Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Мөрөн: Зам гүүрийн ажил хийхээр ирсэн хятадууд махны үйлдвэрт ажиллаж байгаа зөрчил гарсан

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Гадаадын иргэн, харьяатын газраас 976 аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж буй 36 улсын 10,292 иргэний бичиг баримтад шалгалт хийжээ.

Урьсан иргэнээ бүртгүүлдэггүй, визний хугацаа хэтрүүлдэг, төрийн байгууллагад ханддаггүй зөрчлүүд илэрсэн.

Илэрсэн зөрчлүүдэд дараах арга хэмжээг авсан байна.

  • Урьсан иргэнээ хугацаанд нь бүртгүүлээгүй 117 аж ахуйн нэгжийн 216 хүнд, 
  • Оршин суух зөвшөөрлийн хугацаа хэтрүүлсэн 820 уригч байгууллагын 2,159 хүнд, 
  • Визийн хугацаа хэтрүүлсэн 74 уригч байгууллагын 253 хүнд буюу нийт 1,111 уригч байгууллагын 2,628 иргэнд Зөрчлийн хуулийн дагуу 1,032,270,000 /Нэг тэрбум, гучин хоёр сая, хоёр зуун далан мянга/ төгрөгийн торгууль ногдуулж, 22 улсын 372 иргэнийг албадан гаргасан байна.

Албадан гаргасан иргэний дийлэнх нь зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэгчид аж. Мөн ирсэн зорилгоосоо өөр үйл ажиллагаа эрхэлж байсан байна. Тухайлбал, аялахаар юиз мэдүүлсэн ч хөдөлмөр эрхлэх тохиолдол их байгаа тухай албаныхан мэдээллээ.

Энэ талаар ГИХГ-ын дарга Д.Мөрөн "30 хоногийн дотор зорчих ангиллын визээр нэвтэрсэн хүмүүс зөвшөөрөлгүй хөдөлмөр эрхлэх зөрчил их гаргаж байна. Энэ төрлийн визийг голдуу Эрээний консул, Хөх хотын консул өгч байгаа. Үүнийг Засгийн газарт танилцуулсан бөгөөд виз олголтыг шалгах Ажлын хэсгийг байгуулсан. Арваннэгдүгээр сарын 20-ны дотор шалгаж, гарсан үр дүнг нь Засгийн газарт танилцуулах үүрэг өгсөн. 

Мөн өөрийн квотоор оруулж ирсэн хүнээ өөр байгууллагад ажиллуулах асуудал их ажиглагдаж байна. Тухайлбал, зам гүүр барих зөвшөөрлөөр орж ирсэн хэр нь махны үйлдвэрт ажиллаж байгаа тохиолдол гарсан. Өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүд квотоо зарах тохиолдол гарч байгаа" гэв.