний 9 сард давхардсан тоогоор 4.7 сая зорчигч нэвтэрсэн нь өмнөх оны мөн үеэс 104.4 (2.3%) мянгаар өссөн үзүүлэлт болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. 

Жуулчин: байнга оршин суудаг газраасаа өөр газарт албан, хувийн, жуулчлал, дамжин өнгөрөх, бусад зорилгоор 183 хоногоос доош хугацаагаар аялж буй гадаадын иргэдийг хэлнэ.

Түүнчлэн улсын хилээр 2019 оны эхний есдүгээр сард гадаадын 525,600 хүн орсноос 477,900 буюу 90.9% хувь нь аялал жуулчлалын зорилгоор иржээ.

Энэ нь өмнөх оны мөн үеэс 46.2 мянгаар буюу 10.7%-аар өссөн үзүүлэлт болж буй аж. 

График 1. Улсын хилээр орсон, гарсан жуулчид, жил бүрийн эхний 9 сарын байдлаар харьцуулбал

Өмнөх оны мөн үеэс жуулчдын тоо нь өссөн орнуудаас сонирхуулбал:

  1. Вьетнам улсын жуулчид 338 (54.7%)
  2. Хонг Конг (БНХАУ)-ийнх 1,166 (44.0%)
  3. Малайз улсынх 323 (21.9%)
  4. Япон улсынх 3,360 (18.8%)
  5. Өмнөд Солонгос улсынх 14,152 (18.7%) хүнээр өссөн.

Харин жуулчдын тоо нь буурсан улсуудад:

  1. Турк улсынх 837 (36.5%)
  2. Украинийх 176 (14.5%)
  3. Австралийнх 384 (6.0%)
  4. Казахстаных 308 (2.2%) хүнээр тус тус буурчээ.

Энэ оны эхний 9 сард улсын хилээр орсон, гарсан жуулчдын тоогоор БНХАУ, ОХУ, БНСУ тэргүүлж байна. 

Харин манай улсад ирж буй жуулчид аль боомтоор түлхүү орж ирдгийг нь харвал энэ оны эхний 9 сард Замын-Үүдийн боомтоор хамгийн их буюу 37.2 хувь, Шивээ хүрэнгийн боомтоор хамгийн бага буюу 5.5 хувь нь орж иржээ. 

График 2. Боомтоор орж ирсэн жуулчид, энэ оны эхний 9 сараар

График 3. Боомтоор гарсан жуулчид, энэ оны эхний 9 сараар 

Харин манай улсын давхардсан тоогоор 1.8 сая иргэн 2019 оны эхний 9 сард гадаадад зорчсоноос 1.3 (70.4%) сая нь хувийн журмаар зорчсон байна. 

Нэмж сонирхуулахад, манай улсыг зорин ирдэг жуулчдын ихэнх нь Хөвсгөл, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Төв аймгийг зорьдог талаар нийслэлийн Аялал жуучлалын газраас мэдээлэв. 

Гэсэн хэдий ч манай улсыг зорин ирдэг жуулчид байгалийн үзэсгэлэнт ямар газруудаар түлхүү очдог болохыг харуулсан нарийн судалгааг гаргах боломж одоогоор хомс болохыг мөн хэллээ.