Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Питер Пэн - Хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байна

ikon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
 

Питер Пэн мюзиклын санаачлагч, продюсер М.Халиунбат болон ерөнхий найруулагч Э.Мөнхтөртэй удахгүй тоглогдох гэж буй жүжгийн талаар ярилцлаа.


-Питер Пэн хэмээх хүүхдийн мюзиклыг Бродвэй театрын албан ёсны эрхтэй тоглуулах гэж байгаа юм байна. Энэ мюзиклийг тоглуулах санаа сэдэл хаанаас яаж анх төрөв?

 

-Би өөрөө урлагт хайртай. Анзаараад байхад урлаг соёлд ойр өссөн хүүхдүүд их зөв төлөвшил, хүмүүжилтэй болдог санагддаг.

Тийм ч учраас Монголд яг дэлхийн том тайзуудын шаардлага, стандартын дагуу хүүхдэд зориулсан гоё бүтээл хийе гэж зорин, өөрийн үүсгэн байгуулсан Торгоны зам сангаар дамжуулж Бродвэйн Питер Пэн мюзиклийн албан ёсны эрхийг энэ оны эхээр аваад  5 сараас хойш бэлтгэл хийж одоо тайзан дээр тоглогдоход бэлэн болоод байна.

Энэхүү мюзиклээр бид Питер Пэн хэмээх театрын эхлэл тавигдаж байна гэж харж байгаа.

Тийм ч учраас цаашдаа Торгоны зам сан хүүхэд багачуудыг урлагаар дамжуулан соён гэгээрүүлэх ажлаа үргэлжлүүлнэ гэж бодож байгаа.

-Торгоны зам сангийн үндсэн үйл ажиллагааны зорилго, чиглэл юу вэ?

-Торгоны зам сан 2013 онд үүсгэн байгуулагдсан. Үндсэн зорилго нь Монголд чөлөөт нийгмийн үзэл санааг сурталчлах. Энэ зорилгын хүрээнд өнгөрсөн хугацаанд маш олон төсөл хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Тухайлбал, ном, сэтгүүлийн хэвлэл, залууст зориулсан сургалт, семинар, лекц, телевизийн нэвтрүүлэг гээд маш олон зүйлийг хийсэн. Хүмүүсийн сайн мэдэх нэг төсөл маань “Монгол хүн Монголын баялаг” цуврал нэвтрүүлэг байх гэж бодож байна. Залуу хүмүүсийг зорилготой болж, урам зориг авахад түлхэц болсон нэвтрүүлэг болсонд баяртай байдаг, одоо 2-р цуврал хийгдэж байгаа.

Харин энэ мюзиклын хувьд, Питер Пэн хэмээх дүр нь өөрөө эрх чөлөөт, дураараа хөвгүүний тухай сонирхолтой зохиол байгаа тиймээс олон хүүхэд залууст таалагдана гэдэгт итгэлтэй байгаа.

Бид мэргэжлийн хүмүүсийг бэлдэх биш, харин жүжгийн сонгон шалгаруулалтыг нээлттэй зарлаж 150 гаруй хүүхдээс авьяаслаг 50 хүүхдийг сонгож мэргэжлийн найруулагч хийгээд багш нар 5 сарын хугацаанд бэлдсэн нь бас энэ мюзиклын нэг онцлог гэж бодож байна.

Өөрөөр хэлбэл, хүсвэл хүн бүхэнд боломж байдаг гэдгийг харуулахыг зорьсон. Дараа дараагийн уран бүтээлд маань олон хүүхэд хүч сорих урам зориг авна гэж бодож байна.

-Хүүхдүүдийн бэлтгэл ямар байна гэж та дүгнэж байгаа вэ, Таны бодож төсөөлж байсан үр дүнд хүрсэн үү?

-Анх сонгон шалгаруулалтаас хойш өдийг хүртэл хүүхдүүд их хөгжсөн. Энэ нь мэргэжлийн багш нартай ажилласны үр дүн байх. Бэлтгэл дээр хүүхдүүдийг үзээд, тэд нарын өсөн дэвжиж, өөрчлөгдсөнийг харах сайхан байдаг. Монгол хүүхдүүд их авьяастай юм билээ. Манай мюзиклийн жүжигчдээс олон хүүхэд урлагийн зам хөөх байх гэж бодож байна. Дуулж, бүжиглэхээс гадна хүүхдүүд маань багаар ажиллах, хүнээс үг сонсох, хариуцлагатай байх зэрэг цаашид амьдралд нь хэрэг болох олон ур чадварт суралцсан.

-Хүүхдийн мюзиклын  ерөнхий найруулагчаар ажилласан сэтгэгдлээ хуваалцаач.

 

-Хүүхдүүдтэй ажиллах үнэхээр гоё байна.Хүүхдүүд өдөр болгон сайжирч, хийж байгаа жүжиг, тоглож байгаа дүрээ улам илүү ойлгож тоглож байгааг харах урамтай байна. Бас хүүхэд амархан баярлаж амархан гомддог болохоор тоглолт ойртох тусам хүүхдүүдтэйгээ адилхан догдолж сандарч байна даа. Найруулагчийн зүгээс үзэгч хүүхдүүдэд жүжгээ бүрэн сайн ойлгуулж, үйл явдалдаа автуулахыг хичээж ажиллаж байна. Мюзикл нь бүхэлдээ хөгжим дээр суурилдаг болохоор дуу бүжгүүдээ сайн сурах, бусад чимэглэл хөгжмүүдийг ч гэсэн цээжилж хөгжимтэйгээ хамтран тоглох шаардлага гардаг.Ийм төрлийн жүжиг нь тоглох уран бүтээлчээсээ дуулах, бүжиглэх, ярих уран чадвараас гадна хөгжмийн өндөр сонсгол, мэдрэмж шаарддаг. Питэр Пэн жүжигт тоглох хүүхдүүдийг сонгон шалгаруулалтаар авсан болохоор Нийслэлийн олон сургуулиудын авьяаслаг сурагчид цугласан байгаа.

-Мюзиклын баг бүрэлдэхүүний тухай

-"Питэр Пэн" хүүхдийн мюзикл жүжигт ерөнхий найруулагчаар миний бие, мөн найруулагч Б.Чинзориг, хөгжмийн найруулагч М.Болд, дууны найруулагч Ш.Мөнхбаяр, бүжиг дэглээч Р.Ариунтунгалаг, ерөнхий зураач Д.Лхагвадоржийн удирдсан тайзны зураач, мужааны баг, хувцасны зураач дизайнер Б.Нинжинзаяа, Ч.Ууганбаяр болон оёдол эсгүүрийн салон гээд олон хүн ажиллаж байна. Мөн Нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн 5-р сургууль, Нарлаг зуслан, Хүүхдийн урлан бүтээх төв, Нийслэлийн Улаанбаатар чуулга, " Монгол циркус", "Плэй", “White arch” студи зэрэг олон байгууллага, уран бүтээлчид хамтран ажиллаж байна.

-Хүүхдүүдтэй ажиллахад хүндрэлтэй зүйлс юу байв?

-Мэдээж мэргэжлийн уран бүтээлчид биш болохоор тайзны ёс зүй, өөрийгөө илэрхийлэх аргууд, дуулах, бүжиглэх гээд эхнээс нь заасан. Хүндрэл гэхээс илүүтэй хүүхдүүдийн сурч мэдье, тайзан дээр жүжигт тоглож үзье гэсэн хүсэл нүднээс нь харагдаж байгаа болохоор энэ жүжгийн бэлтгэл үргэлж л хөгжилтэй, урам зоригтой явагддаг даа

-Жүжиг маань хаана хэзээ тоглогдох билээ?

-Жүжиг 10 дугаар сарын 24,25,26,29-ны 16,19 цагуудаас Нийслэлийн Улаанбаатар чуулгад тоглогдоно. Хүүхэд гэлтгүй томчууд бид ч үзэх контент муутай болсон энэ цаг үед гэр бүлээрээ үзэж Мөрөөдлийн арлаас ирсэн нисдэг хөвгүүн Питерийн гайхамшигт түүхтэй танилцаарай гэж хүүхдүүд болон эцэг эхчүүдийг уриалж байна.