Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

"Саарал жагсаалтад орвол төсвийн сахилга бат сайжрах эерэг талтай"

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг
http://www.criterion-quarterly.com/pakistan-fatf-evolving-grey-white-listing/

Монгол Улс ФАТФ-ын Саарал жагсаалтад орсон гэх мэдээллийг УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Парис хотноо үргэлжилж буй ФАТФ-ын хурлаас албан ёсны мэдээлэл гаргаагүй байгаа ч С.Эрдэнэ гишүүн дээрх мэдээллийг хувийн шугамаар олж авсан гэдгээ хэлсэн юм. 

Тэгвэл Монгол Улсыг Саарал жагсаалтад оруулсан тохиолдолд эдийн засагт ямар нөлөө үзүүлэх, энэ байдлаас хэрхэн гарах вэ гэдгийг УИХ-ын зарим гишүүнээс тодрууллаа. 

Б.Жавхлан: ФАТФ-ын шийдвэрийн араас залгуулаад эдийн засгийн хориг арга хэмжээ авагддаг зүйл огт байхгүй 

 

Энэ удаагийн хурлаар Монголын асуудлыг тусад нь авч хэлэлцэхгүй. Урьд нь яригдсан хэлэлцээрүүдийг баталгаажуулж ФАТФ-ын хурал дээр эцсийн байдлаар шийдвэр гаргаж түүнийгээ зарлана. Урьдчилсан мэдээллээр Саарал жагсаалтад орох магадлал өндөр байна. 

Утаа гэхээр буруу тал руу нь мушгин гуйвуулж, чирж унагах гээд байдаг. Үүнтэй адил Саарал жагсаалтын асуудлыг ч мөн их улс төржүүлж байна. Энэ нь  их аюултай. 2011-2014 онд Монгол Улс саарал жагсаалтад орж л байсан. Тэгэхэд манай эдийн засаг ч мэдрээгүй, хүмүүс ч мэдэлгүй өнгөрсөн. Харин энэ удаагийнх цаг хугацааны хувьд сонгууль ойртсон үедтэй давхцсан нь улс төрийн сэдэв болгох нөхцөл бүрдүүлчихлээ.

Саарал жагсаалтад орсноор эдийн засагт хүндрэл үүснэ гээд яриад байвал ард иргэдийн эдийн засгийн харилцаанд орж буй бүх талын хүлээлт унаад улам хүндэрч мэднэ. Тэгэхээр үнэн зөв мэдээлэл өгөх хэрэгтэй. ФАТФ-аас шийдвэр гарахаар  вэб сайт дээрээ хяналтын жагсаалт гээд хэдэн улсыг л жагсаасан байдаг. Түүнээс эдгээр улсуудад ийм хугацаанд дэлхийн нийтээрээ эдийн засгийн хориг арга хэмжээ авна гэж бичдэггүй. 

ФАТФ-аас манай улсын тухайд Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль, Мөнгө угаалттай холбоотой гэмт хэргүүд гарсаар байтал хариуцлага хүлээх шийдвэр оногдуулаагүй, Банкнаас гадна хяналтгүй мөнгөн урсгалууд их байна гэдэг дүн гаргасан. Хяналтгүй их хэмжээний мөнгөн урсгал байгаа нь мөнгө угаалт байж болзошгүй учраас үүнийгээ хянах хэрэгтэй. Ялангуяа санхүүгийн зохицуулах хороо ажиллах хэрэгтэй гэсэн асуудлыг тавьсан байна. Тэгэхээр энэ асуудлаа л шийдэх хэрэгтэй.

Энэ чинь эдийн засгийн доройтолд орохоор хүнд асуудлууд биш байгаа биз дээ. Хууль эрх зүйн хувьд л засаж, сайжруулах шаардлага бий. Тиймээс бүх нийтээрээ дагаж хямраад байх шаардлага байхгүй.  

Саарал жагсаалтаас богино хугацаанд гарахын тулд Засгийн газар, УИХ, Төв банк, Санхүүгийн зохицуулах хороо гэсэн байгууллагууд ажлаа хуваарилаж аваад ажиллах хэрэгтэй. ФАТФ-ын шийдвэрийн араас залгуулаад эдийн засгийн хориг арга хэмжээнүүд авагддаг зүйл огт байхгүй. Саарал жагсаалтаас шалтгаалаад бүх эдийн засгийн харилцаа зогсож, хөрөнгө оруулалтыг хаахгүй. 

Н.Баттөмөр: Авлига авсан хүмүүсийг шийтгэх хэрэгтэй, нэг ч хүн шийтгүүлээгүй байна

 

ФАТФ-аас манай улсад тавьж буй шаардлага зөв. Саарал жагсаалтад орсноор Монголоос гарч байгаа бүх санхүүжилт хянагдана. Нөгөө талдаа төсвийн сахилга баттай болох эерэг талтай. Манайхан шиг сахилга бат султай улсуудад эерэг гэж хэлж болохуйц нөлөөтэй юм.

Манай улс Хойд Солонгосоос ажиллах хүч авдаг. Хойд Солонгостой эдийн засгийн харилцаанд ордог учраас Саарал жагсаалтад оруулсан гэх мэдээлэл байгаа. Үнэндээ энд ажиллаж байгаа Хойд Солонгосын иргэд 300 орчим ам.долларын л цалин авдаг. Үүнийхээ 100-г авч үлдээд бусдыг нь Хойд Солонгос руугаа явуулдаг гэдэг. Гэвч явуулж байгаа 200 ам.доллар нь цөмийн зэвсэг санхүүжүүлээд байх мөнгө биш шүү дээ. 

Бид хувийн сахилга батаа сайжруулах шаардлагатай байна. Авлига авсан хүмүүсийг шийтгэх хэрэгтэй, нэг ч хүн шийтгүүлээгүй байна. Авлига, мөнгө угаасан гэмт хэрэгт холбогдсон нэг ч хүний асуудал шийдээгүй. Арилжааны банкуудыг дүрмийн сангаа нэм гэж байгаа юм. Энэ бол Монгол Улсын эдийн засагт хэрэгтэй.

Зээлийн хүү өндөр байгаа шалтгаан нь олгож байгаа арван төгрөг тутамын ес нь хадгаламж байгаатай холбоотой. Биенээсээ өрсөөд их хүү тавьдаг. Тэгэхээр банкуудыг дүрмийн сангаа нэмж, олон нийтийн болго гэсэн санааг илэрхийлээд байгаа юм. Монголын эдийн засаг 5-6 хүний нуруун дээр тогтож байна. Эдийн засаг эмзэг, буруу шийдвэрүүдээ зогсоо л гэж байгаа юм.

Арилжааны банкууд хувьцаагаа худалдаж, зээлийн эх үүсвэрээ тодорхой болгож, дүрмийн сангаа нэмэх хэрэгтэй” гэлээ.